Техникийн нөхөн сэргээлт
Уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын эхлэл нь техникийн нөхөн сэргээлт юм. Олборлолтын дараа чөлөөлөгдсөн орон зайг цаашид аж ахуйн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашиглах, экосистемийг тогтворжуулахын тулд техникийн нөхөн сэргээлт зайлшгүй хийгдэх ёстой.
Техникийн нөхөн сэргээлт нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
• Биологийн нөхөн сэргээлт хийх талбайг уулын чулуулаг, ашиглалтаас гарсан үйлдвэрлэлийн байгууламжуудаас чөлөөлөх
• Хөрс хуулалт, олборлолтын явцад эвдэрсэн газрын гадаргууг сийрүүлэн тэгшлэх, овоолгын налуу гадаргууг стандартад заасны дагуу хэлбэршүүлж, тогтворжуулах, хана мөргөцгийг налуулах, овоолгын оройг намсгах
• Олборлолтын үйл ажиллагаанаас шалтгаалан чиглэлийг нь өөрчилсөн гол горхины гольдролын чиглэлийг буцааж урсгалд нь оуулах
• Уурхайн зориулалтаар хийсэн хаалт, далан, шороон овоолгын хэрэггүйг нь тэгшилж засах замаар устгах, хэрэгтэйг нь үргэлжлүүлэн ашиглах, усжуулалтын сүлжээ болон бусад төрлийн гидротехникийн байгууламжуудыг нөхөн сэргээх
• Тэгшилж хэлбэржүүлсэн талбайг суурь хөрс болон шимт хөрсөөр хучих
• Нөхөн сэргээлтэд хамрагдаж буй газрын хөрсний өнгөн давхаргыг бүрэлдүүлэх зорилгоор урьдчилан хуулсан үржил шимт хөрсний физик-химийн шинж чанарыг сайжруулахад чиглэгдсэн хөрс сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Уурхайн ухаш ордыг нээхтэй холбоотой үүссэн овоолго, түүний хажууг тэгшлэх, хөрсөөр хучих, уурхайн далан хаалтуудыг нээх, тэгшлэх ажлуудыг уурхай уулын хүнд машин механизмуудыг ашиглан гүйцэтгэнэ. Дээрх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсний үр дүнд эвдрэлд орсон газрын төрх сэргэх ба гадаргын усны урсац хэвийн гольдролд орж, ургамалжуулах ажлын бэлтгэл хангагдана.
Иймд уул уурхайн ашиглалтын болон байгаль орчны инженерүүд нягт хамтарч багаар ажиллах шаардлагатай.