Тарваган хайлс 15 метр хүртэл өндөр ургадаг модлог ургамал юм. Түүний гол иш зарим үед маш их мушгирсан байх бөгөөд гадуураа үнсэн саарал өнгийн зузаан хальстай.

Холтос нь ишийн уртын чиглэлд эгц, ташуу янз бүрийн гүнзгий хагарсан байна. Харин залуу мөчиртөө тийм зузаан холтосгүй, түүний оронд нимгэн шар өнгийн холтос байна. Иш нь дундаасаа дээш маш их салаалсан учраас их саглагар харагдана. Хайлсны гол тэргүүн их бүдүүрч заримдаа 1 метр хүртэл голчтой тохиолдоно. Хар ногоон өнгөтэй, жижиг юлд хэлбэртэй, арьсархаг энгийн навчнуудтай. Навчны илтсүүд ишийн дэр дараалан сууна. Илтсийн зах давхар хөрөөлөг шүдлэгүүдтэй. Дундаа үрээ байрлуулсан дугуй хэлбэртэй нимгэн цагаан далавч бүхий жимстэй байна.

Хайлс хавар эрт (4-р сарын сүүлч 5-р сарын эхээр) цэцэглэж жимсээ мөн эрт (5-р сарын сүүл, 6-р сарын эхээр) салхиар тараана. Хайлсны үр ургах чадвараа удаан хадгалахгүй бөгөөд хэрэв түүнийг тариалах бол үр боловсруулсан үед даруй цуглуулан авч тарих хэрэгтэй.

Ургах орчин хөрсний доорх устай холбоотой. Ус ойр байх хөрсөнд ургана. Голын ойролцоо чулуутай дэнж, хаялгаас салбарлаж гарсан түр урсгал бүхий богино сайр, уулын энгэрийн жалга зэрэг газраар төдий л том төгөл үүсгэн ургахгүй авч ганц нэгээр ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 113]

Гадаад холбоос засварлах