Трэш метал
Трэш метал (эсвэл зүгээр л Трэш) нь хүнд металл хөгжмийн нэгэн дэд төрөл бөгөөд ерөнхийдөө түрэмгий, ихэвчлэн хурдан хэмнэлтэй байдаг. Дууны үгийн сэдэв нь ихэвчлэн The Establishment-ыг шүүмжилсэн, зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцсэн, заримдаа Христийн шашныг, хар металын сэдэвтэй адил буруушаадаг.
1980-аад оны эхээр метал хөгжимчид Британийн шинэ урсгалын хүнд металын (NWOBHM) контрбасс бөмбөр болон гитарын нарийн төвөгтэй загваруудыг хардкор панкийн хурдтай хослуулж эхэлснээр энэ төрөл үүссэн. Философийн хувьд Трэш метал нь Роналд Рейганы эрин үеийн консерватизм болон 1980-аад онд тухайн үед хамт нэгэн зэрэг хөгжиж байсан поп хөгжмийн нөлөө шингэсэн глам металын аль алиных нь эсрэг урсгал болон хөгжсөн.
Эрт үеийн Трэш метал урсгал нь Megaforce, Metal Blade, Combat, Roadrunner, Noise зэрэг бие даасан студи болон Европ, Хойд Америкийн нууц соронзон туузны худалдааны салбарыг тойрон эргэлдэж байв. Энэ төрөл нь 1980-аад оны дунд үеэс сүүлч, 1990-ээд оны эхэн үеээс амжилттай болж эхэлсэн бөгөөд Трэш металын "Их дөрөв" (Metallica, Slayer, Megadeth, Anthrax) зэрэг хамтлагууд нь өнөө үед ч маш алдартай хэвээр байна. Мөн Германы Трэш металын "Их дөрөв" (Kreator, Destruction, Sodom, Tankard) нь энэ төрөл жанрыг хөгжүүлэхэд, түгээн дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Альтернатив рок, Гранж, дараа нь Ну Метал гэх мэт олон төрлийн шинэ Рок, Метал урсгалууд хүчээ авч эхэлснээр 1990-ээд оны дунд үеэс Трэш металын алдар нэр нь буурчээ. Энэ хугацаанд зарим хамтлагууд нь тарж, эсвэл тухайн хамтлагууд Трэш металаас холдож, Гроови метал эсвэл Альтернатив метал зэрэг урсгал руу аажмаар шилжсэн. 2000-2010 оны үеээс "Bоnded by Blood", "Evil", "Hatchet", "Havok", "Munipal Waste", "Warbringer" зэрэг орчин үеийн хамтлагууд гарч ирснээр Трэш метал дахин алдаршиж эхэлжээ.