Санжийн Довчин
Санжийн Довчин (1895 онд Сайн ноён аймгийн Илдэн вангийн хошуунд буюу өнөөгийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн-1940 оны 7-р сарын 7-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан)- Монголын улс төрч, Гадаад явдлын яамны дэд сайд, Сангийн сайд.
Намтар
засварлахДовчин сайд 1895 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Есөн зүйл хэмээх газар тайж Хасын хамжлага ард Санжийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 12 наснаасаа гэрийн сургалтаар боловсрол олж, 1908-1912 онд хошуу тамгын газар бичээч, аймгийн чуулганы жинхэнэ бичээч, түшмэлийн албыг хаших болжээ. Тэрээр үүнийхээ зэрэгцээ Оросын шинжилгээний ангийн хүмүүстэй танилцаж газарчин, туслах ажилтнаар ажиллаж явахдаа орос хэл сурч, хошууны эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг шүүмжилж, буруушаасан нь дээдчүүлийн чихэнд хүрч хошуу ноён Норовжанцанд хавчигдан нутгаасаа дайжих шалтаг болжээ.
1913 онд Оросын хайгуулын экспедицийнхнийг дагаж Нийслэл хүрээнд ирж Түмтийн өртөөнд улаач хийж байгаад Хужирбулан дахь Сайн ноён хан аймгийн цэргийн хороонд бичээч, цэргийн яамны түшмэл, эх зохиогч түшмэлээр 1919 он хүртэл ажиллажээ. 1919 оноос Сайн ноён хан аймагт чуулган тамгын Мээрэн түшмэлийн алба хашиж байгаад 1921 оны зун өртөө улаа зэргийг тэгшитгэх, хуваах хэргээр дахин Нийслэл хүрээнд ирэхэд нь Монгол Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж, хуучин төрийн аппаратыг татан буулгаж, ардын засгийг шинээр байгуулсан хувьсгалын өрнөлтийн үе байв. Ийнхүү Довчин нутаг буцахгүй хуучин танил Д.Сүхбаатар нарын хүмүүстэй уулзаж 1921 оны 7-р сараас Цэргийн яаманд ерөнхий хэлтсийн даргаар ажиллах болов. Энэ хугацаанд Монгол Ардын намд элсч улмаар 1922 оны 12-р сарын 22-ны өдрийн Засгийн газрын 56-р тогтоолоор Зүүн хязгаарыг захиран тохинуулах сайдаар Магсар Хурцын Дугаржавын оронд томилогдов. Тэр үед С.Довчин сайд орос хэл гадарлах цөөхөн хүний нэг байсан бөгөөд 1924 оноос ГЯЯ-ны дэд сайдын албан тушаал хашсан.
1926-1939 онуудад Сангийн яамны жинхэнэ сайд, Монголбанкны ерөнхий хорооны даргаар хавсран ажиллаж байсны зэрэгцээ 1935 оноос Ерөнхий сайдын орлогч мөн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаад 1939 оны 7-р сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр Улсын бага хурлын дарга, НТХ-ын тэргүүлэгч гишүүн Довчин сайдыг Догсом, НХШХ-ны дарга Лосол, төрийн сайд Дорж, Данший-Цоодол нарын хамт баривчилж, Чита хотоор дамжуулж Москвад аваачиж КГБ-ийн гарт тушаажээ.
Монголын шинэ тулгар төрийн нэр хүндтэй гавьяатай сэхээтэн Довчинг 1940 оны 7-р сарын 5-ны өдөр Зөвлөлт холбоот улсын Цэргийн онц шүүхээр цаазлах ял оноож 2 хоногийн дараа гүйцэтгэжээ.
Санжийн Довчинг 1962 онд улс төрийн хувьд нь цагаатгаж, 1990 онд МАХН-ын гишүүнийг нь сэргээжээ.