Таван хошуу мал

Таван хошуу мал гэдэг нь монголчуудын эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг бүхэлд нь ерөнхийлөн өгсөн нэршил.

Усалгаанд орж буй адуун сүрэг
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бэлчих хэдэн үхэр
Голын наана сарлаг, цаагуур хонь, ямаан сүрэг харагдана
Наадмаар морины уралдаанд оролцохоор гараа руу явж буй хүүхдүүд
Хонгорын элсний бэлд буй тэмээн сүрэг

Эртнээс нааш Монгол түмний гол амин зуулга нь мал аж ахуй болж ирсний хувьд монгол зон олон таван хошуу малаа их дээдэлдэг бөгөөд таван хошуу малыг нийтэд нь мөн таван эрдэнэ хэмээн хэлдэг.

Адуу, үхэр, тэмээ мэт том биетэй малыг бод мал гэх бөгөөд жижиг биетэй хонь, ямааг бог мал гэнэ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны туршлага, олон мянган зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм. Монгол үүлдрийн мал нь олон мянган жилийн турш жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн уламжлалтай билээ.

Тэдгээрийн онцлог,Чухал шинж чанарыг дурдвал:

Адуу засварлах

Манай улсын мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 10%, махны 10.4% буюу 34.5 мянган тонн, сүүний 7.0% буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна. Нас гүйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан үедээ 400 гаруй кг жин татдаг. Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагүй тосны хүчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй.

Гүүний хоногийн саам зуны улиралд 7.5 литр. Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг үйлдвэрлэдэг зэрэг нь хүний эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэснээс үйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж 2.7 мянган тонн мах экспортолдог байна. Монгол улс 3.0 сая орчим адуутай бөгөөд түүний дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимийн онцлог ялгаатай Тэс, Дархад, Галшар омгийн адуу нь тахийн удамтай хэмээн хүмүүс ярилцдаг.

Адууны нас засварлах

унага - нэг настай

даага - хоёр настай

үрээ - гурван настай (эр)

байдас - гурван настай (эм)

хязаалан - дөрвөн настай

соёолон - таван настай

хавчиг соёлон - зургаан настай

гүйцмэл - долоон настай

их нас- долоогоос дээш настай

гэх мэтчилэн нэрлэдэг билээ.

Үхэр засварлах

Манай орны байгаль, газар зүй, экологийн нөхцлөөс хамааран үхрийн тархалт өндөр уулын бүсэд 27.6, ойт хээрийн бүсэд 25.2, тал хээрийн бүсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бүсэд 12.5, говийн бүсэд 5 хувийг эзлэн үржүүлж байна. Монгол үүлдрийн үхэр нь толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, дагз сэртэнгүй байгаа нь хамгийн онцлог шинж юм. Монгол үхэр улаан зүс зонхилж харин хар бидэртэй хүрэн ягаан, ухаа зүсүүд голчлон зонхилно. Монгол үүлдрийн үнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой 750-800 л сүү өгөх боломжтой. Сүүлийн жилүүдэд 66.9-113.6 мян.тн үхрийн мах бэлтгэж байгаа бөгөөд жилд 12.9-14.0 мян.тн үхрийн мах экспортлодог. Манай улс 3.4 сая үхэртэй бөгөөд нутгийн монгол үхрээс гадна Дорнод талын махны хэвшлийн болон Сэлэнгэ үүлдрийн үхэр, Сарлаг, Хайнаг үржүүлж байна. Түүнчлэн гадаадаас импортоор авчирч үржүүлж байгаа сүүний чиглэлийн Хар тарлан, Талын улаан хосолмол ашиг шимт Алатау, Симментал зэрэг үхэр сүрэг бий. Мөн сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн сүүний болон махны чиглэлийн арвин ашиг шимт үүлдрийн үхрүүдийг гаднаас авчирч байна.

Хонь засварлах

Монгол хонь богино өөхөн сүүлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан үс оролцсон холимог ширүүн ноостой юм. Монгол хонины үндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сүүний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хүчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна. Одоо манай улс 23.2 сая хоньтой бөгөөд бүдүүн, бүдүүвтэр ноост өөхөн сүүлт Монгол, Байдраг, Баяд, Говь-Алтай, Үзэмчин, Сартуул, Барга үүлдэр, Дархад, Сутай" омог, Хотонт Тамир" үүлдрийн хэсэг, ууцан сүүлт "Керей" үүлдэр, "Торгууд" үүлдрийн хэсэг", Алтанбулаг" үржлийн хэсэг, нарийн нарийвтар ноост “Хангай”, “Орхон”,. “Талын нутгийн цагаан" үүлдэр, "Ерөө" үүлдрийн хэсэг, "Жаргалант" үржлийн үржлийн хэсэг, буржгар арьсны чиглэлийн “Сүмбэр”үүлдрийн хонинуудыг үржүүлдэг.

Ямаа засварлах

Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар бүдүүн ухна 55-58, эм ямаа 37-41, шүдлэн ухна 35-38, охин шүдлэн 29-31 кг жин дардаг бөгөөд ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 л сүү өгөх бөгөөд үүнээс таваарын зориулалтаар 20-30 л сүү сааж ашиглах бололцоотой, сүүний хуурай бодис дунджаар 15.44,нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг. Манай улс одоо 22.0 сая ямаатай бөгөөд Монгол үүлдрийн ямаанас гадна Говь гурван сайхан, Уулын бор үүлдэр, Алтайн улаан үүлдрийн хэсэг Өнжүүл үүлдрийн хэсэг, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, Буурал, Өлгийн улаан зэрэг омгийн ямааг үржүүлж байна.

Тэмээ засварлах

Манай эриний өмнөх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байсан бөгөөд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна. Монгол тэмээний онцлог нь говийн бүсэд бусад төрлийн малаас авдаг ноос, мах, сүү, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа төлөөлөн өгч чаддагт оршино. Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бүсэд улсын бүх тэмээний 70 шахам хувь нь байршсан байдаг. Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хүрч байсан бол 2014 оны эцсийн байдлаар 350.0 мянга байна. Монгол үүлдрийн тэмээний дотор аж ахуй биологийн онцлог ялгаа бүхий Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омог болон “Төхөм тунгалаг” үржлийн хэсгийн тэмээ бий.

Таван төл засварлах

Монголчууд таван хошуу малыг эх мал, эцэг мал, төл мал зэргээр нь өөр өөр нэрлэдэг.

Мөн тухайн мал болон наснаас хамаарч өөр өөрөөр ч нэрлэдэг. Жишээ нь адууг гэхэд:

Таван хошуу малын төлийн нэрс:

Нэр Эцэг мал Эх мал Төл
1 Адуу Азарга Гүү Унага
2 Тэмээ Буур Ингэ Ботго
3 Үхэр Бух Үнээ Тугал
4 Хонь Хуц Эм хонь Хурга
5 Ямаа Ухна Эм ямаа Ишиг