Сургуулийн өмнөх боловсрол

Сургуулийн өмнөх боловсрол- янз бүрийн чиглэлийн сургуулийн өмнөх боловсролын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг боловсролын байгууллага буюу ясли, цэцэрлэг юм. Сургуулийн өмнөх боловсрол хэрэгжүүлэх байгууллага нь 6,7 нас хүртэлх хүүхдэд боловсрол болон хүмүүжил олгох, сургах, асрах, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сурган хүмүүжүүлэх сургалтын анхны цэцэрлэгийг 19-р зууны эхээр Нью-Ланарк (Шотланд) хотод утопист социалист Роберт Оуэн (англи. Robert Owen; 1771—1858) байгуулж "балчир хүүхдүүдэд зориулсан сургууль" гэж нэрлэж байжээ.

"Цэцэрлэг" (герман.Kindergarten) гэдэг нэршил Германаас гаралтай бөгөөд үүнийг 1837 онд багш Фридрих Вильгельм Август Фрёбел (герман. Friedrich Wilhelm August Fröbel; 1782—1852) зохиосон байна. Тэрээр мөн Бад Бланкенбург хотод бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоом, үйл ажиллагааны байгууллагыг байгуулж байсан. Хүүхэд бол амьдралын цэцэг, ур чадвар, анхаарал халамж шаарддаг, цэцэрлэгч хүмүүжүүлэх ёстой гэсэн утгаар “Цэцэрлэг” гэдэг нэрийг олж авчээ. Италийн физиологич, эмч Мариа Монтессори (итали. Maria Tecla Artemisia Montessori; 1870—1952) "Хүүхдийн ордон"-ыг гэр бүлийн боловсролыг орлох буюу үргэлжлүүлэх зорилгоор хүүхдүүдийг амьдралд бэлтгэхийг санал болгож байв: тэдэнд бие даан хувцаслах, нүүр гараа угаах, ширээгээ засах, хооллох, аягаа угаах, тоглоомоо хураахаас гадна анхан шатны унших, бичих ур чадвар олгох замаар сургуульд бэлтгэх зэргийг санаачилжээ. Монтессори ширээ, вандан сандлыг хүүхдүүд өөрсдөө авч явах боломжтой хөнгөхөн хүүхдийн тавилгааар сольсон. Хүүхдүүд хоол идсэний дараа аяга тавгаа угааж, бие засч, бие засах болсон юм. Зарим сурган хүмүүжүүлэг нар зөв зохион байгуулалттай "албадлагаар" л хүнийг хүмүүжүүлдэг гэж үздэг учраас- "Бид эрх чөлөөтэй төрдөггүй, бид эрх чөлөөтэй болдог!" гэжээ.

Монгол Улсад

засварлах

Монгол Улсад Сургуулийн өмнөх боловсролыг "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуулиар суралцагч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа нь жил бүрийн 9 -р сарын 1-ний өдрөөс дараа оны 6-р сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилдэг байна. Монгол Улсад 2023-2024 оны байдлаар нийт 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 676 цэцэрлэг байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын нийт 1410 байгууллагад 9034 бүлгийн 274236 хүүхэд суралцаж байна. Нийт багш, ажиллагчдын тоо 33999 байгаагийн 9733 (28.6%) нь үндсэн багшаар ажиллаж байна.

Нийт 1410 байгууллагын 1010 нь төрийн өмчийн, 400 нь хувийн цэцэрлэг байна. СӨБ-д хамрагдсан нийт хүүхдийн  260271 нь үндсэн сургалтад, 13965 нь хувилбарт сургалтад хамрагдаж байгаа ажээ.

Бага насны хүүхдүүдэд аль болох эртнээс чанартай суралцах боломж олгох нь гол асуудлын нэг. Монгол Улсад 2022 оны байдлаар бага насны 4-5 хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй байна. Ядуу өрхийн 10 хүүхдийн 7 нь цэцэрлэгт явдаггүй. Хүүхдийн цэцэрлэг эсвэл тэдгээртэй адил үйлчилгээ хангалтгүй хүрэлцээ муутай. Түүнээс гадна багш нарын чадавх, эцэг эхчүүдийн хүүхдийг аль болох бага наснаас эхлэн сургахын үр өгөөжийн талаарх мэдлэг сул хангалтгүй байдаг. Хамгийн гол нь бага насны хүүхдүүд ялангуяа ядуу эмзэг бүлгийн өрхүүдийн хүүхдүүдийг чанартай хүртээмжтэй боловсролын үйлчилгээнд хангалттай хамруулахгүй байгаа нь тус улс ядуурал, хүчирхийлэл, цөхрөнгүй байдлыг зогсоох боломжуудаа алдсаар байна.

  • Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын Анхдугаар хуралд Гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьян Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, илтгэлдээ "Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: Манай Ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба нийслэл хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэлдүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэх"  гэжээ. (Ардыг гэгээрүүлэх яамны архив, 1924 он, 7 дугаар тал)
  • 1928 оны 10 дугаар сарын 23-нд хуралдсан МАХН-ын 7 дугаар Их хурлын тогтоолын "Эмэгтэйчүүдийн тухай" гэсэн хэсэгт "Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж, ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж нялхас өнчнийг тэтгэн хүмүүжүүлэх тусгай газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино" гэж тэмдэглэсэн нь анхны ясли байгуулах суурь болжээ.
  • Монгол улсын Гэгээрлийн яамны анхны сайдаар ажиллаж байсан Эрдэнэ Батхаан (1924-1929) сургууль соёл эрдмийг хүн бүр эрхлэн сурах тухай  ухуулсан бичигтээ: “Сурган хүмүүжүүлэх 4 зүйлийн сургууль байвал зохино гээд үүнд:

-       Нялх хүүхдийн  эхийн сургууль

-       7 наснаас дээш, 13 наснаас доош ардын сургууль … гэх мэт сургуулиудыг ангилжээ. Үүнээс үзэхэд бага насны хүүхдийг багаас нь хөгжүүлж, хүмүүжүүлэхийг онцолжээ.

Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа ЗХУ-д "КУТВ" улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930 онд Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н.Янжмаа Эрдэнэ жонон вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг ажиллаж байжээ.

1929 онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах газрыг байгуулан орон нутагт улаан гэрүүдийг байгуулсан байна. Манай оронд 1930-аад оноос хүүхдийн цэцэрлэг, хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр байгуулах ажлыг анх эхлүүлж, цаашид олшруулсан юм. 1931 онд сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх ажилчны түр сургууль байгуулж, 30 хүнийг бэлтгэсэн байна.

  • 1931 онд Дорнодын Баянтүмэн, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан ба Сүхбаатарын нэрийн дор байгуулагдсан коммун, Хөвсгөлийн Хатгал, Тариалан аймгийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай Ховдын төвд, Алтайн Лениний нэрийн дор байгуулагдсан коммун, Өвөрхангай төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатарт хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулагджээ (Ардыг гэгээрүүлэх яамны тайлан, 1935 он).
  • 1940 онд Ардыг Гэгээрүүлэх яаманд анх удаа Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг эрхэлсэн тасаг байгуулагдаж,  тасгийн эрхлэгчээр Даваагийн Долгоржав ажиллаж байсан юм.
  • 1946 онд "Сургууль ба сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх ажлын тухай" Сайд нарын зөвлөл ба Намын Төв хорооны хамтарсан 41/17 дугаар тогтоол гарч, уг тогтоолд цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг сайжруулах, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн цэцэрлэгийг тоглоом, номоор хангах, боловсон хүчнийг чанаржуулах тухай заажээ.
  • 1948 онд Э.Кармын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага”  ном гарсан нь тэр үедээ хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын чухал гарын авлага болж байлаа.
  • 1951 оноос Улаанбаатар хотын Багшийн сургууль дээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарыг 3 жилээр бэлтгэж эхлэв.
  • 1954 онд анхны дунд мэргэжлийн цэцэрлэгийн хүмүүжүүлэг багш 17 хүн төгссөн. Тэдэнд зөвлөлтийн мэргэжилтэн В.Ф.Максакова багш, Э.Карма орчуулагч багшаар ажиллан, хамтдаа мэргэжлийн хичээл зааж байв. Мөн би В.Ф.Максакова багшийг дагалдан, багшаар хамт ажиллаж байсан.
  • Улаанбаатар хотын Багшийн сургууль 1951-1962 онуудад цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийг 3 жилээр сургаж, 223 хүмүүжүүлэгч багшийг бэлтгэсэн.
  • 1962-1963 оны хичээлийн жилээс “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль” бие даан байгуулагдсан
  • 1964 онд “Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөр”, 1968 онд “Цэцэрлэгийн хүмүүжлийн программ” гарсан.
  • 1970 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд сургуулийн өмнөх боловсролын орон тооны эрдэм шинжилгээний ажилтан ажиллах болсон.
  • 1971 онд Ардын боловсролын яамнаас “Яслитай цэцэрлэгийн дүрэм” гаргасан.

Асуудлууд

засварлах
  • Эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал, засаглал, өсвөр үе/жендер, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, хяналт шинжилгээ, үнэлгээ, хүрээлэн буй орчны асуудлыг бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудалтай уялдуулах,
  • Бага насны хүүхдүүдийг хөдөө орон нутагт гэр хүүхдийн цэцэрлэг, гэр бүлд суурилсан сургалт зэрэг хувилбараар дамжуулан чанартай, хүртээмжтэй боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх,
  • Заах аргын чанарыг дээшлүүлэх ажлыг эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага, арга ажиллагааг сайжруулах,  
  • Бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээний төвлөрлийг сааруулах болон нэгдсэн цогц болгоход орон нутгийн чадавхыг дээшлүүлж, үндэсний холбогдох стандартыг шинэчлэх.