Сүрэнгийн Соронзонболд

Сүрэнгийн Соронзонболд (1958-2023) нь Монголын хөгжмийн зохиолч.

Хөгжмийн зохиолч Сүрэнгийн Соронзонболд 1958 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлжээ. Тэрээр 1976 онд Улаанбаатар хотод бүрэн дунд сургууль төгсөж, 1985-1992 онд Зөвлөлт Холбоот Улсын(одоогийн ОХУ) Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрмжит Уралын хөгжмийн дээд сургуульд суралцан хөгжмийн зохиолч мэргэжлийг эзэмшжээ. 2002 онд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

1992 оноос эхлэн СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхимд багш, эрхлэгч, магистр, докторын албаны мэргэжилтэн, газрын дарга, СУИС-ийн Эрдмийн зөвлөл, Соёл урлаг судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хөгжмийн урлагийн сургуулийн Дорно дахины хөгжим судлалын профессорын багийн Тэргүүлэх профессороор тус тус томилогдон ажилласны зэрэгцээ Шинжлэх ухааны академийн Нийгмийн салбарын Бага чуулганы гишүүн зэрэг ажил, албыг хашиж байв.

Тэрээр 1983 онд Монгол циркийн дагшаа жазз найралд зориулсан “Өвлийн жим” хөгжмийн бэсрэг зохиолоороо уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байжээ.

Уран бүтээл

засварлах
  • “Чойжид дагина”, “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг
  • “Өлзий хутаг оршитугай” оратори, 1989
  • "Их домог" модерн балет, 1999
  • “Чойжид дагина” балет, 2005
  • "Хаан чулууны домог" (Ч.Пүрэвдоржийн шүлэг) оратори, 2010
  • “Арын сайхан хангай” симфони зураглал, 1989
  • Симфони №1, 1991
  • Симфони №2, 1992
  • Симфони №3, 1996
  • Симфони №4
  • "Эзэн сүлдний сан" дан найрал дуу
  • "Зая гэгээнтэн" жүжгийн хөгжим, 2018

Мөн дан хөгжимд зориулсан концерт 13, киноны хөгжим, жүжгийн хөгжим, гоцлол хөгжим нийт 70 гаруй, дуулаачийн 50 гаруй бүтээл туурвижээ.

Түүний хөгжмийн бүтээлүүд эх орондоо төдийгүй Герман, ОХУ, Швейцарь, БНХАУ зэрэг олон орны мэргэжлийн найрал хөгжим, хөгжимчдийн урын санд орж эгшиглэж байдаг билээ.

2006 онд түүний “Эзэн сүлдийн сан” оратори, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Тэнгэрийн дуудлага”, төгөлдөр хуурын “Хувилбар аяз” бүтээлүүдэд нь Монгол Улсын Төрийн шагнал олгожээ.

  • "Цогт тайж" киноны хөгжмийн судалгаа, 2013 он
  • "Монгол хөгжим (XIII зуун)", 2013 он

Хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Цогт тайж" киноны хөгжимд хийсэн судалгаа сэдвээр 2002 онд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Тэрээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд илтгэл 30 гаруйг хэлэлцүүлж, өгүүлэл 40 гаруйг хэвлүүлсэн ба Монгол хаадын долоо, ес, 11 чавхдаст ятга, шорооны аймгийн хөгжимдүүр “Хурган чих”-ийг сэргээн, “Монгол хөгжим” (2013) зэрэг нэг сэдэвт бүтээл гурав, хамтын бүтээл найм, сурах бичиг, гарын авлага есийг боловсруулж, 50 шахам ном эмхэтгэл ариутган шүүж, эрдэм шинжилгээ уран бүтээлийн 10 гаруй төсөлд удирдагч, гишүүнээр ажиллаж, урлаг судлалын 50 гаруй магистр, зургаан докторын судалгааг удирдаж хамгаалуулахын зэрэгцээ докторантын 10 гаруй судалгааны ажилд албан ёсны зөвлөх, шүүмжлэгчээр ажиллажээ.