Оспаны баатар Сагадай

(Сагадай-с чиглүүлэгдэв)

Оспаны баатар Сагадай буюу Үвшиний Сагадай нь Монголын тагнуулчдын нэг бөгөөд эх орон БНМАУ-ын аюулгүй байдлын төлөө Гоминдан ба Оспаны эсрэг суурин тагнуул хийж, олон удаа тагнуулын даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд Оспаны итгэлийг олсон Монголын тагнуул юм.

Үвшин овогтой Сагадайн 1909 онд Шинжаан мужийн хар Булган гэдэг газарт малчин Үвшины гэр бүлд төрж, бага наснаасаа мал хариулан амь зууж байгаад, 1933 онд Монголд амьдрахаар нүүж ирсэн байна. Тэрбээр багаасаа цовоо сэргэлэн, авхаалж самбаатай, дуу, үлгэрт авьяаслаг, хөгжилтэй, нөхөрсөг, эелдэг зан ааштай гэж нутгийнхан нь талархан үздэг учраас нэр хүндтэй хүн байв. Үүний зэрэгцээ Шинжаны Хами, Шар сүм, Хөх тохой, Эрчис, Чингэл, Цагаан гол зэрэг нутаг орныг сайн мэддэг учраас хүмүүс хол аялал, айлчлалаар явахдаа Ү.Сагадайг дагуулж явдаг байснаас казахын нөлөө бүхий хүмүүсийн олонхийг таньдаг байлаа.

Түүний үнэнч шударга, зориг хатуужилтай, зорьсноо заавал биелүүлэх эрмэлзэлтэй, юмны арга эвийг олохдоо сайн зэрэг чанар нь гүйцэтгэх ажлын судалгаагаар батлагдсаныг үндэслэн 1933 оны арванхоёрдугаар сард Үенч дэх комендатурын төлөөлөгч Шарав, заставын дарга Алтангэрэл нар холбоо тогтоон ажиллуулжээ. Дараа нь түүнийг нууц (туслагч)-д элсүүлэн хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлсэн байна. 1930-аад оны эхээр олон айл өрх хил даван оргон гарсны зэрэгцээ мөн хил нэвтрэн Монголын нутагт богино хугацаагаар суурьших, тэрчлэн хилийн цаанаас нэвтрэн дээрэм тонуул хийх явдал тасрахгүй байлаа. Иймд оргон гарсан айл өрхүүд хаагуур нутаглан, ямар санал сэтгэгдэлтэй байгаа хүмүүсийн зорилго, төлөвлөгөө, хэзээ, хаагуур дээрэм хийхээр бэлтгэж байгаа зэргийг судалж мэдэх, урьдчилан сэргийлэх явдал Аюулаас хамгаалах байгууллагын чухал зорилт болж байв. Ү.Сагадай 1933 оны арванхоёрдугаар сараас 1934 оны зургаадугаар сар хүртэл Алтангэрэл, Тэгшээ нарын заавраар “бага зэрэг худалдаа наймаа хийх, худ бололцохоор тохиролцсон айлдаа очих” халхавч хэрэглэн Шинжааны Цагаан голд нутаглаж байсан казахын толгойлогч тайж Дөнөн, Найзар, Баянбай, Баяхадам нар болон тэдний дээрэмчдийн байршилд есөн удаа очиж, тэдний суурьшил, хоорондын харилцаа, Монголоос дээрэм хийх төлөвлөгөөг тандан мэдэхдээ сэжиг хардлагад өртөлгүй даалгавраа бүрэн биелүүлжээ.

Тухайлбал, тэд 1933 онд Монголд нүүдэллэн ирсэн 900-гаад өрх казахын толгойлогч нартай холбоо тогтоон, 1934 оны хавар мал төллөж дуусахаар хил давуулан авахаар тохиролцсон, мөн Бархөл, Байтаг Богд, Хөх ба Хар сэрх гэдэг газар нутаглаж байгаа казахуудтай байнга харилцан, 1934 онд Монголын Говь-Алтай аймгийн Аж Богдоос Ховд аймгийн Мөнххайрхан хүртэлх чиглэлээр бөөн хүчээр дээрэм хийхээр төлөвлөж буй талаарх мэдээллийг олж, тэдний тоо, зэвсэг, байрлалыг тодорхой судалж мэджээ.

Энэ мэдээлэл дараа нь болсон үйл явдлуудаар батлагдсан юм. Чингэл, Цагаангол, Байтаг Богдын орчимд байрласан дээрэмчид зөвхөн 194 оны 5-9 дүгээр сар хүртэл удаа дараа хил давж, 250 км хүртэл гүн нэвтэрч, Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Цэцэг, Үенч, Булган сумын 228 өрх айлаас бод мал 10000 гаруй, бог мал 50000 гаруй, олон арван мянган төгрөгийн үнэтэй эд хогшил дээрэмдэж байв.

Шиньжан мужид тогтнон байсан Шэн Шицайн Засгийн газар Гоминьданы Засгийн газрын нөлөөгөөр 1943 онд ЗХУ-аас харилцаагаа тасалж, мэргэжилтнүүдийг нь буцаан, Гоминьданы бодлогыг илэрхий баримтлах болжээ. Иймд Шиньжаны олон үндэстэн ястны эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөн тэр тусмаа Алтайн босогчдын хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Шиньжан мужийн Кулжаа, Ил тарвагатайн уйгар, торгууд, казах ястнаас Гоминьданы Хятадын эсрэг боссон хөдөлгөөнийг дэмжихэд манай тагнуулын арга хэмжээ чиглэгдэх болов.

ЗХУ-ын тагнуулын байгууллагатай хамтран Шиньжанд явуулах тагнуулын ажлын зорилт, арга хэмжээг тодорхойлсон СнЗ-ийн ерөнхий сайд маршал Х.Чойбалсангийн баталсан хоёр удаагийн төлөвлөгөө, түүнээс энэ ажлыг биечлэн удирдсан ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхэржав, орлогч зөвлөх П.П.Пахомов, В.Ф.Артаманов, Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын орлогч сайд, хошууч генерал Б.Дорж, зөвлөх Ф.С.Попов нарт өгч байсан зааварт: -Хятадын Шиньжан муж дахь цэргийн эрхтнүүд Монгол, Зөвлөлтийн эсрэг болон хятад бус үндэстэн ястны эрх чөлөөний төлөө тэмцлийн эсрэг явуулж байгаа бодлого, энэ бодлогодоо язгууртан баячуудыг хэрхэн ашиглаж байгааг тагнахын тулд суурин нууц нарыг олшруулах, маршрут нууцын ажиллагааг идэвхжүүлэх

-Монголын хилийн орчимд байрлуулсан Хятадын цэргийн зохион байгуулалт, тоо, зэвсэг, техникийн хангамжийг судалж, улмаар гүйцэтгэх хэсгүүдийг явуулан түүнийг бутарган сарниулах, ар талын зам тээвэр, холбооны хэрэгслийг нь хорлон сүйтгэх

-Шиньжан мужийн Хятадын эсрэг босогчдын улс төрийн зорилго, бүрэлдэхүүн зэргийг судлах, заримтай нь холбоо тогтоох, зэвсэг болон бусад зүйлийн туслалцаа үзүүлэх, Хятадын эсрэг тэмцлийг нь идэвхжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Энэхүү даалгаврыг биелүүлэхэд чиглэгдсэн гүйцэтгэх ажлын олон арван арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, хэд хэдэн удаа маршрут нууцыг явуулан холбоо тогтоосноор 1943 оны аравдугаар сард Хайртын даваанд Оспантай Монголын талаас анх удаа уулзаж, хэлэлцээ хийсэн ба 1944 оны хоёрдугаар сард Алаг толгойн заставт маршал Х.Чойбалсан Оспаныг хүлээн авч уулзаж билээ. Оспаны бослогыг Шиньжаны Алтай нутагт өргөтгөх зорилгоор “Ховог сайрын операц” гэж нэрлэсэн Ховд аймгийн Булган сумын торгууд ардуудаар бүрдсэн Б.Дүгэр, Т.Амарзаяа нарын удирдсан баг 1944 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл “Каваа, Буурчийн операц” гэж нэрлэсэн Баян-Өлгий аймгийн казах үндэстнээр бүрдсэн аймгийн дарга асан Хавийн ахалсан баг 1944 оны гуравдугаар сараас долдугаар сар хүртэл, “Цонж хотын чиглэлд хийсэн операц” гэж нэрлэсэн Б.Дүгэрийн ахалсан баг 1944 оны аравдугаар сар хүртэл, “Хөх толгойн чиглэлд хийсэн операц” гэж нэрлэж Баян-Өлгий аймгийн Хужирт, Дэлүүн, Толбо сумын казах үндэстнээр бүрдсэн аймгийн намын хорооны дарга асан Ногойн ахалсан отряд 1944 оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэл, тэрчлэн ахлах дэслэгч Шийлэгийн ахарлсан “Шар тохойн чиглэлд хийсэн операц” зэрэг Шиньжан мужийн олон үндэстэн, ястны эрх чөлөөний төлөөх бослого хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Хятадын эсрэг бослого гаргуулах, Оспаны гаргасан ухуулах хуудсыг тараах, түүний талд оруулах, цэргийн зариулалттай засмал зам, гүүрийн тэслэх, телефон утас таслах, цэргийн буудал, баазыг устгах, мал, хоол хүнс, тэжээл олзлох үүрэгтэй олон отряд, багийг явуулж тухай бүрт зорилгоо биелүүлж байв.

Ийм зорилготой “Мулейхэ хошуунд хийсэн операц” гэж нэрлэгдэх ажиллагааг Ховд аймгийн Үенч сумын казах үндэстнээр бүрдүүлсэн Ү.Сагадайгаар удирдуулсан 18 хүнтэй баг гүйцэтгэсэн юм. Тус багийг 1944 оны есдүгээр сарын 2-нд Шиньжаны Мулейхэ хошууны нутагт 25 хоногийн хугацаатай ажиллуулахаар явуулжээ.

Тэд Мулейхэ хошууны казах, чантуу нарын нэр хүнд бүхий толгойлогчидтэй уулзаж, холбоо тогтоон, Оспаны босогчдоос гаргасан ухуулах хуудсыг тарааж, тэднээр оруулах, Үрэмч, Хами хотын хоорондох төв засмал замын гүүрийг дэлбэлэх, телефон шугамыг таслах, хятадын цэргийн цуваа дамжин өнгөрдөг жижиг буудал, баазыг устгах зорилготой байв. Ү.Сагадайд Мулейхэ хошуунд нутагладаг манайд үнэнч хол ойр болж буй зүйлийг мэдэж байх бололцоотой хоёр хүнийг суурин нууцаар элсүүлэхээр судлан бэлтгэж, нэгээс хоёр хятад хүнийг амьд хэл болгон баривчлан авч ирэх даалгаврыг тусгайлан өгчээ.

Ү.Сагадайн баг Оспаны бослогын байгууллагаас явж байгаа гэсэн халхавч хэрэглэн тухайн нутаг орны байдал, хүмүүсийн санал сэтгэлийг судлан юуны өмнө тус хошуунд сүн-жан тушаалтай казах Аралбайгийн ерөнхий захиргаанд Үрэстөм, Сарсекбай, Кужархаан, Мухатай нарын хэсэглэн захирсан 2000 шахам өрх хасгаар бослого гаргуулан зэрэг нүүдэллэн Оспаны талд нэгдэн орох шийдвэрийг гаргуулж чадсан байна. Тэдгээр өрхүүдээс 180 эрийг цэргийн зохион байгуулалтад оруулж, аравт бүрийг тус багийн нэг хүн удирдах болов. Тэдгээр айл Байтаг Богдын хоёр Харгайтад ирж Оспаны талд нэгдэн оржээ.

Багийн дарга Ү.Сагадай хувийн даалгавраа биелүүлж суурин нууцад элсүүлэх боломжтой нэр нөлөө бүхий хоёр хүнийг судлан, тэдэнтэй үлдсэн айлуудыг Оспаны талд оруулан нүүлгэх бэлтгэлийг хангуулахаар тохирчээ. Судалсан нэг хүний хүүү Сагадолдой гэгч Мулейхэ хошууны Хятадын захиргаа Шиян (тосгон эсвэл суурин бололтой Д.Б)-д казах хэлний бичээчээр ажиллаж байснаар дамжуулан тэндэх цэргийн тоо, хүчин болон Үрэмчийн Засгийн газраас зохиогдох бүх ажлыг судалж байх болзоо, давхар болзоог тогтоосон байна.

Тус баг эдгээр ажлыг амжуулах явцдаа гурван газарт хорлон сүйтгэх ажиллагаа явуулжээ. Үүнд: Шар Булгийн ам гэдэг газарт агтны тэжээлийн вандуй, буурцаг 22 тонн, заг, хар мод зэрэг түлшний мод тэмээгээр 20 мянга, 550 мянган жин хүнсний талх зэргийг олзолж, босогчдод олгоод үлдсэнийг шатаажээ.

Түүнчлэн Хятадын цэргийн хүнсний хонь 6000, үхэр 150, адуу 33 толгойг олзлон босогчид, ядуучуудад тараан өгсөн байна. Ү.Сагадайн баг аравдугаар сарын 5-нд буцаж ирсний дараа мөн сарын 7-нд Батын удирдсан 33 хүнтэй торгууд багтай хамтран дахин Мулейхэ хошуунд буцаж, үүрэг гүйцэтгэжээ. Энэ хоёр баг хүч хавсран Мулейхэ хошууны цагдаагийн байгууллагыг довтлон устгаж, баримт бичгийг олзлон амьд хэл барих, нүүж чадалгүй үлдсэн казах айлуудыг нүүлгэн авчрах даалгавартай байв.

Ү.Сагадай, Бат нарын баг зохих судалгаа хийж, хятад цэргийн бэлчээрт буй малыг довтлон байлдаж байтал Цонжоос хэдэн зуун хүнтэй хятад цэргийн анги хүч нэмэгдүүлэн ирж, тэднийг бүслэхийг завдсан тул ухран гарчээ. Тэд шөнөөр Мулейхэ, Цонжийн хоорондох засмал дагуух телефоны мод 20-ыг унаган буталж, утсыг таслан, замын жижиг гүүр хоёрыг тэсэлжээ. Түүнчлэн хятад цэргийн салбар хэсэгтэй хэд хэдэн удаа байлдаж, 10-аад хүн устгаж, нутгийн 1000-гаад өрх айлыг Хятадын эсрэг босгож, хятад цэргийн дээрэмдсэн адуу 49, үхэр 388, хонь 4469, ямаа 1388 толгой болон хүнсний зүйлийг олзлон хоёр хятадыг амьдаар барин аравнэгдүгээр сарын 2-нд эргэж ирсэн байна.

Ү.Сагадай нь 1945 оны аравдугаар сарын 1-нд таван хүнтэй баг удирдан, хил нэвтэрч амьд хэл баривчлах, хорлон сүйтгэх үүргийг амжилттай биелүүлсэн байна.

1945 оны долдугаар сард Дорнод Туркестан улсыг Гоминьданаас чөлөөлж, есдүгээр сард Дорнод Туркестан улсыг Гоминьданаас чөлөөлж, есдүгээр сард Алтай аймгийг энэ улсын бүрэлдэхүүнд оруулж, аймгийн даргад Оспаныг томилов. Гэвч ганцхан аймгийг захирах нь түүнд чамлалтай санагдаж, энэхүү томилолтод сэтгэл дундуур байсан нь дараа дараагийн үйл явдлуудаас тодорхой харагддаг.

1946 оны гуравдугаар сард Гоминьданы Засгийн газар Шиньжан мужид өөрийн засаг захиргааг байгуулж, Оспаныг өөртөө татах, Туркестаны удирдлагуудтай муудалцуулах янз бүрийн явуулга хийсэн нь үр дүнгээ өгсөн юм. Оспан Туркестанд захирагдахгүй хэмээн Алтай аймгийн Шар сүмд суухаа больж, бие даан хятадуудтай харилцан гоминьданыхтай нэгдэх болжээ.

Гоминьданы Засгийн газар Оспаны хүсэлтийг ёсоор болгож, хоол хүнс, зэвсэг хэрэгслээр хангаж, зөвлөхүүдээ дэргэд нь суулган, Шиньжаны казахуудыг түүний мэдэлд захируулж, туг, тамга өгч, улмаар ЗХУ, Монголын эсрэг турхирах болов. Оспан Америкийн тагнуулын байгууллагын төлөөлөгчтэй ч холбоо тогтоож, хамтарч байсан баримт байдаг. Хятадын Ардын чөлөөлөх арми Шиньжанд нөлөөгөө тогтоож, Оспантай харилцахыг оролдсон боловч харин ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Иймд Оспаны эсрэг тэмцэх болж, хамтарч ажиллах хүсэлтийг Монголын талд тавьсан нь ЗХУ-ын ашиг сонирхолд ч нийцэж байсан юм.

Энэ бүхэнтэй холбоотойгоор Гоминьданы зүгээс ЗХУ, Монголын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг судалж, Оспаны бөөгнөрсөн хүчийг сарниулан устгах үүргийг Ховд аймгийн Булган сум дахь тагнуулын багт төвөөс хариуцуулсан байна. Тэд олон арга хэмжээ хэрэгжүүлсний дотор Оспаныг амьдаар нь баривчлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагаа явуулсан байдаг. Т.Амарзаяагаар ахлуулсан баг 1947 оны арванхоёрдугаар сард Оспаны лагерийг довтолсон боловч Оспан зугтаж, нэлээд баримт сэлтийг олзолжээ. Дээрх зорилгоор төвөөс бэлтгэсэн Б.Чалхааг 1948 оны зургаадугаар сард найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа явуулсан боловч уг даалгаврыг биелүүлж чадсангүй. Үүний дараа уг үүргийг гүйцэтгүүлэхээр Л.Дандар (Улсын баатар) ахлагчтай багийг хоёр удаа явуулсан боловч мөн биелүүлж чадаагүй юм.

Энэ үед Оспаны итгэлийг олж, шадар дотно ажиллах шилдэг нууцыг сонгон олж ажиллуулах шаардлага тавигдав. Тагнуулын багийн дарга Э.Гэрэлчулуун, Ховд аймгийн хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир нар Ү.Сагадайг сонгон авчээ. Ү.Сагадай нь олон удаа маршрут, нууцын даалгаврыг сайн биелүүлж, 1943-1944 онд Оспаны дэргэд хамгаалагчаар ажиллаж байсны дээр олон зуун өрх айлыг бослого гаргуулан Оспаны талд оруулах ажлыг идэвхтэй хийж түүнд үнэлэгдэж байсан зэрэг нь энэ шаардлагыг хангахаар байв.

1943 онд Баян-Өлгийн аймгийн Хужирт, Ховд аймгийн Үенч сумын ардууд элдэв цуурхалд автан, гадаадад оргон гарахад Ү.Сагадай тэдний хамт оргон гарчээ. Оспан тэр үед тус улстай харилцаатай тул оруулахгүйгээр өөртөө татаж буцаан ирүүлжээ. Харин манай зөвшөөрлөөр Ү.Сагадайг бусад 10 хүний хамт өөрийнхөө хамгаалагч болгон 1944 оны долдугаар сар хүртэл ажиллуулсан байна.

Ү.Сагадай нь 1945 оны арванхоёрдугаар сард гадаадад оргох гэсэн хэрэгт сэжиглэгдэн Касен, 1943 оны намар гадаадад оргон гараад эргэн ирсэн Хоушан нарын хамт Ховдын хэлтэст баривчлагджээ.

Нэг сарын дараа тэднийг өс хонзонгийн сэдэлтээр Мухай нарын хүн үгсэн хуйвалдаж, гүтгэсэн нь илэрч тогтоогдсон байна. Иймд тэднийг холбогдолгүй болгон суллах бүрэн үндэстэй байтал 1943 онд гадаадад оргосон хэрэгт нь 10 жил хорих ялаар шийтгэжээ.

Ү.Сагадай Ховд аймгийн хориход ялаа эдэлж байхдаа хоригдлуудын дотроос оргох санаа зорилготой Касен зэрэг хүнийг мэдээлж байв. Касенийг Увс аймгийн хориход шилжүүлсэн боловч тэр оргон гадаадад гарч, Оспаны дэргэд очин итгэлийг олж, оргодол хэсэг цэргийг толгойлох болсон байна. Касен нь Ү.Сагадайг шоронгоос оргосон халхавчаар Оспаны талд очуулахад үнэмшилтэй болох байв.

Ховд аймаг дахь хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир Ү.Сагадайгаар Оспаныг устгуулахаар төлөвлөсөн боловч Ховдод түр ажиллаж байсан ДЯЯ-ны зөвлөх В.В.Греднев, орлогч сайд хошууч генерал Б.Дорж нар түтгэлзэж, гурван сараас доошгүй хугацаатай ажиллуулахаар явуулсан байна.

Ү.Сагадайг “Улаанбаатарт шилжүүлэн хорихоор шийдвэрлэсэн, тэрээр Ховдын төвд байгаа гэртээ очиж хувцсаа сольж ирэх түр чөлөө авч улмаар оргосон, биеэ нууцлах үүднээс 10 гаруй хоног явган явж, хязгаарын сумд ойртон очоод морь, эмээл хулгайлан ихэд ядарч явсаар ирлээ” гэсэн халхавчаар Оспаны лагерьт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Ү.Сагадайг Булганы тагнуулын тасагт хэд хоног байлган, гүйцэтгэх үүрэг хэрэглэх арга үлгэрийг сайтар давтуулан, Оспаны лагерийн байрлал, чиглэлийг танилцуулж, хилийн шугам болох Нохой долоохын усан дээр мэдээ харилцаагаа хоёр талаас дамжуулж байх нууц хайрцаг байрлуулахаар тохирчээ. 1947 оны арванхоёрдугаар сарын 23-нд Булганы тагнуулын багийн төлөөлөгч Мардаан Нохой долоохын усан дээр хамт очиж нууц хайрцгаа байрлуулан Ү.Сагадайг хил нэвтрүүлжээ.

Ү.Сагадай сураглан явсаар арванхоёрдугаар сарын 27-нд Касений гэрт нь очив. Касен бүрэн итгэж, баярлан угтаж аваад гэртээ 14 хоног амруулсан байна. Ү.Сагадай 1948 оны нэгдүгээр сард Улаан элс хэмээх газарт байсан Оспаны гэрт очив.

Ү.Сагадайн талаар Оспан урьд нь сонссон учир ямар ч хардлагагүй угтан авсан байна. Оспан хэдэн хоногийн өмнө Монгол руу хийсэн довтолгоо амжилтгүй болсноо харамсан яриад өөрийн байдал, зорилгоо дотночлон танилцуулах далимд Гоминьдан, Америкийг магтан ярьж зочлоод хэд хоног биеэ амраахыг зөвлөжээ.

Ү.Сагадай Оспаны гэрч амарч байтал цагаан цэцэг өвчнөөр хүнд өвдөж, Жүнс гэдэг айлд хэвтэн сувилуулжээ. Хоёр сарын дараа Ү.Сагадайн өрөөсөн нүдэнд нь үүл тогтож хараа муутай болж эдгэрсэн байна. Оспан түүнийг Касений гэрт очиж биеэ тэнхрүүлэхийг зөвлөж явуулжээ.

Ү.Сагадайг явснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн тул Нохой долоохын усан дээр байрлуулсан нууц хайрцагт багийн дарга Э.Гэрэлчулуунаас “Чи мэнд сайн бол үүргээ болгоомжтой түргэн биелүүлээд, эд мөрийн баримтыг аваад буцаж ир” гэсэн бичгийг төлөөлөгч Мардаанаар хийлгэжээ.

Энэ нь Оспаныг болгоомжтой устгаад баримт болох зүйлийг аваад ир гэсэн утгатай бичиг байсан бөгөөд Ү.Сагадай уг бичгийн утгыг тайлан ойлгож чадах сэргэлэн авхаалжтэй хүн учраас ингэж бичжээ.

Хэсэг хугацааны дараа Оспан “Арван хүн удирдан явж, Монголын цэргийн дарга нараас нэгийг олзлон авчрах, бололцоогүй бол мал дээрэмдэж авчрахаар яваад ир” гэсэн даалгаврыг Касенаар Ү.Сагадайд өгүүлсэн байна.

Ү.Сагадай Монголын оргодол Тайжхөл нарын арван хүнийг удирдан 1948 оны дөрөвдүгээр сарын 5-нд Цонжийн районаас гарч 10-ны өдөр Нохой долоохын усны ойролцоо ирээд зээр агнах нэрийдлээр нөхдөөсөө тасарч, нууц хайрцагт анхныхаа мэдээг хийв. Тэр мэдээндээ Оспаны санал сэтгэл, харилцаа, дээрэмчдийн хүч, байрлалын тухай тодорхой бичиж “Чоно” (Оспан)-ыг устгах зөвшөөрлийг далд утгаар хүссэн байжээ. Энэ үедээ тав хоногийн өмнө хийсэн Э.Гэрэлчулууны мэдээг авчээ. Мөн сарын 13-ны шөнө хил нэвтрэн Булган голоос 40 адуу, 10 тэмээ, хулгайлан аваад буцаж очсан байна.

Ү.Сагадайн буцаж очсоны дараа аятай нөхцлийг ашиглан Оспаныг устгаад буцахыг төлөвлөж байсан боловч тавдугаар сарын 18-нд Оспан өөрийн хамгийн итгэлтэй, шилдэг гэж тооцдог 20-иод хүний хамт нэр зааж гэртээ дууджээ. Тэднийг очиход Оспан Ү.Сагадайг даргаар нь Найзархааныг орлогчоор нь томилж, 21 хүнийг түүний мэдэлд өгөн, Монголоос хилийн цэргийн дарга нарын хэн нэгийг амьдаар олзолж авчрахыг зөвхөн Ү.Сагадайд тушаалыг үг дуугүй биелүүл хэмээн явуулсан байна. Ү.Сагадай тэднийг дагуулан тавдугаар сарын 27-ны шөнө хил нэвтрэн зургадугаар сарын 1-нд Булган сумын нутагт оржээ. Хүмүүсээ хоёр хувааж нэг хэсгийг Ээвийн улаан үзүүр гэдэг газрын торгууд айлуудаас амьд хэл баривчлах үүрэг өгч явуулаад хэсэг хүмүүстэйгээ сумын төвөөс өмнө Цоохор нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар үлджээ. Хэл баривчлах хүмүүсээ нэлээд холдсоны дараа Ү.Сагадай бид эндээ хүлээхээ болъё. Баянсуудлын ар үзүүрт байгаа манай Касений хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар миний араас яаралтай, сэмхэн яваад тэнд оч. Би энэ тухайгаа хэлэхээ мартсан байх тул тэдэнд араас нь очиж хэлээд ирье хэмээн ганцаар явжээ. Тэрбээр Булган сумын төвд байсан багт энэ тухай мэдэгдэв. Мэдээг авмагц багийн дарга Э.Гэрэлчулуун хилийн отрядад мэдээ явуулахын хамт ардын туслах багийн 20 гаруй хүнийг цуглуулан Ү.Сагадайг дагуулан дээрэмчдийг мөрджээ. Улмаар дэд хурандаа Х.Цэрэндорж даргатай зургадугаар ортядын цэргийн багтай нийлж, дээрэмчдийг бүслэн заримыг устгаж, заримыг баривчлан гурвыг нь хил давуулан алдсан байна.

Ү.Сагадай эргэж ирээд “Ма нар анх явуулахдаа бүрэн итгэж даалгасан бол би өвчлөөд эдгэрснийхээ дараахан л тун ч төвөггүй Оспаныг тонилгочихоод толгойг нь аваад ирэх байсан юм. Намайг эдгэрсний дараа Оспан надад “ Би Монголд довтлуулан гэр хөрөнгөө сүйтгүүлж, радио холбоогоо олзлуулан, суурьшил алдаж зүдрэл үзлээ. Сагадай чи ч шоронд орж арай гэж ирээд хүнд өвчилж зовж явна. Морь унаж хоёулаа хээр салхинд явж уйтгах гунигаа сэргээе” гэж хэлээд хоёулхнаа морь унаад, надад нэг винтов өгч, өөрөө маузер буу, дуран зүүж гэрээсээ алс хээр гарлаа. Тэр өдөр элсэн талд зугаалан бүтэн өдөржингөө явж байхдаа хэд дахин мориноос бууж элдвийг сонирхон ялангуяа тогтмол үйлддэг мөргөлийнхөө цагт Оспан морь, буу зэвсгээ надад өгөөд мөргөл үйлдэж байсан. Энэ үед түүнийг алж элсэнд булчихаад явах бодол төрсөн боловч тийм даалгавар аваагүйдээ аль нэг талаар буруудахаас болгоомжлоод тэвчин өнгөрсөн юм. Харин нууц хайрцагт хийсэн энэ бичгийг үзээд Оспаныг алаад баримт авчир гэсэн үг болохоос зайлахгүй гэж бодоод дээрх байдлаар завшаантэй үе тохиолдвол уг зүйлийг хийж бүрэн болохыг бодож явтал Оспан гэнэт даалгавар өгч нааш явуулсан юм” гэж харамсан ярьж байжээ. Ховд хэлтсийн дарга асан хурандаа Ц.Төмөр-Очир дурсан ярихдаа “Бид нууц Ү.Сагадайд Оспаныг устгах даалгавар өгөхөөр төлөвлөснийг төвөөс зөвшөөрөөгүй. Ү.Сагадай явахдаа надад хандаж: танд хэлэх юм алга уу гээд байсан...” гэсэн байдаг.

Ийнхүү Ү.Сагадай нь тагнуулын байгууллагаас өгсөн олон удаагийн үүргийг идэвх зүтгэлтэй биелүүлсэн бөгөөд зарим нэгэн баримтыг дэлгэн тавилаа. Ү.Сагадай нь 1958 он хүртэл Аюулаас хамгаалах байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж байв.

Эшлэл засварлах

Гадаад эх сурвалж засварлах