Сонины дизайн (Дизайн газеты. Newspaper design). Дизайн гэдэг бол бодит хэргэлээнд зориулагдсан өөрийн гэсэн мөн чанар бүхий өвөрмөц хэв маяг, хэлбэрийг нэгтгэсэн нөхцөл орчин юм. Мөн сонины дизайныг хэвлэлийн янз бүрийн элементийг сонины нүүрэнд байрлуулах урлаг ба үйл явц гэж тодорхойлж болно. Хэвлэлийн элемент гэж хэвлэх үйлдвэрлэлийн явцад будгийн тусламжтайгаар цаасанд үлдээсэн бүх төрлийн ул мөрийг хэлдэг. Энэ бол тоо, үсгийн шрифтүүд, цэг, цэглэл, шугам, хүрээний тэмдэгтүүд, зураг чимэглэлийн янз бүрийн элементүүд юм. Сонины дизайн нь уншигчийн хязгаарлагдмал цаг хугацаа, түүний анхаарал, хүч хөдөлмөр нь тодорхой мэдээлэл хүлээн авахад чиглэгдсэн байхаар хийгддэг онцлогтой. Уншигчийн анхаарлыг хөндийрүүлэх, хэвийн уншилтанд бэрхшээл учруулахуйц чимэглэлийн аливаа арга хэлбэр цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хоосон зарцуулахад хүргэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хэвлэх үйл ажиллагааны дизайн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Сонины дизайн гэсэн ойлголтыг өргөн утгаар нь хэвлэх үйлдвэрийн элементүүдийг оновчтой ашиглах, байрлуулах гэж ойлгож болно. Энэ бол онвчтой загвар дэглэлт (макет) хийх, өөрөөр хэлбэл, сонины нүүрэнд эх бичвэр, зураг чимэглэлийн материалыг байрлуулах үйл явц гэдэг бол зар сурталчилгааны, цэвэр мэдээллийн нүүр, тодорхой боолт, булан, багана эсвэл тухайн хэвлэлийг бүхэлдээ авах зэрэг тодорхой нөхцөл байдал болгонд өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий арга барил, хэлбэр, дүрэм журмыг ашиглана гэсэн үг юм. Дизайнд тавигдах үндсэн шаардлага бол хэрэглэж буй элемент болгон үр ашгаа өгөхүйц тодорхой нэг үүргийг биелүүлж байхад оршино. Хэвлэлийн дизайн бол боломж бүхий бүх уншигчийг тухайн “бүтээгдэхүүнийг амсаж үзэхэд” итгүүлэн үнэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонины дизайны гол зорилго нь уншигчдийн сэтгэл зүйд нөлөөлөхөд оршино. Сонин шрифт, гэрэл зураг, агаар, өнгөний цохилт, хэв загвараараа уншигчдад нөлөөлнө. Сонины дизайны илэрхийлэл сул бол унших, мэдээлэл авахад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна түүний үүрэг, ач холбогдол үгүй болоход хүргэдэг. Сонины дизайны үүрэг нь мэдээлэл хүргэхэд орших бөгөөд гэрэл зураг, бичвэрийн зохицолт байгуулалт, гарчгийн зөв хэлбэр, шрифтийн сайн сонголт, нүүр зохиомжтой байх зэрэг нь дээрх үүргийг биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. “Сонины дизайн урлаг, уран бүтээл төдийгүй хавтгайн дүрслэх урлагийн бие даасан салбар мөн” (11.32). Сонины нэр, огноо, дугаар, хөтөч, реклам, уриа, сүлд, “чих”, шугам, хүрээ, гарчиг, дүрс шрифт, хүснэгт, эх бичвэр, боолт, цонх, ишлэл, цагаан зай (агаар), зохиогчийн нэр, булан, дэвсгэр, фото болон шог зураг зэрэг нь сонины дизайны үндсэн элементүүд болдог.


Сонины дизайны зарчим (Принципы дизайна газеты. Principles of Newspaper Design). Сонины дизайныг хийхэд зайлшгүй баримталдаг шаардлагуудын нийлбэр болох зарчим байдаг. Сонины дизайны зарчмын зүй зохист илэрхийлэл, өнгө төрх нь мэдээллийг бүрэн дүүрэн хүргэхийн үндэс төдийгүй, уншигчдынхаа сэтгэл зүй, сонирхол, унших дадалд нийцүүлэн агуулгынхаа хэлбэр төрхийг боловсруулахад чухал үүрэгтэй. Дизайны зарчмын үндсэн асуудал нь хэн унших, хэрхэн илэрхийлэх, уншихад төөрөгдөл, бэрхшээл учрахгүй байх зэрэгт оршино. Сонины дизайнд тэнцвэрийн, хэмжээний, зохицохуйн, хэмнэлийн, эрс тэсийн нэгдлийн хэмээх үндсэн 5 зарчим байдаг. Уншигчдийн нүд харааны төвлөрөлд түшиглэсэн байгуулалд үндэслэн тэнцвэрт байдлыг бий болгох зарчмыг сонины дизайны тэнцвэрийн зарчим гэнэ. Тэнцвэрийн зарчмын гол зорилго нь уншилтын дэс дарааг хадгалахад оршино. Энэ нь нэгж бүр нүүрийн тулгуур дүрстэй зохицон, зүй зохист сэтгэгдэл төрүүлэхүйц байгуулалтаар бүлэглэгдэн зохион байгуулагдана гэсэн үг юм. Сонины нүүрийг янз бүрийн хэмжээ, илэрхийлэл бүхий элемент хоорондын зүй зохист харьцааг олох замаар дэглэхийг сонины дизайны хэмжээний зарчим гэнэ. Сонины элементүүдийн харилцан зохицол, нэгдмэл байдал чухал бөгөөд сонин уншигчдад аятай таатай сэтгэгдэл төрүүлэхэд хэмжээний нэгдмэл зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонины бүх дүрс элементийн хэмжээ, илэрхийлэл, өнгө аяс зэрэг нь харилцан холбоотой байх, нүүр зайны төвлөрлийг хадгалахыг зохицлын зарчим гэнэ. Сонины элемент бүрийн хэмжээ, хэлбэр, өнгө зэрэг нь зохицлыг тодорхойлогч хүчин зүйл болдог. Зохицлын зарчмын үндэс нь сонины дизайны нэгж элемент бүр өөрөө өөрийнхөө төлөө оршин байдаггүй, бусадтайгаа холбогдож, ерөнхий төлөв байдалдаа үйлчилдэгт оршино. Хэмжээ, өнгө, хэлбэрийн өөрчлөлт, ялгаат байдал, өвөрмөц илэрхийллийг онцолдог мөрдлөгийг эрс тэсийн зарчим гэж үздэг. Эрс тэсийн зарчмын ачаар сонины дизайны өвөрмөц хэв маяг, төлөв байдал илэрхийлэгдэх болно. Сонины нүүрний нэг элементээс нөгөө рүү шилжих хөдөлгөөн, түүний нүүр бүхэнд орших адил байдал, давталт зэрэг бүх урсгал, өөрчлөлтийг нэгтгэсэн сонины дизайны үндсэн хандлагыг хэмнэлийн зарчим гэнэ. Хэмнэлийн зүй зохист илэрхийлэл нь уншигчийн мэдээлэл авах, хуудаснаас хуудсанд шилжих сонирхол, анхаарлыг өдөөн, улмаар түүнийг хадгалах ач холбогдолтой. Сонины дизайны хэмнэлийг бүрдүүлэгч элементүүд нь гарчиг, гэрэл зураг, багана, бичвэрийн байдал, ширифтийн өнгө, хоосон зай, агаар зэрэг болно.