Сердар Бердымухамедов

Сердар Гурбангулыевич Бердымухамедов (туркмен. Serdar Gurbangulyýewiç Berdimuhamedow; 1981 оны 9-р сарын 22-нд ЗХУ-ын Туркменистаны Ашхабад хотод төрсөн) - Туркменистан улсын ерөнхийлөгч. 2022 оны 3-р сарын 12-нд ерөнхийлөгчөөр сонгогдож 19-нд тангараг өргөсөн байна. Туркменистан улсын 2 дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын ганц хүү.

Сердар Бердымухамедов. 2018 он

Сердар Бердымухамедов 1981 оны 9-р сарын 22-нд Ашхабад хотод шүдний эмч Гурбангулы Мяликгулыевича Бердымухамедовын хүү болж төрсөн. Эх Огулгерек Атаевна Бердымухамедова багш мэргэжилтэй.

Сердар Бердымухамедов 1990-ээд оны сүүлээр Ашхабад хотын дунд сургуулийг төгссөн бөгөөд мөн 2001 онд С.А.Ниязовын нэрэмжит Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн. Энэ үед буюу 1997 онд түүний эцэг улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлж Эрүүл мэнд, эмнэлгийн аж үйлдвэрийн сайд болж, 2001 онд Ерөнхийлөгч Сапармурат Ниязов тэргүүтэй тус улсын Сайд нарын танхимын дэд дарга нарын нэг болсон байна.

2001 онд Их сургуулиа төгсөөд 20 настай Сердар Бердымухамедов тэр даруй төрийн байгууллага болох Туркменистаны Хүнсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн Гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ, албан ёсны мэдээллээр тэрээр 2001-2003 онд Туркменстаны Зэвсэгт хүчинд алба хааж байсан гэх боловч албан бус мэдээллээр тэрээр зөвхөн "цаасан дээр" "албаа" хааж, Холбоонд үргэлжлүүлэн ажиллаж байсан гэдэг.

2006 оны 12-р сард эцэг нь Ерөнхийлөгч болсоны дараа тэрээр Хүнс үйлдвэрийн холбооны шар айраг, архигүй, дарсны үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн болсон. Тухайн үед Бердымухамедовын гэр бүл болон тэдний төрөл төрөгсөд тус улсын хүнс, хүнсний үйлдвэрлэлийг бараг бүрэн монопольчилж гартаа оруулсан байсан бөгөөд Сердар Бердымухамедов хувьдаа тус улсын дарс, архины бизнест онцгой амжилтанд хүрсэн гэдэг. 2008 онд уг ажлаа орхисон.

2008-2011 онд дипломат болон бусад ижил төрлийн мэргэшсэн боловсролгүй тэрээр Москва дахь ОХУ-д суугаа өөрийн улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг хоёр дахь дээд боловсролын хөтөлбөрөөр олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна.

2011-2013 онд НҮБ-ын Женев дэх (Швейцар) Туркменистаны Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд нэгэн зэрэг Женевийн аюулгүй байдлын бодлогын нэр хүндтэй төвд оюутан байжээ. Тэрээр энэ төвийн хөтөлбөрийг "Европ ба олон улсын аюулгүй байдал" чиглэлээр төгссөн.

2013 онд Швейцар улсаас буцаж ирээд Туркменистаны ГХЯ-ны Европын орнуудыг хариуцсан хэлтсийн даргаар 3 сар томилогдон ажилласан байна.

2013 онд тэрээр тус улсын хамгийн баян, нөлөө бүхий газрын нэг болох Туркменстаны Нүүрс устөрөгчийн нөөцийн менежмент, ашиглалтын агентлагийн орлогч даргаар томилогдсон. Энэ хэлтэст 2016 он хүртэл дэд даргаар ажилласан.

2014 оны 8-р сард техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 2015 оны 7-р сард техникийн шинжлэх ухааны доктор болсон байна.

2016-2017 онд Туркменистаны ГХЯ-ны Олон улсын мэдээллийн газрын дарга. 2016 оны 11-р сард тэрээр эрх баригч Ардчилсан намаас сул үлдсэн суудлын нөхөн сонгуулиар тухайн үеийн нэг танхимтай Туркменстаны 5-р хурлын Межилисийн депутатаар сонгогдсон.

Тус улсын сонгуулийн хуульд Межилисийн гишүүд төрийн бусад албан тушаал хаших, бизнес эрхлэхийг хориглосон байдаг боловч 2018 оны 3-р сарын 30-нд Туркменстаны Гадаад хэргийн дэд сайдаар томилогдож 2019 оны 1-р сарын 1-нийг хүртэл ажилласан.

2019 оны 6-р сарын 18-нд Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Сердар хүүгээ Ахал Велаят (аймгийн) Хиакимаар (дарга) мөн давхар алба хашигүй гэдэг хууль зөрчиж шууд томилов.

2020 оны 2-р сарын 7-нд эцэг Ерөнхийлөгч түүнийг Аж үйлдвэрийн сайдаар томилж, яг нэг жилийн дараа 2021 оны 2-р сарын 11-нд Туркменстаны Ерөнхий сайдын орлогчоор томилсон байна.

Мөн нэг жилийн дараа 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эрх баригч Ардчилсан намаас Сердар Бердымухамедовыг Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Туркменстаны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж 2022 оны 3-р сарын 12-нд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Сердар Бердымухамедовын урилгаар 2024 оны 10-р сарын 10-12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистанд айлчилсан.