Рубикийн шоо нь 1974 онд Унгарын зохион бүтээгч, архитектор Рубик Эрнёгийн бүтээсэн гурван хэмжээст эвлүүлдэг тоглоом. Анх "Шидэт шоо" гэдэг нэртэй байв.

Рубикийн шоо

Үүсэл хөгжил засварлах

1944 оны 7 сарын 13-нд Унгарын Будапешт хотноо, ирээдүйд Рубик шоог зохион бүтээх хувьтай Рубик Эрнё Рубик хорвоо дээр мэндэлсэн юм. Түүний эцэг Эстэргом хотод үйлдвэрийн инженер, харин ээж нь зохиол бичдэг байж. 1967 онд Эрнё Будапештийн техникийн их сургуулиа инженер мэргэжлээр төгсжээ, дараа нь аспирантурт барилгын дизайнер мэргэжлээр сурлагаа үргэлжлүүлжээ. 1971-1975 онуудад архитектор хийж , дараа нь акадэми руугаа буцаж профессор цолыг хүртжээ.

1975 Рубик шооныхоо төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Тэр энэ ажилдаа нэгээс илүү жилийг зарцуулсан байна. Тэр 3х3х3 шоог хийхээс өмнө 2х2х2 дээр ажиллаж эхэлжээ. Энэ нь ч түүнд туршлага болсон аж. Тэр бүх тал нь эргэдэг шоог бүтээчихлээ. Дараа нь шоог яаж бүх тал нь ижил байхаар эвлүүлэх вэ гэсэн асуудал гарч ирлээ. Энэ асуудлыг шийдэхээр Эрнёд түүний найзууд болон сурагч нар нь тусалжээ.

Өргөн дэлгэрсэн нь. 1980-1982 онууд засварлах

1980-аас 1982 онуудад рубикийн шоо маш хурдтай тархах боллоо. Цэргүүд, банкны менежерүүд, бэйсболын тоглогчид, номын санчид бүгд л рубикийн шоог өглөөнөөс орой хүртэл оролдож байжээ.

Хүмүүс өнгө эвлүүлэхийн оронд алдартай зураачдын бүтээлүүдийг эвлүүлэх боломжтой болжээ. Энэ онуудад шоог эвлүүлж сурах хүсэлтэй хүмүүс маш их болжээ. Энэ хүмүүст зориулагдсан рубикийн шооны тухай 60 гаруй ном гарсан байна. Бас ЗХУ-ын алдартай сэтгүүл "Наука и жизнь" дугаар болгондоо рубикийн шооны тухай 2-3 хуудас зориулах болжээ.

Хичээлийн цагаар хүүхдүүд шоог ширээн доороо эвлүүлдэг болжээ, үүнийг багш нар мэдчихээд хурааж аван хичээлийн дараа өөрсдөө шоог эргүүлэн оролддог байжээ. Бас сургуулиудад рубикийн шооны эвлүүлгийн нууц тэмцээнүүд их болдог байсан аж. Англи улсын сэтгэл зүйчид уг тоглоомыг шимпанзед өгч үзжээ. Шимпанзэ сармагчин шоог их сонирхсон байдалтай шинжин үзжээ, дараа нь тэд их уурласан байна. Зарим сармагчин хол гэгч нь шидэж, зарим нь идэхийг хүсэн, зарим нь бүр эвдэн жижиг хэсгүүдэд хуваасан ажээ. Английн сэтгэл зүйчдийн судалснаар зарим хүмүүс шоог олон цагаар үр дүнгүй эргүүлснээс болж бухимдан шоог эвдэх хүсэл төрдөг байна. Энэ хүмүүст зориулж үйлдвэрүүд шоог эвдэх зориулалттай жижиг хуванцар алх гаргажээ. Үүнийг худалдан авахад "шооны жижиг хэсгүүдээр юу урлаж болох вэ?" гэсэн гарчигтай заавар дагалддаг байсан аж.

1978 онд рубикийн шоо Унгарын үндэсний шагналыг шилдэг тоглоомоор авчээ. Бас АНУ, Их Британи, Франц, Германд шилдэг тоглоомоор шалгарсан байна. 1981 онд шоо Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд тавигджээ. Мөн онд Англид шоог хунтайж Чарльз болон Диана гүнж нарт танилцуулах ёслол явагдсан байна. Нэг жилийн дараа рубикийн шоо хэмээх үг Оксфордын англи хэлний толь бичигт багтжээ.

1982 онд Будапешт хотод рубикийн шооны эвлүүлгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагджээ. Тэнд улс улсаасаа шалгарсан 19 орны төлөөлөгчид оролцсон байна. Нэг хүн 3 удаа эвлүүлэх эрхтэй, энэ 3 оролдлогоос хамгийн хурдан нь тооцогдоно. Бүх шоо 25-30 эргэлтээр адилхан холигдсон. Оролцогч бүрт шоог ажиглуулах гэж 15 секунд өгнө. Оролцогч бүр шоог 60-аас дээшгүй секундэд эвлүүлэх ёстой. Эцэст нь тэмцээний ялагчаар 22.95 секундэд эвлүүлж чадсан Лос Анжелесын оюутан Минх Тай тодорчээ. Харин нэг оролцогч яарч байгаад хоёр шоо эвдэлсэн байна. Энэ онуудаас хойш шоо түгээмэл байхаа больж эхэлжээ, сая сая шоонууд харанхуй буланд тоосоор даруулан хэвтэхээс өөр аргагүй боллоо.

Рубик Эрнё Унгартаа алдарт саятан болчихоод зүгээр суугаагүй юм. Тэр рубикийн могой хэмээх шинэ эвлүүлдэг тоглоомыг зохион бүтээжээ. Энэ тоглоомыг бүтээхдээ эртний хятадын танграм тоглоомоос санаа авсан байна. Гэхдээ энэ тоглоом рубикийн шоог гүйцэхэд маш хол байлаа.

Дахин сэргэсэн нь. 1996 он – өнөөдөр. засварлах

1996 онд АНУ-д ойролцоогоор 300 мянган шоо зарагдсан бөгөөд энэ тоо өсөж эхэлсэн байна. Бас Англи, Японд 100-гаад мянган шоо зарагдсан аж.

21-р зуунд "Дэлхийн шооны холбоо" (WCA) байгуулагджээ. Энэ холбоо нь албан ёсны дүрмээр тэмцээнүүдийг зохиодог юм. Хүмүүс шооны рекордуудыг ар араас нь эвдсээр л байлаа, тэдний амжилтын зорилго нь 10 секундэд ойртож байлаа. Ингээд 2007 оны 5 сарын 5-нд Францын Тибо Жаклино 9.86 секундэд эвлүүлж, арваас доош секундэд шоог эвлүүлж чадсан анхны хүн болжээ.