Самдангийн Сэнгээ

Самдангийн Сэнгээ нь Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чимэглэлийн урлагийн нэрт зүтгэлтэн, ардын урлагийн уран мастер, том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг Монгол улсад тэргүүлэн хөгжүүлэгч, сэдэвт бүтээлийг шинэ шатанд гаргагч, яруу найрагч, зохиолчдын бүтээлийг цуврал хэлбэрээр сийлбэрийн урлагт санаачлан бүтээсэн анхдагч хүн юм.

зааны соёон сийлбэр
9 давхар ясан сийлбэр
Зааны соёон сийлбэр
Орсон буур, Янгир

Самдангийн Сэнгээ нь 1924 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6-р багийн нутаг болох Дулаан уулын “Асгатын энгэр” хэмээх газрын Хуурайн улаан хадны бууцанд малчин ард Самдангийн 1-р хүү болон мэндэлж, эцэг эхийн гар дээр өсч торнижээ. Тэрээр таван наснаасаа  үндэсний гар урлалыг дүрслэн зурж эхэлсэн бөгөөд найман наснаасаа эхлэн хүн, таван хошуу мал, ан амьтны дүрс, морины хусуур, бурхан тахилын зүйлс, хорол тоглоомуудыг модоор сийлбэрлэн тав арван төгрөгөөр, цай, даалимба, ишиг хурганаас өгч эцэг эхдээ болон амьдрал ахуйдаа тус нэмэр болдог байжээ.

1945 оны 06 дугаар 12-нд Ардын хувьсгалт цэргийн албанд нас бие тэнцэн явж, Монголын зүүн урд хязгаар Байшинтын 7-р морьт дивизийн 20-р морьт хороонд байлдагчаар, мөн 6 сарын дараагаас 1949 оны 8-р сарын 1 хүртэл түрүүч цолтой, жагсаалын даргын үүрэг гүйцэтгэж, Хятадын Жэхэ /Чэндү/ хот хүртэл Монгол Ардын Хувьсгалт цэргийн бүрэлдэхүүнд Зөвлөлтийн улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин.

Цэргийн алба хааж байхдаа ч сийлбэрийн ажлаа орхисонгүй. Цэрэгт очсоныхоо 2 дахь жилдээ буюу 1946 онд болсон Улс хувьсгалын 25 жилийн ойгоор чүдэнзний хайрцагт багтах монгол шатар урлан сийлж оролцжээ.

Бургасны 64 хэрчмээр ур хийц сайтай, үзэмж төгс, өчүүхэн жижиг шатар хийсэн нь олонд алдарших эхлэл болсон байдаг. Уг уралдаанд манай орны шилдэг урчуудын бүтээл үзэсгэлэнд тавигдсаны дотор чүдэнзний хайрцагт бүгд багтах хэмжээний маш урлагтай сийлсэн жижиг шатрыг үзэгчид сонирхон, шагшин магтацгааж байжээ. Тэр сийлбэрийн хажууд “Дарьгангын Алтан-овоо дахь хилийн цэргийн байлдагч Самдангийн Сэнгээгийн урласан шатар” гэсэн хаяг тавигдсан байжээ. Үүнээс харахад С.Сэнгээ нь Дарьгангад байрлаж байсан морьт хороонд алба хааж байсан хилчин байжээ. Тэрээр 25 жилийн ойн гар урлалын уралдаанд оролцож улсын хэмжээнд 2-р байранд шалгарч дивиз, хорооныхоо нэрийг дуурсгасан байдаг.

С.Сэнгээгийн чөлөөлөх дайнд оролцож байгуулсан гавьяаг нь үнэлж “Бид ялав”, “Японыг ялсаны төлөө” ЗХУ-ын медаль, “Халх голын 30 жилийн ойн медаль, цэргийн албаны сургалт, байлдааны бэлтгэл сургуулилтанд амжилт гаргасныг тэмдэглэн “Онц буудагч” тэмдгээр шагнасан байдаг.

1949 оны 10 сард цэргийн албанаас халагдан орон нутагтаа ирж Хужирт сумын Эвлэлийн үүрийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1951 оноос суманд анхны хоршоо байгуулагдахад хоршооны даргаар, 1953 оноос сумын захиргааны орлогч даргаар, 1954 онд сумын захиргааны орлогч даргын үүрэгт ажлуудыг тасралтгүй хийж байгаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны 310 тоот шийдвэр гарч Улаанбаатар хот руу шилжин Гар үйлдвэрлэлийн дээд зөвлөлийн харьяа Урчуудын артельд 1954 оны 10-р сарын 20-ноос эхлэн уран сийлбэрчнээр ажиллах болсон.

1953 онд Санжаа овогтой Аривжихтай гэр бүл болон амьдарч 10 хүүхэд төрүүлж өсгөжээ.

Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хоёулаа хожим урлагийн гавьяат зүтгэлтэн болсон),  Жамьяншарав, Дарь­гангын дархан Балдан-Очир, Завханы уран Ц.Минжүүр, нэх­мэл­чин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын зэрэг гоц авьяас­тай урчууд эх орны өнцөг булан бүрээс цуглан ажиллаж эхэлсэн үе байлаа.

Монголын дүрслэх урлагт соцреалист урсгал ноёлж, жижиг хэмжээний чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлс голлож хийлгэдэг хэвшмэл байдал давамгайлсан үе байсан. Ийнхүү гарын уртай хүмүүсийг нэгтгэн нэг дор ажиллуулах болсон нь гар урлалын хөгжлийг шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц болж, шинэлэг зүйл санаачлах, санаа бодлоо уралдуулан бие биенээсээ болон дэлхийн гар урлалын хөгжлийн талаар судлан дэлхийн гар урлалын хөгжилтэй хөл нийлүүлэн явах боломжийг 1960–аад оноос бүрдүүлж өгчээ.

Тухайн үед зааны соёог хөрөөдөн зүсэж, жижиг хэмжээгээр уран бүтээл хийдэг байсан хязгаарлагдмал байдлыг халж, зааны соёог бүтнээр нь эсвэл дундуур нь зүсэж сийлбэр хийх талаар С.Сэнгээ бусад улсын урчуудын туршлагыг судлан өөрийн оронд нэвтрүүлэн хөгжүүлж чадсан төдийгүй, 1957 онд Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор анхны том хэмжээний “Монгол-Зөвлөлтийн найрамдал” сэдэвт, 2 орон төмөр замаар холбогдон хөгжиж байгаа талаарх зааны бүтэн соёон сийлбэрээ туурвижээ.

Ийнхүү Монгол улсдаа том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэх эх үндсийг тавьсан бөгөөд 1959 онд хоёр орны найрамдлын 10 жилийн ойгоор “Монгол-Хятадын найрамдал” нэртэй, манай улсад барьж байгуулж буй барилгын бүтээн байгуулалтын хөгжлийг харуулсан зааны соёон сийлбэр (Хятад улсад байгаа), 1961 онд “Эрийн гурван наадам” зааны жижиг соёон сийлбэр, 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан “Лениний замаар” сэдэвт зааны бүтэн соёон сийлбэр (ОХУ), 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулж “Их ялалт” зааны бүтэн соёон сийлбэр (Уран зургийн галерейд), 1970 онд Лениний 100 жилийн ойд “Ленинизмийн тугийн дор” зааны бүтэн соёон сийлбэр (ЗХУ-ын Лениний төв музейд байгаа), 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж “Бөхийж үзээгүй далбаа” зааны бүтэн соёон сийлбэр (Уран зургийн галерейд), 1974 онд Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулж “Цэцэглэн хөгжиж байгаа Улаанбаатар” зааны соёон сийлбэр зэрэг нэр бүхий том, зааны бүтэн соёон сийлбэр урласнаас гадна одоогоор судлагдаж мэдэгдсэнээр 30 гаруй зааны ясан жижиг бүтээлүүдийг урлан бүтээжээ.

1964 оны 11 сард болсон дэлхийн 123 орны гар урлалын үзэсгэлэнд Сэнгээгийн “Анхны холбоочин” сийлбэр нь тэргүүн байр, Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн үзэсгэлэнд 120 гаруй орны шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүд тавигдсанаас “Лениний замаар” хэмээх зааны бүтэн соёон сийлбэр нь 2-р байранд, 1969 онд Дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн уралдаанд “Энх дэлхий“ гэдэг “9 давхар ясан бөмбөлөг” сийлбэрээрээ (уг бүтээл нь 1990 оны эхээр Уран зургийн галерейд байсан ба учир битүүлгээр алга болсон) БНХАУ-ын сийлбэрчний дараа 2-р байрыг тус тус эзлэн Монголын уран сийлбэрчдийн авьяас чадвар, ур ухааныг дэлхий дахинд мэдрүүлсэн, уран гоёмсог бүтээлийг хийж чадсан нь энэ хүний дэлхийн энтэй уран сийлбэрчин болсныг илтгэн харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан билээ.

Монгол улсад сийлбэрийн урлагийн төрлөөр анхны Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн 5 хүн байсан нь Л.Дорж, Д.Гүнд, Д.Гэлэгдандар, С.Сэнгээ, Л.Чуваамэд нар бөгөөд бүгд Өвөрхангай аймгаас төрсөн байдаг юм.

Мэргэжлийн ямар нэгэн сургууль дамжаанд сураагүй ч Монголд зааны бүтэн соёогоор ийм гайхамшигтай сийлбэрийг өөрийн хийсэн багажаар бүтээсэн нь түүний байгалиас заяасан төрмөл авьяас, чадвар, сэтгэлийн болоод оюуны бядыг илтгэн харуулж байна.

Ийнхүү 1960-аад оноос С.Сэнгээ нь сийлбэр хөгжсөн бусад орны зааны соёон том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг Монголдоо хөгжүүлж, сийлбэрийнхээ урлагийг шинэ шатанд гаргах гэсэн санаа, зорилгоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн зүтгэл нь талаар өнгөрөлгүй нөр их хөдөлмөр, хөлс, хүч, тэвчээр гаргасны үр дүнд дэлхийн тавцанд улсынхаа нэрийг гаргаж, Монголын сийлбэрийн урлагийг дэлхийн хэмжээний урлаачдын түвшинд хүргэж хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Энэ нь Монголын сийлбэрийн урлагийн хөгжилд оруулсан үнэлж барашгүй үнэтэй хувь нэмэр болсон юм.

С.Сэнгээ гар аргаар зааны 13 том хэмжээний соёогоор (бүтнээр болон таллан зүссэн байдлаар) гайхалтай, уран гоёмсог уран сийлж бүтээсэн байдаг.

С.Сэнгээ 1954-1975 он хүртлэх 21 жилийн хугацаанд бэлэг дурсгалын 3000 шахам сийлбэр урласнаас жинхэнэ нэр бүхий том хэмжээний 210 гаран бүтээлийг яс болон модоор урлан бүтээжээ. Мөн 100 гаруй нэр төрлийг бэлэг дурсгалын үйлдвэрийн ба хүүхдийн тоглоом, сийлбэрийн эх загвар моделууд 1000 шахмыг сийлж бүтээжээ.

Өөрийн урласан бүтээлээр 50 гаруй үзэсгэлэнд 1000 орчим бүтээлээ тавьж дотоод, гадаадын түүхт үйл явдлуудад оролцуулж ирснийг нам засаг, ард түмэн, соёл урлагийн байгууллагын зүгээс өндөр үнэлэлтүүдийг өгч байснаас гадна түүний туурвисан урлагийн бүтээлүүдийг 5 сая орчим хүн үзэж, 500 шахам хүн баяр талархал илэрхийлж, санал зөвлөмж ирж уран бүтээл хийх урам зоригийг нь сэргээж байлаа. Уран бүтээлийн уралдаанд оролцож тэргүүн байруудыг эзэлж шагнал урамшлыг авч байсан юм.

Тухайн социализмын үед нам төрийн удирдагчид гадаад улс оронд албан айлчлал хийх, гадны улс орноос манай улсад ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд бэлэг дурсгал өгөх зорилгоор тухайн үеийн нэртэй урчуудад захиалан бүтээл хийлгэдэг байжээ. Сэнгээигйн урласан бүтээлүүд ихэнх нь төр засгийн удирдагчдын бэлэг дурсгал болон гаднын оронд гарсан байдаг бөгөөд харамсалтай нь бэлэг дурсгалын зориулалтаар захиалан хийлгэсэн бүтээлүүдийн талаар бүртгэл байхгүй, судалгаа хийгдэж байгаагүй, мөн хийгдсэн бүтээлүүдэд нь нэр хаяг нь бичигддэггүй байсан нь аль улсад хэн гэдэг уран бүтээлчдийн бүтээл үлдэж байгаа, түүний үнэ цэнийн талаарх зэрэг мэдээллийн сан байхгүй байна. Иймээс хийсэн 3000 орчим бүтээлээс нь 100 ч хүрэхгүй бүтээлийг мэдэж байгаа нь үнэхээр харамсалтай байдаг.

1975 оны 12-р сарын 25-нд бичсэн ажил байдлын тодорхойлолтдоо:

Улсад 21 жил ажиллахдаа 75 жил 7 сарын ажлын үүргийг гүйцэтгэж улсад (тухайн үеийн ханшаар) нэг сая дөрвөн зуун мянган төгрөгийн ашиг оруулж, гадаад дотоодын үнэт материалуудыг хэмнэж, үйлдвэрийн ба ойн хаягдал модон материалуудыг ашиглан ажилласнаас улсад дөрвөн зуун мянга гаруй төгрөгийн аривлан хэмнэлт гаргасан юм

гэж бичсэнээс үзэхэд  үнэхээр гайхалтай аугаа хөдөлмөрч хүн байсан байсан гэдэг нь харагдаж байна.

Урлаг судлалын хичээлийн гарын авлага болсон цахим номд: "Дэлхийд ховордож, улаан номд орсон зааны соёогоор урласан цөөн тооны бүтээл урлагдсан байдгаас Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн С.Сэнгээгийн “Бөхийж үзээгүй далбаа”, “1921 оны ялалт”, “Халх голын ялалт”, “Энх дэлхий” 9 давхар ясан бөмбөлөг, “Хавар адууны бригад”, “Үхэр хөсгийн цуваа”, “Сүхбаатарын хөшөө”, “Гурван давхар бөмбөлөг” зэрэг бүтээлүүд тус галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж иржээ" гэж дурдсан байдаг.

Зааныг агнаж соёог нь авахыг дэлхий нийтээр хориглосон өнөө цагт эдгээр үзмэрүүд нь цаг өнгөрөх тусам уран сайхны үнэ цэн нь улам л нэмэгдэх болно. Ялангуяа олноо “Уран” хэмээн алдаршсан С.Сэнгээ агсны “Гурван давхар бөмбөлөг, “Бөхийж үзээгүй далбаа” үзмэрүүд нь зохиомж, хийц ур чадвар, гүйцэтгэлийн хувьд хэзээ ч давтагдашгүй, сонгодог уран бүтээлүүд юм” гэж урлаг судлаачид дүгнэн хэлсэн байдаг.

“С.Сэнгээгийн зааны соёоны ясаар сийлсэн алдартай бүтээлүүдээс уран зургийн галерей дахь ганц нэг бүтээлийг эс тооцвол ихэнх нь гадаадын зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгал болон гарч байсан нь нэн харамсалтай” гэж бичигдсэн байна. (доктор, профессор Л.Хэрлэн “Монголын урлагийн түүхээс” 2019 он)

Сэнгээгийн 1970-1975 онд хийсэн ажлын талаарх албан байгууллагын тодорхойлолтод “Сүүлийн таван жилд хийсэн томоохон бүтээлүүдээс дурдвал, 9 нэр төрлийн 276 ширхэг сийлбэр хийсний 6 ширхэг нь том хэмжээний сэдэвт бүтээл болж 9 үзэсгэлэнд тавигдан 267 нь гадаад дотоодын бэлэг дурсгалд явсан байна. Уран бүтээлийн томоохноос дурдвал: Улс хувьсгалын 50 жилийн ойд зориулан зааны соёогоор хийсэн “Бөхийж үзээгүй туг” (далбаа), ”Энх дэлхий” (зааны соёоны ясан 9 давхар бөмбөлөг), Ойн байгууллагын 50 жилийн ойд зориулж хийсэн “Баян байгаль” модон сийлбэр, “Цэцэглэн хөгжиж байгаа Улаанбаатар” (зааны соёо) зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно” гэжээ.

С.Сэнгээ энэ их сийлбэрийн ажлаа хийхийн зэрэгцээ нам, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байжээ. Үүний баталгаа нь Сумын депутатаар 2, Хорооны депутатаар 2, МХЗЭ, МҮ-ний байгууллагын дарга идэвхтнээр 8, Районы депутатаар 1 удаа сонгогдон, МҮЭ-ийн их хуралд 4, мөн бүгд хурлын гишүүнээр 3, МҮХ-ны их хуралд 4, мөн бүгд хурлын гишүүнээр 4, Хот, районы Намын бага хурал, МҮХ-ны бүгд хурлуудад мөн МҮЭ-ийн бүгд хуралд 16 удаа, МҮЭ-ийн 8-р их хуралд, улмаар хамт олны итгэлийг хүлээн МАХН-ын 16-р их хуралд тус тус төлөөлөгчөөр сонгогдон үг хэлж, ажилчин ангийнхаа дуу хоолой нь болж явжээ. Социалист хөдөлмөрийн бригад (СХБ), Сэхээтний Социалист нөхөрлөлийн (ССН) 1, 2-р зөвлөгөөнд оролцсоноос гадна социалист хөдөлмөрийн бригадын ахлагчаар 10 жил ажиллаж, 200 шахам бригадад өөрийн бригадын туршлагыг нэвтрүүлж, цол мандатыг нь авхуулсан байна. Дээрх их, бага хурал, зөвлөгөөнд 12 удаа үг хэлсэн байдаг.

1960-аад оны дунд үеийн тайландаа: Тухайн үед 847 сийлбэр хийж, 733 нь гадаад, дотоодын төрийн удирдагч, төлөөлөгч нарт бэлэг болгон өгөгджээ. Үлдсэн цөөн тооны бүтээлүүд нь үзэсгэлэнд тавигдаж 1100000 гаруй хүн үзэж сонирхсон талаар тэмдэглэн үлдээсэн байдаг.

С.Сэнгээ нь сийлбэрийнхээ багажийг зориулалтын олон төрлөөр нь өөрөө хийдэг. Бүтээлээ хийхэд ямар хэлбэрийн багаж хэрэгтэй байна гэдгийг бодож боловсруулан, түүнийхээ дагуу янз бүрийн хэлбэртэй болгон хийж байсан нь уран дархан гэмээр. Зүгээр нэг төмөр давтаад ирлээд хийчихдэг эд биш, харин олон шат дамжлага дамжин байж сайн чанарын багажаа бүтээнэ. Багажийн чанар, ур ухаан, эв дүй, чадвар зэргээс бүтээлийн чанар, ур хийц их шалтгаалдаг болохыг бүтээлүүдээс нь харж болно.

Гавьяа шагнал

засварлах

С.Сэнгээгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн алдар цол тэмдэг, Алтан гадас одон, Бид ялав, Японыг ялсны төлөө, Халх голын 30 жил, ардын хувьсгалын 40, 50 жил, Монгол-Кубын найрамдал, В.И.Лениний 100 жилийн ойн медалиуд, V таван жилийн гавшгайч, Ой модны аж үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан, БНМАУ-ын социалист уралдаанд түрүүлэгч, Үйлдвэр хоршооллын тэргүүний бүтээлч ажилтан, Ардын урлагийн уран мастер цол тэмдгүүдээр тус тус шагнасан байна.

Урлаг судлаачид “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч С.Сэнгээ бол уран гартан, онцгой чадвартан, онгод бадраасан гайхамшигт уран сэтгэлгээтэй, гарын, ухааны, харааны гурван ур тэгширсэн уран хүн байсан ба Монголын ясан сийлбэрийн урлагийг дэлхийн тавцанд, уран сайхны сэтгэлгээний том ертөнцөд аваачиж өгсөн хүн. Сийлбэрлэх урлагт ардын уран сийлбэрийн тэр жаяг хэмжээг эвдсэн ийм бүтээлүүд рүү орсон учраас Монголын дүрслэх урлагт сийлбэрийн урлаг гэх үндсэн мэргэжлийн чиг хандлага гарч ирэхэд Сэнгээ гуайн уран бүтээл их нөлөөлсөн юм” хэмээн дүгнэж хэлсэн байдаг.

  • “Баян байгаль” модон сийлбэр (Монголын ан амьтан, байгалийг бүгдийг багтаасан том хэмжээний бүтээл)
  • “Бөхийж үзээгүй далбаа” зааны соёон сийлбэр
  • “Миний Улаанбаатар” зааны соёон сийлбэр
  • “Есөн давхар шаарик” ясан сийлбэр (дэлхийд 2-рт ордог)
  • “Халх гол”
  • “Монгол-Зөвлөлтийн найрамдал” соёон сийлбэр
  • “Октябрийн хувьсгалын 45 жил”
  • “Октябрын хувьсгалын 50 жил”
  • “Лениний 100 жил”  (Ленинградад)
  • “Найрамдал” 3 давхар ясан сийлбэр (Москвад)
  • “Зөвлөлт төрийн бэхжилт” модон сийлбэр
  • “Цэцгийн цоморлог” ясан сийлбэр (Куба улсад)
  • “Шунхлай”
  • “Хүрэн морь” цуврал модон сийлбэр
  • “Ясан хөөрөг”
  • “Орсон буур” модон сийлбэр
  • “Нийгмийн хонгор” модон сийлбэр
  • “Одоо үе ба ирээдүй” 332 ан амьтны дүрсийг багтаасан соёон сийлбэр
  • “Янгир аргалийн дүүлэлт” ясан сийлбэр
  • “Хөдөө аж ахуйн өөрчлөлт”
  • “Эвтэй дөрвөн амьтан” ясан сийлбэр (Энэтхэгт)
  • “Эвтэй дөрвөн амьтан” модон сийлбэр
  • “Хэрэмний амьдрал” (Олон улсын уралдаанд 1-р байр)
  • “Монгол-Хятадын найрамдал”
  • “Тээврийн хөгжил" соёон сийлбэр
  • “Өндөр ургац” ясан сийлбэр
  • “Алдарт барилгачин” ясан сийлбэр
  • “Азарганы ноцолдоон” ясан сийлбэр
  • “Аврора” ясан сийлбэр
  • “Ленинизмийн тугийн дор”
  • “Чүдэнзний хайрцагт багтдаг шатар” (Болгарт)
  • “Шатар” (Чита хотод)
  • "Хүүхдээ усанд оруулж буй ээж" ясан сийлбэр
  • "Эрийн гурван наадам" зааны соёон сийлбэр
  • Яс, модон хөөрөгнүүд