Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хууль, гэрээнд заасан тохиолдолд тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчид даалгах, сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах зэрэг харилцаанаас сервитутын харилцаа тогтоно.

Өмчлөх эрх бол эд хөрөнгийн хувьд абсолют эрх боловч зарим тохиолдолд харьцангуй ойлголт болох үе бий. Өмчлөгчийн бүрэн эрх хэрэгжихгүй байгаа байдал гол төлөв үл хөдлөх хөрөнгөн дээр илэрдэг тул сервитутын асуудлыг үл хөдлөх чанартай эд зүйлс дээр авч үзнэ. Сервитутын эрх нь өмчлөх эрхийн харилцаанаас гадна хөршийн эрхийн харилцаа болдог. Учир нь хоёр талаас харилцан нөлөөлж болох хил залгаа эдлэн газар, бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж хуульчилсан байдаг.

Газрын сервитут

засварлах

Газрын сервитут гэдэг нь бусдын газрыг хязгаартай ашиглах эрхийг ойлгох бөгөөд эзэмших эрх үүссэн болон иргэний хувийн өмчийн газарт сервитут тогтоож болно. Газрын сервитут нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрөлтэй байна. Нийтийн сервитутыг зөвхөн хувийн өмчийн газарт эрх бүхий Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр тогтоож болно. Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө хэвийн ашиглах, хамгаалах нөхцлийг бүрдүүлж өгөхийг газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бусдын газар дээгүүр дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. Харин Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу, эрх бүхий Засаг дарга нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэний хувийн өмчийн газарт уг газраар дамжин өнгөрөх, уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих, намагжилтыг багасгах ажил хийх, газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор түр буюу байнгын шинжтэй нийтийн сервитут тогтоож болно. Хэрэв нийтийн сервитут тогтоосноос иргэний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Харин иргэний өмчийн газарт хувийн сервитут тогтоох асуудлыг Иргэний хууль тогтоомжоор зохицуулах бөгөөд энэ талаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудын эрх, үүрэг баталгаажина.