Тостын Бумбаа (1909 онд төрж-1982 онд нас барсан) нь 1961 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн, тэмээчин эмэгтэй юм.

Т.Бумбаа 1909 онд Ховд аймгийн нутагт ядуу малчин эмэгтэй Тостын хоёрдугаар охин болон төрсөн. Бага насандаа эхийн хамт зургуулаа амьдарч байгаад Жа лам буюу Дамбийжанцанд баригдаж хонь малыг нь маллаж байжээ. Түүнийг хөнөөгдсөний дараа одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Ээж хайрхан уулын орчимд, мөн Дамбийжанцангаас олгож гарсан Гунгаа гэдэг айлд зарагдаж байгаад ээж Тост нь одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт ирсэн хойноо буцан очиж охиноо авчран Нарованчин гэгээний шавь болон суужээ.

Бага залуудаа нутгийн ардын тэмээг маллаж байгаад Шилүүстэй сумын нутаг Цагаан тохой гэдэг газар малчин ард Дэжидийн Буян-Өлзийтэй гэр бүл болж хүний малыг маллах, нэхий сур элдэх, аян жинд явах зэргээр амьдарч, зургаан хүүхдийг төрүүлэн өсгөж хүмүүжүүлжээ. Буян-Өлзий, Бумбаа нар нь багаасаа малч хичээнгүй, ажилсаг хүмүүс байсан юм. 1955 онд Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдэлд элсэн орж, төллөх 45 ингэнээс 45 ботго бойжуулж, дараа жилээс нь 45-50 ингэ төллүүлэн жил бүр 100%-иар төл бойжуулж, хорогдолгүй өсгөсөн төдийгүй тэмээ маллах хугацаандаа ноосны төлөвлөгөөг 102-110 хувь давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир нутаг усандаа гайхагдаж төр засгаас үнэлэгдэж эхэлсэн юм. Үүнээс хойш тасралтгүй тэмээ малласаар 1966 онд нас өндөр болж тэмээгээ хүлээлгэн өгч тооцоо хийхэд зөвхөн бойжуулсан ботго нь 500 гаруй тэмээ болсон байв. Бага залуу насандаа харгис Дамбийжаагийн зарц боол болж зүдэрч явсан ч 1922 онд Дамбийжаа хөнөөгдсөнөөр одоогийн Шилүүстэй нутагтаа ирж мал маллан ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр алдарт малчин болсон байна.

Т.Бумбаа баатрын тэмээ маллагааны давуу тал ашиг тусаа өгч сумын тэмээн сүргийн бүтцэд жижиг тэмээ олширч сүргийн бүтэц мэдэгдэхүйц сайжирсан билээ. Хангай нутгийн нөхцөлд тэмээний маллагаа арчилгаа, ботго бойжуулах талаар үлэмж арга туршлага хуримтлуулсны зэрэгцээ ажил үйлсээрээ нутаг усандаа төдийгүй улс орон даяар гайхагдаж байсны дээр өөрийн үр хүүхдүүд болон олон арван залуучуудыг халамжлан хүмүүжүүлж мал маллагааныхаа арга туршлагыг харамгүй зааж сургасан ачтан юм. Тэмээгээ өгснөөс хойш нэгдэлдээ цөөн тооны төллөх бог мал маллаж байгаад 1982 онд 73 насандаа насан эцэслэжээ. Тэрээр Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хурал, Нэгдэлчдийн дөрвөн удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож

Гавьяа шагнал

засварлах
  • 1960 онд нэгдэлчдийн II их хуралд депутатаар сонгогдож Сүхбаатарын одонгоор шагнуулж
  • 1961 онд Завхан аймагт болсон "Мал маллах сайхан" улсын зөвлөгөөнд оролцож БНМАУ-ын "Хөдөлмөрийн баатар" /1961-03-16. №82/
  • Сүхбаатарын одонгоор хоёр удаа, бусад олон одон медалиудаар удаа дараа шагнагдаж байсан алдарт малчин билээ.