Тасгийн байлдаан

Тасгийн байлдаан нь салааны байлдааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тасгийн орон тооны болон хүч нэмэгдүүлсэн хэрэгсэл, тасгийн байлдааны ажиллагааг дэмжиж байгаа хэрэгслийн зорилго, үүрэг, байр, цаг хугацаагаар нь уялдуулан зохицуулсан гал, атак, маневр, хууран мэхлэх ба аюулгүй байдлаа хангах ажиллагааны нэгдэл юм. Тасгийн байлдаан нь зэргэлдээх тасгуудын байлдаантай салааны захирагчийн бодлогоор зохицуулагдсан харилцан ажиллагаатай байна. Мотобуудлагын тасаг нь журам мэт салааны бүрэлдэхүүнд, түүний тулгуурт байрны төвд буюу хажуу жигүүрт байр эзлэн хориглоно. Заримдаа тасаг нь ротын захирагчийн резервт үлдэж, тусгайлан авсан үүрэг биелүүлэхээс гадна танк, их бууны салбарт хавсрагдаж болно. Тасгийн хориглох байлдааны зорилго нь дайсны давуу хүчний давшилтыг таслах буюу няцаах, түүнд үлэмж хохирол учруулах, газар орны чухал район (байр, зааг, объект)-ыг тогтвортой хамгаалж, шийдэмгий давшилт (байлдааны дараагийн ажиллагаа)-д шилжих таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Хориглолтонд тасгийн байлдааны журам нь гинж, ЯЦБМ, хүч нэмэгдүүлсэн хэрэгслээс бүрдэх бөгөөд галын хоёр бүлэгт хуваагдана. Тасгийн хориглолтын байрын фронтын өргөн нь үндсэн зэвсгийн ашигтай тусгалын хэмжээ хүртэл байж болох бөгөөд энэ нь тасгийн хориглолтын байрын нэг жигүүрээс нөгөө жигүүрээ галаар дэмжих боломжийг хангаж өгөхөөр тооцоотой байна. Тасгийн байранд тасгийн захирагч, автоматчид, пулемётчин, гранатомётчин нь дайснаас нууцаар, үндсэн ба хэд хэдэн бэлтгэл (түр) нуувчийг эзлэн байрлана. Тасгийн байрны фронтын өмнө тал, хажуу жигүүрийн бүх дөхөц газар галаар халхлагдсан байх ёстой. Байгалийн болон инженерийн саадуудыг сайн харагдах, галаар халхлаж буудахад бололцоотой газар сонгон авах буюу байгуулна. Тасаг нь аюул учирсан чиглэлд маневрлах, шөнө бусад хязгаартай үзэгдэх нөхцөлд гал явуулахад бэлэн байх үүрэгтэй. ЯЦБМ (ХТ)-ы галт байрыг тасгийн байрны төв дунд буюу хажуу жигүүрийн чигт, гол төлөв, тасгийн гинжний ар талд, түүний галын үл сөнөөгдөх бүсийн радиусаас ихгүй зайнд сонгон авна. Энэ нь ЯЦБМ (ХТ)-ы галаар өөрийн цэргийг хөнөөх аюулыг зайлуулна. ЯЦБМ (ХТ)-ы нь галаараа тасгийн фронтын өмнө болон хажуу жигүүрийн бүх орон зайд дайсныг хөнөөх боломжтой байх ёстой.