Монголчууд сахал тавих ёсыг маш дэг журамтай, утга учиртай баримталдаг.

Монгол ёсонд хэн дуртай хүн дуртай цагтаа сахал үс тавьдаггүй. Харин сахал үс тавьдаг хоёр эрхэм ёсон буй. Үүнд: Эр хүн ач хүүгийхээ дууг сонсоод сахал тавьдаг, нөгөө нь 40 хүрээд сая сахал тавьдаг байж. Мөн эцгийн байгаа цагт сахал тавьдаггүй. Плано Карпини "Монголчуудын түүх" номондоо "Монголчууд сахал үс гэх юм бараг байхгүй боловч зарим нэг нь армаг тармагдуу живэр, нагал, ооч сахалтай бөгөөд сахлаа хусна гэж байхгүй" хэмээн бичиж үлдээсэн байдаг. Монголчууд 40 нас хүрмэгцээ ахмадуудаасаа сахал тавих зөвшөөрөл авдаг сайхан уламжлалтай байжээ. Мөн хаанаа сахал тавих, ооч живэр сахлыг хэдийд хуузтай нийлүүлэн битүүлэх зэрэгт нарийн ёс журам баримталдаг байсан аж.