Сангийн Пүрэвдорж
Сангийн Пүрэвдорж (1921-1993) нь Сонгинын Биокомбинатын улсын шалгагч их эмч байхдаа, 1962 оны 1 сарын 13-нд Малын гавьяат эмч цол хүртсэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат хүн юм.
Тэрээр ЗХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн техникумын IV ангиас МУИС-д шилжин ирж суралцаж, 1948 онд малын их эмч мэргэжлээр дүүргэсэн байна. 1948-1950 онд Дорноговь аймгийн, 1950-1952 онд Өвөрхангай аймгийн малын ерөнхий эмч, 1952 оноос Биокомбинатад вакцины цехийн эрхлэгч, их эмч, улсын шалгагчаар ажилласан байна. Дэд доктор Л.Дашдаваатай хамтарч “Дотрын халдварын хордлого, брадзот өвчнийг эсэргүүцэх вакцины шинэ омог”, дэд доктор Ц.Дашцэрэнгийн хамт “Шөвөг ярын вакциныг шалгах арга зүй”, малын их эмч Д.Санжаатай нийлж “Боомын вакцины омгийн споржилтыг сайжруулах, гарцыг нэмэгдүүлэх арга”, Р.Раднаатай “Болсон махны гидролизат бэлтгэх ба желатиныг дахин хэрэглэх арга” зэрэг олон бүтээл туурвижээ. Биобэлдмэл үйлдвэрлэх, түүнийг шалгах аргыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн туршлага, санаачилгатай мэргэжилтэн байжээ. Мал эмнэлгийн ажилд олон жил идэвх зүтгэл гаргаж, тус улсын мал сүргийг элдэв халдварт өвчнөөс сэргийлэх вакцин санаачлан хийж үр бүтээл гаргасан.