Портсмутийн энх тайвны гэрээ

Портсмутийн Энх тайвны гэрээ (япон. ポーツマス条約 пооцүмасү жооякү, орос. Портсмутский мирный договор) — Орос-Японы 1904-1905 оны дайны үр дүнд Оросын хаант улс, Японы Эзэнт улсын хооронд байгуулсан гэрээ юм. Уг гэрээнд АНУ-ын Портсмут хотод 1905 оны 8-р сарын 23-нд (9-р сарын 5-нд) гарын үсэг зурсан. Энэхүү хоёр талын Гэрээнд Оросын талаас Сергей Витте, Роман Розен, японы талаас Комүра, Такахира нар гарын үсэг зурсан байна. Мөн хэлэлцээнд Оросын талаас Иван Коростовец, Набоков нар оролцсон ажээ.

Портсмутийн гэрээний хурал. Оросын тал-Коростовец, Набоков, Витте, Розен, Планкон. Японы тал- Адачи, Очиай, Комүра, Такахира, Сато.

Портсмутийн энх тайвны гэрээний дагуу дараах баримт бичгүүд хүчингүй болсон:

  • Оросын хаант улс, Манж Чин улс хоорондын 1896 оны Холбоотны гэрээ. (Японы эсрэг Орос, Хятад цэргийн холбоотон байх тухай гэрээ).
  • 1898 оны Орос-Хятадын Конвенци (Ляодун хойгийг /түүний дотор Порт-Артур боомт/ Орос улсад түрээслэх эрх олгож байсан).

1905 оны 4-р сарын 18-нд АНУ-д суугаа Японы элчин зөвлөх Такахира Ерөнхийлөгч Теодор Рузвельтээс энхийн санал тавихыг хүсэв. Америкийн талын урьдчилсан шаардлагын дагуу Рузвельт Японд Хятадад "нээлттэй хаалга"-ны зарчмыг баримталж, дайны төгсгөлд Манжуураас цэргээ гаргах нөхцөлийг тавьжээ. Японы тал 1905 оны 4-р сарын 24-ний албан ёсны ноот бичгээр шаардлагатай амлалтаа өгсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт "Япон Оросыг Зүүн Азиас шахахаас нь өмнө" хурдан энхийн хэлэлцээр байгуулахаар шийдсэн байна.

Т.Рузвельт энхийн хэлэлцээг байгуулах санал гаргахад Оросын эзэн хаан II Николай "ялалтаас илүү дотоод байдал чухал" гэсэн байр суурийг үндэслэн энэхүү саналыг хүлээн авчээ.

Портсмутийн энх тайвны гэрээ байгуулах бага хурал 1905 оны 8-р сарын 9-нд нээгдсэн юм. Японы талын тавьсан шаардлага. Үүнд:

  • Солонгос дахь Японы үйл ажиллагааны эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх.
  • Оросын цэргийг Манжуураас гаргах.
  • Ляодун хойг болон Өмнөд Манжуурын төмөр замыг (ӨМТЗ) Японд шилжүүлэх.
  • Цэрэг дайны хохирлын зардлыг Оросын тал төлөх.
  • Эзлэгдсэн Оросын хөлөг онгоцуудыг Японд шилжүүлэн өгөх.
  • Сахалин (Портсмут хот дахь уг хурлын нээлтийн өмнөх өдөр Японы цэргүүд эзэлсэн) болон зэргэлдээх арлуудыг Японд нэгтгэх.
  • Алс Дорнод дахь Оросын тэнгисийн цэргийн хүчнийг цөөлж хязгаарлах.
  • Оросын эрэг дагуу загас барих эрхийг Японд олгох.

Гэрээний агууллга

засварлах

Портсмутийн энх тайвны гэрээ нь 15 зүйл, хоёр нэмэлт өөрчлөлтөөс бүрдсэн.

Энх тайвны гэрээ нь Орос, Японы эзэн хаад, улс, субьектүүдийн хооронд энх тайван, найрамдалтай байхыг тунхагласан.

Гэрээний дагуу Орос улс Солонгосыг Японы нөлөөллийн бүс гэж хүлээн зөвшөөрч, Порт Артураас Куанчэнзи хүртэлх Өмнөд Манжуурын төмөр замын нэг хэсэг болох Порт Артур, Даляний хамт Ляодун хойгийг түрээслэх эрхийг Японд шилжүүлж, 12 дугаар зүйлд Охотск, Берингийн тэнгисийн Оросын эрэг дагуу Япон загас агнуур хийх тухай конвенц байгуулахаар тохиролцов.

Орос улс Сахалины өмнөд хэсэг (50-р параллель) болон Сахалины ойролцоох бүх арлуудыг Японд шилжүүлэв.

Энэ гэрээгээр Манжуурын замыг хоёр тал зөвхөн арилжааны зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан.

Талууд дайнд олзлогдогсдыг харилцан солилцохоор тохиролцов.

Дэлхийн 2-р дайнд Япон ялагдаж, 1945 оны 9-р сарын 2-нд бууж өгсний дараа Портсмутийн энх тайвны гэрээ хүчингүй болсон гэж Оросын тал үздэг.