Сергей Кужугетович Шойгу (тув. Сергей Күжүгет оглу Шойгу; 1955 оны 5-р сарын 21-нд ЗХУ-ын Бүгд Найрамдах Автономит Тува улсын Чадан хотод төрсөн) - Зөвлөлт, ОХУ-ын төрийн зүтгэлтэн. 2012 оны 11-р сарын 6-наас ОХУ-ын Батлан хамгаалахын сайд. Армийн генерал (2003). ОХУ-ын баатар (1999). ОХУ-ын "Нэгдсэн Орос" улс төрийн намын Дээд зөвлөлийн гишүүн. Оросын газар зүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч (2009 оноос). 2024 оны 5-р сарын 12-ноос Оросын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга.

Сергей Шойгу- 2019 оны 4 сар.

1955 оны 5-р сарын 21-нд ЗХУ-ын Тувагийн өөртөө засах орны Чадан хэмээх жижиг хотод дүүргийн сонины редактор, тува үндэстэн Кужугет Серэевич Шойгугийн (дараа нь ЗХУ-ын Тува улсын ЗХУКН-ын хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга) гэр бүлд төрсөн. Эх нь мал аж ахуйн мэргэжилтэн Александра Яковлевна Шойгу (Кудрявцева овогтой байсан, Украины уугуул).

Тэрээр 1960 онд Украины Луганск мужийн Стаханово хотын сүмд түүнийг Үнэн алдартны шашинд загалмайлуулсан ажээ.

1962-1972 онд тэрээр Тувагийн Чаданд дунд сургуульд, 1972-1977 онд ЗХУ-ын Красноярск хотын Политехникийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер мэргэжлээр төгссөн.

1977-1978 онд Промхимстрой трестийн мастер (Красноярск); 1978-1979 онуудад "Тувинстрой" трестийн мастер, хэсгийн дарга (Кызыл); 1979-1984 онуудад "Ачинскалюминстрой" трестийн СУ-82 барилгын хэлтсийн ахлах мастер, ерөнхий инженер, дарга; 1984-1985 онд Саяналюминстрой трестийн орлогч дарга (Саяногорск); 1985-1986 онд Саянтяжстрой трестийн дарга (Абакан); 1986-1988 онд Абаканвагонстрой трестийн дарга.

1988-1989 онд ЗХУ-ын Абакан хотын ЗХУКН-ын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга;

1989-1990 онд ЗХУ-ын Красноярск хязгаарын ЗХУКН-ын хорооны зааварлагч. 1990 онд нийслэл Москва руу шилжин нүүсэн.

1990-1991 онд Зөвлөлт Оросын Архитектур, барилгын улсын хорооны орлогч дарга болсон.

1991 оноос хойш тэрээр Оросын Аврах корпусын дарга болж, ЗСБНХОУ-ын Онцгой байдлын улсын хорооны даргаар томилогдсон.

1991-1994 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний зарлигаар шинээр байгуулагдсан Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах улсын хорооны анхны дарга.

1994-2012 онд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас аврах асуудал эрхэлсэн сайд (үүнтэй зэрэгцэн 2000 оны 1-р сарын 10-аас 5-р сарын 7 хүртэл ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч).

1996 оноос хойш ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн (2012 оноос хойш ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүн).

2000 онд тэрээр Эв нэгдэл намыг тэргүүлж байсан бөгөөд хожим нь "Эх орон" (Юрий Лужков), Бүх Орос (Минтимер Шаймиев) намуудыг нэгтгэж "Нэгдсэн Орос" нам болж өөрчлөгдсөн.

2012 оны 5-р сараас 11-р сар хүртэл Москва мужийн Засаг дарга.

2012 оны 11-р сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Алексей Сердюков хээл хахуулийн хэргээр огцроход, оронд нь түүнийг томилсон. Сергей Шойгу сайдын албан тушаалд орсныхоо дараа Оросын Зэвсэгт хүчинд эрс шинэчлэл хийхээр өмнөх засгийн үед эхлүүлсэн чиглэлийг үргэлжлүүлж, шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлж хэд хэдэн чухал өөрчлөлт хийсэн.

ОХУ-ын Зэвсэгт хүчинд хийсэн шинэчлэлийн үр дүнг 2014 оны 2-3-р сард Крымд болсон үйл явдал тодорхой харуулсан байна.

2017 оны 1-р сарын 22-нд Нэгдсэн Орос намаас ОХУ-ын Дээд Зөвлөлийн Товчооны гишүүн болсон.

2020 оны 1-р сарын 21-нд ОХУ-ын Д.Медведевийн засгийн газар огцорсны дараа Михаил Мишустиний танхимд Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалд улиран томилогдсон.

2024 оны 5-р сарын 12-нд Оросын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын албан тушалаас халагдаж, Оросын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.