Потсдамын тунхаг

(Потсдамын Тунхаг-с чиглүүлэгдэв)

Потсдамын Тунхаг буюу Японы бууж өгөх нөхцөлийн тухай тунхаглал (англи. The Potsdam Declaration or the Proclamation Defining Terms for Japanese Surrender) нь 1945 оны 7-р сарын 26-нд Потсдамын бага хурлын хүрээнд Их Британи (Уинстон Черчилль), АНУ (Харри Трумэн), Бүгд Найрамдах Хятад улс (Чан Кайши) гэсэн гурван гүрний Засгийн газрын хамтран гаргасан Тунхаг бичиг юм.

Потсдамын Бага хурал. 1945 оны 7-р сарын 26-нд

Потсдамын Тунхаглалд Дэлхийн 2-р дайнд Японы арми үг дуугүй бууж өгөхийг шаардаж, татгалзсан тохиолдолд холбоотнууд Японыг "хурдан бөгөөд бүрэн устгана" (англи. prompt and utter destruction) гэж заналхийсэн баримт бичиг юм.

Энэхүү Тунхаглал гарснаас хоёр хоногийн дараа буюу 7-р сарын 28-нд Японы Засгийн газар Потсдамын тунхаглалын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж хүлээн авахгүй гэдгээ "дуугуй байх буюу тайлбар хийхгүй байх" зарчмаар илэрхийлсэн байна.

АНУ 8-р сарын 6-нд Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөв. 8-р сарын 8-ны орой урьдчилсан нууц хэлэлцээрийн дагуу ЗХУ Потсдамын тунхагт нэгдэн Японд албан ёсоор дайн зарлаж 8-р сарын 9-ний үүрээр байлдааны ажиллагаагаа Манжуурт гурван чиглэлээр эхүүлсэн түүхтэй.

8-р сарын 9-нд АНУ Японы Нагасаки хотыг атомын бөмбөгөөр мөн бөмбөгдөв.

8-р сарын 14-нд ялагдсан Япон улс Эзэн хаан Хирохитогийн халдашгүй дархан байдлыг хангах тухай цорын ганц нөхцөлтэйгээр Потсдамын Тунхаглалын бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байна.

1945 оны 8-р сарын 14-нд Эзэн хааны жанжин штаб нь Эзэн хаан Хирохитогийн зарлигаар Японы зэвсэгт хүчний командлал, Японы хяналтад гадаадад болон дотоодод байгаа цэргүүд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, зэвсгээ хураалгаж, одоогийн байр сууриндаа хэвээр үлдэж, АНУ, Бүгд Найрамдах Хятад Улс, Их Британийн эзэнт гүрэн, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын өмнөөс ажиллаж буй командлагч нарт болзолгүйгээр бууж өгөх тушаал гаргасан байна.

Ингээд 1945 оны 9-р сарын 2-нд АНУ-ын усан цэргийн флотын "Миссури" хөлөг онгоц дээр Япон улс бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурж үндсэндээ Дэлхийн хоёрдугаар дайн эцэс болсон гэж түүх судлаачид үздэг юм.