Соргүй согоовор

Соргүй согоовор - (Англи: Bromus inermis), (Орос: Костёр безостый)

Олон тооны зөөлөн мөлхөө найлзуурууд бүхий 30-70 см, таримал нөхцөлд 100 см хүртэл өндөр ургадаг олон наст үет ургамал. Нилээд өргөн, хавтгай навч нь нүцгэн юмуу үл мэдэг үсэрхэг байдаг. Навчны угларга нь битүү, цэцгийн доод хайрс соргүй, уртавтар байна. 1,5-3 мм урт харьцангуйгаар том түрүүхэй бүхий саглагар залаа баг цэцэгтэй.

Дөрөвдүгээр сарын эцсээр ургаж эхэлдэг эртэч ургамлын нэг бөгөөд тав зургаадугаар саруудад буталж голлоно. Долоодугаар сарын эхээр түрүүлж цэцэглэн наймдугаар сард үрлэнэ. Намар есдүгээр сараас үржлийн найлзуур нь нилээд их хагдарч хатуурдаг. Голын хөндийн хөвсгөр хурдсан хөрстэй нуга, хуурай ам хөндийн төв хэсэг, ойн цоорхой, атаржсан газраар ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 64]

Гадаад холбоос засварлах

  Commons: Соргүй согоовор – Викимедиа дуу дүрсний сан