Рэйвэний сайжруулсан матриц
Рэйвэний сайжруулсан матриц (буюу Рэйвэний матриц) бол үгэн бус сорил бөгөөд балчир насны хүүхдүүдээс эхлэн өндөр настай хүмүүсээс авдаг хамгийн түгээмэл сорил юм.
Сорил 60 ширхэг, олон сонголттой, хялбараас хэцүү рүү дараалсан асуултаас бүрдсэн байдаг. Энэ сорил нь хүмүүний аливаа учир зүйг ойлгох, асуудлын учрыг олох чадвар буюу Спирмэний g-ийн бүрэлдэхүүн болох "оюуны ерөнхий чадамж"-ийг хэмжихэд чиглэсэн болно.
Энэхүү сорилыг Жон С. Рэйвэн 1936 онд зохиосон. Сорилд оролцогч сорил бүрээс дутагдаж буй нэг зүйлийг гүйцээн дарааллыг дуусгах даалгавартай. Дараалал нь 4х4, 3х3, 2х2 зэрэг харьцаатай матриц байдаг.
Хувилбарууд
засварлахОролцогчдын чадвараас хамааран матриц гурван өөр хэлбэртэй байдаг:
- Жирийн матриц: Энэ бол анх 1938 онд нийтлэгдсэн, матрицийн анхны хэлбэр юм. Товхимол тус бүр 12 зүйлээс (ж.нь: A1-ээс A12) бүрдэх 5 хэсэгтэй (A-аас Е). Зүйлс хойшлох тусам улам хэцүү болж, мэдээллийг хүлээн авч, шинжлэхэд танин мэдэхүйн улам өндөр чадвар шаарддаг байна. Зүйл бүр цагаан дэвсгэр дээр хар бэхээр дүрслэгддэг.
- Өнгөт матриц: 5-аас 11 насны хүүхэд, өндөр настан, оюун ухааны болоод биеийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан. Энэ хэлбэр жирийн матрицийн А, B хэсгийг агуулахаас гадна эдгээрийн хооронд хавчуулсан 12 зүйлтэй Аb хэмээх хэсэгтэй байна. Үзэхэд сонирхолтойн үүднээс ихэнх зүйлс өнгөт дэвсгэртэй байдаг. Харин B хэсгийн сүүлийн хэдэн зүйл хар, цагаан байх бөгөөд ингэснээр хэрэв оролцогч шалгуурын түвшинг даваад C, D, E хэсгүүд рүү орох болвоос шилжилтийг нь зөөллөдөг байна.
- Дэвшилтэт матриц: 12 зүйлтэй нэг хэсэг (I хэсэг), 36 зүйлтэй нэг хэсгээс (II хэсэг) бүрдэх нийт 48 зүйлтэй хэлбэр. Мөн хар, цагаанаар дүрслэх бөгөөд хэсэг ахихад илүү хэцүү болдог. Энэ хэлбэр дундажаас дээгүүр оюуны чадамжтай насанд хүрэгчид, өсвөр настангуудад тохиромжтой.