Салчак Тока буюу бүтнээр Салча́к Калбак-Хоре́кович То́ка (жинхэнэ нэр нь: Кол Тывыкы; 1901 оны 12-р сарын 15-нд төрсөн—1973 оны 5-р сарын 11-нд нас барсан) — Тува болон Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, зохиолч.

1932-1973 хүртэл Тувагийн удирдагчаар 41 жил ажилласан. 1944 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн. 1929 оноос Тувагийн Ардын Хувьсгалт намын гишүүн. Зөвлөлт Тувагийн Зохиолчдын Эвлэлийн дарга.

Салчак Тока 1901 онд Тувагийн (тухайн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуу) “Сарыг Сек Каа” тосгоны “Мэргэн” хэмээх газарт төржээ. Түүний эх тогтсон нэргүй байсан бөгөөд хүмүүс Тас-Баштыг гэж дууддаг байсан. Мөн Салчакыг төрөхөд нь Тывыкы гэж нэрэлсэн бөгөөд эцэггүй өссөн байна. Тэрээр Албанчи, Кангый гэх хоёр эгч, Шомуктай, Пежендей гэх хоёр ахтай айлын отгон хүү байжээ.

1910-1921 онуудад хаант Оросын худалдаачин Степан Михайловын (Чолдак-Степана) зарц-туслахаар ажиллаж байв. 1921 онд Зөвлөлтийн улаан цэрэг Тувад орж ирэхэд тэдэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж Тувагийн тусгаар тогтнолд зүтгэсэн байна. 1922-1924 онд Тувагийн Ардын Засгийн газар зарлага хийж байжээ.

1924-1925 онуудад Тувагийн улаан армид алба хааж байсан, 1925-1929 онуудад Москва хотод И.Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль (орос. Коммунистический университет трудящихся Востока имени И.В.Сталина (КУТВ) төгссөн. Энэ сургуульд Тувагаас 10 хүүхэд явж суралцсан боловч 4 нь төгссөн байна. 1926 онд Москвад сурч байхдаа тэрээр ЗХУ-ын коммунист намын орлогч гишүүн болсон.

1929 онд Коминтерны их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд Тувагийн Ардын Хувьсгалт намын (товчлол. ТАХН) бүсийн товчоонд намын гишүүнээр элсэж, 156 3003 тоот үнэмлэх авч, анхны Тувагийн коммунист болжээ.

Удалгүй ХННХ-ын VIII их хурлаар (1929 оны 9-р сарын 20-оос 11-р сарын 10) Иргит Шагдаржав ТАХН-ын Төв хорооын ерөнхий нарийн бичгийн даргаар, Салчак Тока нарийн бичгийн даргаар сонгогдов.

1929-1932 онуудад С.Тока Намын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, мөн хэсэг хугацаанд БНТАУ-ын Соёлын яамны сайдаар ажиллаж байжээ.

1930 онд БНТАУ-ын VII Их Хурлаар түүнийг Засгийн газрын гишүүнээр сонгон томилжээ. 1932-1944 онд ТАХН-ын IX их хурлаар Тувагийн Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн даргаар сонгогдож ажилласан байна.

1930-аад оны сүүлчээр тэрээр Зөвлөлтийн жишгээр Тувад мөн улс төрийн хэлмэгдүүлэлт болж, тэр дундаа Бүгд Найрамдах Тува Улсын Ерөнхий сайд Сат Чурмит-Дажы болон тус улсын бусад удирдагчдыг “Японы тагнуул” хэмээн буруутгаж, буудан хороосон байна.

ЗХУ-тай нэгдэх үйл явдал

засварлах

1939 оны 11-р сард тэрээр олон нийтэд: "Би өөрөө ТАХН-ын Төв Хороонд арав гаруй жил ажиллаад байна. Би ирээдүйд ард түмнээ агуу Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнтэй нэгтгэхийг хүсч байна. Үүнд хүрэх хүртлээ миний мөрөөдөл биелээгүй гэж бодох болно" гэж байжээ.

1944 оны 10-р сард БНТАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүн дахь Зөвлөлт Орост нэгтгэж түүний дотор Тувагийн автономит муж болгон өөрчилсний дараа Салчак Тока ЗХУКН-д элсэж Зөвлөлт Оросын Тува автономит мужийн ЗХУКН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болж, 1973 онд нас барах хүртлээ Тувагийн Коммунист намыг тэргүүлжээ.

ЗХУ-аас хүртсэн шагнал

засварлах
  • ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар (1971)
  • ЗХУ-ын Ленины одон 7 удаа.
  • ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
  • «ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссариатын гавьяат ажилтан» тэмдэг (1943 оны 7-р сарын 21)
  • Сталины нэрэмжит 3-р зэргийн шагнал (1950).