Системийн онол (Англи: Systems theory)

ХХ зууны 30-аад оны үед байгалийн шинжлэх ухааны төлөөлөгчид боловсруулсан бөгөөд нийгмийн шинжлэх ухаанд харьцангуй хожуу хэрэглэж эхэлсэн юм. Энэ аргыг нийгмийн шинжлэх ухаанд нэвтрүүлэхэд физиологич У.Кэннон, биологич Л.Берталанфи, нийгэм судлаач, эдийн засагч Т.Парсонс, Ж.Хоманс, Р.Мертон нар томоохон хувь нэмэр оруулжээ. Үүний үр дүнд тэд нийгмийг судлах арга зүйн чухал хандлага болсон бүтэц-үүргийн задлан шинжилгээний аргыг боловсруулсан юм.

Системийн задлан шинжилгээний үүднээс авч үзвэл хүмүүсийн аливаа нэгдлийг нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй харьцангуй тогтмол шинжтэй нийтлэг зүйл гэж үзэж болно. Энэ нь хоорондоо харицлан холбоонд оршдог, задлан шинжилж, салган хуваарилж болдог элементүүдийн нэгдлээс бүрддэг онцлогтой юм. Ийм системүүд нэг нь нөгөөгөөс ялгардаг хил хязгаартай байдгийн хамт тодорхой тэнцвэрт байдлыг хадгалдаг шинжтэй байдаг.

Энэ арга нь шинжлэх ухааны ойлголтуудыг стандартчлах, цэгцлэх, сэтгүүл зүйн талаарх мэдлэг, төсөөллийг системчлэх, нэг мөр болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Аливаа систем гурван гол хэмжигдэхүүнийг өөртөө агуулдаг. Энэ бол тухайн бүтцэд бодитой оршиж буй зүйл (1), үйлдэл, зан байдал эсвэл ажиллагаа (2), төлөвшил эсвэл хувьсал (3) юм. Зарчмын хувьд системийн судалгаа энэ гурван хэмжигдэхүүнийг хамтад нь авч үзэх учиртай. Гэхдээ судалгааны практикт судлаачид гол төлөв эхний хоёр хэмжигдэхүүнд түлхүү анхаарч, гурав дахийг хоёрдугаар байранд тавьдаг. Энэ нь системийн судалгаа нь статистик, математикийн аргыг амархан хэрэглэх, системчлэх, тоон хэмжигдэхүүнүүдийг ашиглах боломжтой баримтуудын хүрээнд илүү үр дүнтэй байдагтай холбоотой юм. Системийн судалгааны судлагдахуун нь судлаачийн зорилгоос шалтгаалан өөр өөр байж болно. Системийн задлан шинжлэх аргад “оролт” ба “гаралт” хэмээх ойлголт чухал байр эзэлдэг.

Сэтгүүл зүйд засварлах

Сэтгүүл зүй ОНМХ-ийн систем, нийгмийн институт болохын хувьд олон янзын элементүүдээс бүрддэг бөгөөд үүнийг системийн задлан шинжлэх аргаар судлахдаа сэтгүүл зүйг нийгэм, хүлээн авагчид, төр засагтай салшгүй холбоонд оршдог элементүүдийн нэгдмэл системийн хувьд авч үздэг. ОНМХ-ийн систем хэмээх нэр томъёо өөрөө сэтгүүл зүйн судлалд системийн задлан шинжлэх арга, хандлагыг нэвтрүүлсний үндсэн дээр бий болжээ. Энэ аргыг сэтгүүл зүйн судлалд хэрэглэх шаардлага сэтгүүл зүйн үйл ажиллагаа нарийн төвөгтэй, олон талтай, маш өргөн хүрээтэй байдаг онцлогоос урган гарсан юм. Нөгөө талаар сэтгүүл зүй өөрийнхөө уг чанарын хувьд олон шинжлэх ухааны зааг дээр оршдог учраас аль ч шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг нийтлэг аргуудыг хэрэглэхийг шаарддаг. Тийм учраас нийгэм, хүмүүнлэг, заримдаа байгалийн шинжлэх ухааны арга, хэрэгсэл, үндэслэл, учир шалтгааныг өргөн ашиглах замаар ОНМХ-ийн түүх, онол, практикийн асуудлуудыг судалдаг системийн задлан шинжлэх аргыг өргөн хэрэглэдэг.

Сэтгүүл зүйн системийн “оролтонд” хүлээн авагчдын мэдээллийн хэрэгцээ, шаардлага, сонирхол, түүний нийтлэл, нэвтрүүлэгт үзүүлэх нөлөө зэрэг элементүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бол “гаралтанд” нийтлэлийн бодлого, сэдэв, чиглэл, төрөл зүйл, ур чадвар зэрэг ойлголтууд гол байр эзэлдэг.