Тангудын эсрэг цэргийн тагнуул
Чингис хаан Тангудтай амжилттай байлдахын тулд түүнтэй хил залган амьдарч, дотоод амьдрал байдлыг нь сайн мэдэх болсон хэрэйд, найман нар болон Дундад Азийн худалдаачдыг ашиглан Тангадын дотоод байдал, цэргийн хүчин чадлыг байнга тагнан судалж мэддэг байсан байна. Алтан улсыг байлдаж эзлэхийн өмнө Чингис хааны цөөн тооны цэрэг Тангадын нутагт хэд хэдэн удаа цөмрөн орж байжээ. Юань улсын сударт тэдгээр цөмрөлтийг “ Зөвхөн айлган сүрдүүлсэн чанартай дээрэм тонуул хийсэн төдий дайн” гэж тэмдэглэсэн боловч биднийхээр тэдгээр нь Тангадын цэргийн байлдах арга ухааныг нарийвчлан тагнан судлах зорилготой цэрэг, тагнуулын ажиллагаа байсан гэж үзэх үндэстэй юм. Тагнуулын ажиллагаа явуулах нэг зорилго нь эсрэг талтайгаа байлдахад шаардлагатай мэдээ, баримт сэлт олоход оршдог. Чингис хаан тийм мэдээ баримт олох зорилгоор цэргийн ажиллагаа явуулдаг байсан нь тэр үеийн Монголын тагнуулын арга ажиллагаанд түүний оруулсан хувь нэмэр гэж үзэж болно. Чингис хаан нь Тангадын тухай шинэ соргог мэдээг түүний сайн мэдэх Хэрэйд, Найманы зөвлөх, лалын худалдаачдаас мөн олж цуглуулан ашигладаг байсныг олон эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Чингис хаан тийнхүү Тангадын тухай тагнуулын мэдээг янз бүрийн эх сурвалж, аргаар олж чадварлаг ашигласнаар Тангадыг эзлэх дайныг амжилттай явуулж, ялалт байгуулсан байна.