Селевк I Никатор
Селевк I Никатор (гре. [Σέλευκος Νικάτωρ Séleukos Nikátōr] Error: {{Lang}}: text has italic markup (help), МЭӨ 358-281 он) нь Македоны Грекийн жанжин, Александрын угсаа залгамжлагчдын нэг.
Бага Ази дахь Селевкүүдийн угсаа, улсыг үндэслэгч Селевк нь Александр Македонскийн жанжнууд дотроос хатуу чанга зан ааш, шийдвэрлэг байдал, зүйргүй их бяр тэнхээ, хурц ухаан, ямагт болгоомжтой ханддаг байдлаараа түүний гүн итгэлийг хүлээсэн байлаа. МЭӨ 326 онд Пенджабын нутагт Гидасп (өнөөгийн Желам гол) голын эрэг дээр Александр Македонскийн арми 200 байлдааны заан, 300 байлдааны тэрэг бүхий Энэтхэгийн Пор хааны цэрэгтэй тулалдахад Селевк давшилтад жагсаалаар орж ирж байгаа заануудаас айж эмээсэнгүй, цэргүүдээ уриалан дайралтад орж эрэлхэг зоригтой цэргийн дарга болохоо харуулж "Никатор" ("Ялагч") гэж алдаршжээ. Энэ тулалдаанд Александр Македонскийн арми энэтхэгийн армийг бут ниргэсэн төдийгүй Пор хааныг олзолжээ.
МЭӨ 321 онд Александр Македонский гэнэт нас барж түүний эзэнт гүрнийг хуваахад Селевк эхлээд Вавилон муж, дараа нь МЭӨ 311 онд Дорно зүгт Евфрат мөрнөөс Энэтхэг хүртэл өргөн уудам нутгийг эзэмшилдээ авчээ. МЭӨ 312 онд Эртний ертөнцийн түүхэнд Селевкийн эрин үе эхэлж Эртний Грек, Баруун Азийн түүхэнд тодорхой ул мөр үлдээсэн нэгдүгээр Селевкийн хаанчлал, түүний үндэслэсэн Селевкийн эллиний хааны угсаа бий болсон юм.
Александр Македонскийг өөд болсны дараа аливаад тооцоотой, болгоомжтой ханддаг Селевк Никатор их байлдан дагуулагчийн залгамжлагч нарын ахлагч болох Пердиккийн ойрын туслах болжээ. Ази дахь ерөнхий стратегич Пердикк эзэнт гүрнийг журамтай байлгах, салган тусгаарлах илэрлүүдтэй тэмцэх үүргийг бас хүлээсэн байжээ.
Вавилон мужийн захирагч Селевк Никатор 321 онд Пердиккийн удирдлага дор Египет рүү аян дайн хийж, үерлэсэн Нил мөрнийг гатлах үед цэргийн дийлэнх нь живж үхэж түүнээс үүдэн цэргүүд Пердиккийн эсрэг бослого гарахад Селевк тэдний талд оржээ.
Их байлдан дагуулагчийг залгамжилж эзэнт гүрнийг нь захирч байсан Пердикк алагдсанаар мужийн захирагч нар бүгд бие даах болж эзэнт гүрний дээд эрх мэдэл, газар нутгийг дахин хуваахын төлөө тэмцэл өрнөжээ. Гэхдээ баялаг их, хүн ам олонтой Вавилон мужийн захирагч болсон Селевк Никатор мужийн захирагч нарын хоорондын тэмцэлд анхандаа оролцсонгүй, есөн жилийн турш муждаа байж эрх мэдлээ батжуулж байв. Юуны өмнө сайтар сургагдсан хөлсний арми байгуулж македони, грек иргэдээр явган цэргээ бүрдүүлж морин цэрэгтээ дорно зүгийн иргэдийг элсүүлэн авчээ. Энэтхэгт байлдаж байхдаа байлдааны зааныг их үнэлдэг болж Энэтхэг дэх зарим эзэмшил нутгаа (Арохиоси буюу өнөөгийн Афганистан дахь Кандагар, Гедроси буюу Белужистан муж) Магадхын Чандрагупт хаанд өгч 500 байлдааны заанаар сольж авч цохилтын тусгай баг байгуулжээ.
Селевк Никатор мужуудын захирагч нарын хооронд олон удаа дайн байлдаан өдөөж байсан хийгээд тэдгээр олон дайны явцад Миди, Сузиана, Персид, тэрчилэн Дундад Азид орших Бактри мужуудыг эзлэн түрэмгийлж 305 онд өөрийгөө хаанаар зарлахад түүний хүчирхэг хүчин чадлыг мэдэх бусад захирагч нар нь эсэргүүцэж чадаагүй байна.
Нэгдүгээр Селевк хаан Эллад, Бага Ази дахь төрөлх эх орон Македони болон грекийн бусад хот улстай нөхөрсөг харилцаа тогтоож Грек, Македониос хөлсний цэрэг элсүүлдэг байснаас гадна хариуд нь Газрын Дундад болон Эгийн тэнгисүүдэд болдог дайн, байлдаанд усан цэргийн флотоо хөлсөөр ашиглуулдаг байв.
Мужуудын захирагч нарын хооронд болсон хэд хэдэн том байлдаанд Селевк Никатор гялалзсан ялалт байгуулсан ажээ. МЭӨ 312 онд Египет улс орох замд орших Газы хотын орчим болсон тулалдаанд Селевк Никатор, холбоотон Птоломей Сотерийн хамт египет, сирийн иргэдээс бүрдсэн 25 мянган цэрэгтэй арми удирдаж Деметрий Полиоркетийн удирдсан Македоний армитай халз тулж, тэр үеийн уламжлал ёсоор бие биенийхээ байлдааны журмын жигүүрүүд рүү дайрчээ. Тулалдааны ид үед Селевк Никатор, Птоломей Сотер нар байлдааны заануудаар дайсны дайралтын төв хэсэг рүү, морин цэргээр жигүүр, ар талаас нь цохилт өгч байлдааны хувь заяаг нааштайгаар шийджээ. Вавилончууд македоний армийн 5 мянган цэргийг алж 8 мянган цэргийг шархдуулж Ойрхи Дорнодод хийсэн дайн, байлдаанд олзолсон үнэт зүйлсийг нь булаан авчээ.
Селевк Никатор МЭӨ 301 онд Фриги мужид Ипса хотын дэргэд мужийн захирагч Лисимахтай хамтран 32 мянган сирийн цэрэг захирч Баруун Азид ноёрхохын төлөө тэмцэлд гол дайсан нь болох Македоний нэрт жанжин, хөгшин Антигон, түүний хүү Деметрий нарын 30 мянган цэрэгтэй армийг бут цохисон нь цэргийн жанжны хувьд түүний амьдралдаа байгуулсан хамгийн том ялалт байв. Энэ ялалтын үр дүнд Македоний эзэнт гүрний газар нутгийг захирагч нар дахин хувааж Селевк нэгдүгээр Никатор хаан Месопотами, Сирийг эзэмшил нутагтаа нэгтгэж ялангуяа Сири улсын Газрын дундад тэнгис дэх усан фпотыг авч цэргийн хүчин чадлаа нэмжээ.
МЭӨ 281 онд, цэргийн түүхэнд Курупедийн дэргэдэх тулалдаан гэж алдаршсан Кара тал дахь байлдаан болж Македоний захирагч Лисимахийн цэрэгтэй Селевк Никатор сирийн цэргийг удирдан байлдаж тулалдааны өмнө хоёр цэргийн жанжин халз тулаан хийхэд 61 настай жанжин хамтран зүтгэгч, холбоотон агснаа дийлж байв. Энэ тулалдаанд сирийн арми бүрэн ялалт байгуулж Селевк Никатор Лисимахын эзэмшил нутгийг булаан авсан төдийгүй Александр Македонскийн шадар жанжнуудаас ганцаараа амьд үлдсэн тул Бага Азийг бүхэлд нь захирах болжээ.
Гэвч Селевк нэгдүгээр Никатор Бага Азийн асар уудам нутаг эзэмших болсондоо ханасангүй, эллиний ертөнцийг түрэмгийлэхээр шийдэж Элладаас хойд зүгт, европийн нутаг дэвсгэр дээр орших Фраки, Македони улсуудыг юуны түрүүнд эзлэхээр аян дайнд гарахдаа, их цэргээ хүү Антиохдоо итгэн хариуцуулжээ. Сирийн их цэрэг Геллеспонтийн хоолой (Дарданеллийн хоолой) хүрч, усан онгоцоор явж европ тив дээр хөл тавьж тавьсан зорилгодоо хүрэхэд ойртсон үед Селевк Никатор хамтран зүтгэгч нартаа алуулжээ.
Селевк Никатор нас барсан ч түүний үндэслэсэн эллиний угсааны хаад асар уудам нутгийг бараг 200 зуун жил, манай эриний өмнөх 64 он хүртэл захирсан ч яваандаа хүчирхэг хүчин чадал нь саарсаар, том газар нутгаа алдсаар мөхжээ.
Номзүй
засварлахАлексей Васильевич Шишов - Суут цэргийн жанжнууд
Эшлэл
засварлах- ↑ "Селевк Нэгдүгээр Никатор (Baabarpedia)". Internet Archive. 2008-08-13. Эх сурвалжаас архивласан огноо 2008-08-13. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)