Очирын Намнандорж
ТОВЧ НАМТАР
Халхын Түшээт хан аймгийн Мишиг гүний хошууны Түмэнтэй жонон гэдэг тайжийн албат, харц ард Очирын 2-р хөвгүун болон 15-р жарны цагаан хулгана жилийн өвлийн эхэн-зул сарын 25-нд мэндэлжээ.
Энэ нь өнөөгийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Ямаат гэдэг газар 1900 оны 11-р сарын 25-нд тохирч байгаа юм. Бага насаа эцэг эхийн хамт енгөрүүлж эцэг эх, ах эгчийнхээ хамт хоосон ядуу амьдралтайгийн улам нутгийн харъяат ноён ба тайж нарын хурдны морийг унах, аргал түүх зэрэг ажлыг нь хийж, малыг нь хариулж зарцлагдан амьдарч яваад, багаасаа өнчрөн 1921 онд, урьд нь лам болохоор эхээрээ овоглон хүрээ орсон ах Цэндийн Лувсангомбынхоо хойноос Да хүрээг зорьжээ.
Хүрээнд ирээд Сангийн яамны сайд Довчин бэйсийнд сууж гэрийн нь ажилд тусалж бичиг ном заалгаж сураад 1922-1924 онд хэвлэлийн хороонд үсэг өрөгч, цэргийн гаражид бичээчийн ажил хийж явжээ.
1924-1928 онд Монголоос гадаадад явж сурах болсон анхын 18 хүмүүсийн нэгэнд орж зөвлөлийн орны Ленинград (Петербург) хотноо Янукедзегийн нэрэмжит Дорно дахиныг судлах институтэд очиж суралцаад төгсгөж иржээ.
Эргэж нутагтаа ирээд жолоочийн сургууль, Сүхбаатарын сургуульд багпшлж, мөн хотын хоршоонд нарийн бичгийн дарга, Монгол тээхэд орчуулагчийн ажлыг тус тус хийж байжээ. 1935 онд Москвад очоод Зам гүүр,автын дээд сургуульд дахин суралцаж байхад нь Монголын ЭСЯ-ны сайд Ж.Самбуу (хөгжмийн зохиолч Маяагийн эцэг) тухайн үед дээд боловсролтой байтугай бичиг үсэг сайн мэдэх хүн ховор байгааг учирлан ЭСЯ-нд татан авч ажиллуулсан байна. 1938 онд (бэлэвсэрч бага хүүхэдтэй үлдсэн учир) эргэж нутагтаа, Улаанбаатарт ирээд Худалдааны техникум, холбооны техникум, 10 жилийн 1-р дунд сургуулиудад багшилж газарзүй, олон улсын эдийн засгийн газар зүй, байгалийн ухаан, од зүйн хичээлүүдийг зааж байв.
1945 оноос Гэгээрлийн яамны заах аргын хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 1948 онд Шинжлэх ухааны Хурээлэнд шилжиж ажилласнаас хойш 1989 онд насан өөд болтлоо 40 гаран жил эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хийсээр байв. Ингэж ажиллаж байхдаа 1949-1952 онд Багшийн дээд сургуулийг оройгоор, 1952-1954 онд улсын их сургуулийн газарзүйн ангийг эчнээгээр суралцаж дүүргэжзэ.
Байгаль хамгаалах үйл хэрэгт хийгээд эх орныхоо баялаг, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах талаар хүчин зүтгэснийг нь үнэлж, нам засгаас хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одонгоор 3 удаа, хөдөлмөрийн хүндэт медаль болон бусад одон медалиудаар шагнасны гадна монголын байгаль хамгаалах нийгэмлэгийн хүндэт гишүүнээр сонгогдсон, мен МЭДН-ийн тэргүүний лектор, Бүх холбоотын "Знание" (мэдлэг) нийгэмлэгийн шагналтай.
Бичиж хэвлүүлсэн ном, бүтээл 70 гарч байгаагаас гадаад хэлээр хэвлэсэн 6 номын 3 нь тус бүр орос, англи, франц хэл дээр хэвлэгджээ. "Мөнх хааны хөшөө" ба "Хилэн галзуу баатар"гэдэг номоор нь гадаадынхан эрдмийн зэрэг цол хамгаалсан байна.Эдгээрээс гадна бичиж сурталчилсан лекц (40 гаруй сэдвээр) сонин хэвлэлд гарсан өгүүлэл өдий төдий олон бий.
О.Намнандорж бол Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийг санаачлагчдын нэгэн бөгөөд энэ нийгэмлэгийн үйл ажилд О.Намнандорж онц идэвхтэй оролцсон юм.
Тэр үед О.Намнандорж эх орны баялгийг шинэ нийгмийн бүтээн байгуулалтад зрриулах нь зүй ёсны асуудал боловч түүнийг хэтийн бодлого, судалгаа муутай үрэлгэн ашиглаж буй хийгээд, Зөвлөлтийн талаас Монголд ямарч хяналтгүй дураар аашилж байгаа үнэн бодитой явдлыг шүүмжлэн лекц яриандаа оруулан баримт нотолгоотой ярьсаны улмаас эрүүл биш үзэл санаа дэлгэрүүллээ хэмээсэн зэмлэлийг дээд газраас авч лекц ярианд нь хязгаарлал, хяналт тавих болжээ.
Лекторын томилолтыг түүнд бараг хааж, гадаад улсад жилд арав хорин лектор явуулдаг асан атлаа нэрт лектор Намнандоржийг ганц ч удаа түүнд оруулаагүй юм. Ганц удаа 1957 онд ЗХУ-д явахдаа лекц хийгээд Бүх Холбоотын "Знание" Нийгэмлэгийнх нь шагналыг авсан байсан. Гэсэн ч байгууллага, үйддвэр, соёл, гэгээрлийн газруудын урилгаар лекц уншсаар байсан юм.
1940-1960 онд нийтэд 4200 удаа лекц, 1961-1980 онд 5840 удаа лекц хийсэн байна. Түүний уншсан лекц жил ирэх тутам өсөн нэмэгдэж давхардсан тоогоор 2,1 сая сонсогч хамрагдсан байна.
О.Намнандорж хэдий ийнхүү хавчигдан хяхагдавч эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн ажилд үнэнчээр зүтгэж, суртал нэвтрүүлгийн секц, арга зүйн зөвлөлийн үйл ажиллагаа нийгэмлэгийн янз бүрийн шатны хурал зөвлөлгөөнд чин сэтгэлээс оролцож ямагт шинэ санал дэвшүүлж зөвлөгөө өгч байв.
Түүнчлэн "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлд бичиж (1940-өөд оноос амьдралын сүүлч хүртлээ зөвхөн энэ сэтгүүлд 100 гаран өгүүлэл) нийтлүүлсээр байсан байна.
Нийгэмлэгийн захиргаанаас түүнийг "Тэргүүний лектор", Бүх Холбоотын "Знание" нийгэмлэгийн "За активную работу" тэмдэгээр тус тус шагнажээ.
НА БАГШАА ЭРГЭН ДУРСАХАД О.Цэрэв (ЭШАА)
Би урьд нь На багшийн бичсэн ном, сонин сэтгүулийн өгүүллийг сонирхон уншиж, эчнээ танил болсон юм. 1957 онд Улсын багшийн институтын газарзүйн анги төгссөнийхөө дараа 8-р сард Гурван нуурын амралтанд амарч байхдаа Намнандорж гэдэг ендөр гуалиг нуруутай хижээлдүү хүн очиход анх зүс царайгий нь харж, амрагчдад уншсан лекцийг нь чих тавин чагнаж, үг яриаг нь сонссон билээ. Тэр үеэс хойш бичсэн өгүүлэл, ном товхимолыг нь амтархан уншихаар барахгүй дунд сургуульд монгол орны газарзүйн хичээл заахдаа баримт материал болгон ашигладаг байлаа. Хожим нь 1974 онд Газарзүй цэвдэг судлалын хүрээлэнгийн физик газарзүйн секторт ажилд орсон үеэсээ эхлэн На багштай өдөр бүр шахам нүүр учран үг сургаалийг нь сонсож, бас ч заримдаа сонирхсон зүйлээ асууж лавлан ярилцаж, ихийг мэдэж авдаг байж билээ.
Манай хүрээлэнгийнхэн их багагүй ахмад нас, эрдэм мэдлэгий нь хүндэтгэн "На багш" гэж дууддаг байсан. Одоо эрэгцүүлэн бодоход На багш зан харьцаа, гадаад байдал, хүниймөс чанар, ер нь аль ч талаараа маш энгийн, энгүй даруу, тун их үлгэр дууриалтай хүн байжээ. Ямарч үед маш цэвэр цэмцгэр хувцасладаг, хувцас хунараа хиртүүлэхгүй гэж гартаа таван хурууны цав цагаан бээлий хийж явдаг байв. Хэзээ ч архи, тамхи үл хэрэглэнэ. Айлын хурим найранд уригдаж очиход хамгийн эхэвд юмуу хойморт сууж, бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн сайхай уг хэлж, архи дарснаас амсаж, хоол цайг идэж уухын завсар хүмүүстэй тун энгийн ялдам сайхнаар ярилцана. Хэнд ч хэзээ ч ихэмсэг хямсгар зан авир үл гаргана. Хэнийг ч болов юм мэддэг мэддэггүй, дээр доор гэхгүй адил тэгш харилцана.Хэнийг ч дуудахгүйгээр өөрөө өрөөнд орж ирж ярилцана. Үгсэн бүлэглэх, хэн нэгний нэр төр, зэрэг зиндааг бууруулах зэрэг ямар нэг зохисгүй яриа явдлаас ямагт хол хөндий байдаг байсан. Алдар нэр албан тушаал хөөцөлддөггүй, атаа жөтөө гэдгийг мэддэггүй, аливаад туйлширдаггүй, эвсэг нийтэч, голч шударга, зарчимч, ёстой л эрдэм номын мөр хөөсөн шинжлэх ухааны хүн байсансан. Товчхон хэлбэл: "Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн" гэдэг Монгол ардын үг хэллэг ёстой л На багшид бүх утгаараа бүрэн дүүрэн тохирно гэж хэлэхэд огтхон ч зөрөхгүй. Дээр дурьдсаныг нотлох зарим нэг баримтыг бодит үйл явдлаас жишээ татаж ярья.
1983 онд Д.Сүхбаатарын мэндэлсний 90 жилийн ойгоор намын үүрийн ханийн сонинд Д.Сүхбаатарыг таньдаг, мэддэгийн хувьд өгүүлэл бичиж өгнө үү гэж гуйхад маш уриалгахнаар "за тэгье" гэж хүлээн авч, ердөө маргааш нь бичсэн өгүүллээ манай өрөөнд авчирч өгснийг тэр хэвээр нь ханийн сонинд тавьсан. Гэтэл хэд хоногийн дараа манай өрөөнд орж ирээд: "Хүүхээ би зөнөсөн золиг, нөгөө бичсэн өгүүлэлдээ зүүн аймгуудад ажлаар явахад минь Д.Сүхбаатар надад шөвгөр хар гутлаа өгч байсныг нь бичихээ мартчихаж" гэж харамсан өгүүлж байсан. Би уг өгүүллийн гар эхийг хадгалаагүйдээ одоо харамсаж байна. Бас 1970 хэдэн онд МХЗЭ-ийн Төв Хороо дархан цаазат Богдхан уулыг нийтийн амралт зугаалгын бүс нутаг болгох тогтоол гаргасныг На багш МАХН-ын улс төрийн товчоонд бичиж уг тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж байсан. Үүнийгээ нэг удаа ихэд баярлан ярьж байсныг сонсож байсан хүний нэг нь би юм шүү.
ДУРСАМЖ Академич доктор Ш.Цэгмэд
Намнандорж гуайг би 1941 оноос эхлэн таньдаг болсон юм.Тэр үед тэрээр 1-р арван жилийн дунд сургуульд газарзүйн хичээл заадаг багш байсан, Би Шинжлэх ухааны хүрээлэнд газарзүйн тасагт дагалдан сурагчаар ажилд ороод байсан бөгөөд зөвлөлтийн эрдэмтэн Э.М. Мурзаев уригдаж ирээд тус тасгийг тохижуулж байв.Тэгэхэд ШУХүрээлэн 1-р сургуулийн ард 3 модон байшинд байсан. Тэнд Намнандорж гуай ойрхон болохоор байсхийгээд орж ирж Мурзаеваас энэ тэр юм асууж сонирхдог байлаа. Мурзаев түүнтэй дуртайяа ярилцдаг, "Энэ хүн их ухаантай юм их мэддэг, үнэхээр газарзүйг их сонирхдог хүн байна" гэж байсан санагдана. 1950 оноос эхлээд би Намнандорж гуайтай олон жил хамт ажиллалаа. ГЗХ байгуулахаас өмнө ГЗ кабинет гэж байлаа. Надаас өмнөх үеийн манай эрдэмтэд их өргөн мэдлэгтэй хүмүүс байжээ. Бидэн шиг нэгэн мэргэжилд явцуурахгүй төрөл бүрийн шинжлэх ухааныг сонирхдог өргөн мэдлэгтэй байсан байна. Намнандорж гуай бол яг тийм өргөн мэдлэгтэй эрдэмтэн байсан юм. Тэрээр газарзүй, одон орны судлал, түүх гээд олон талын мэдлэгтэй хүн, тэхдээ өнгөц мэдлэгтэй биш гүн гүнзгий мэдлэгтэй байв.Олон шинжлэх ухааны талаар мэдлэгтэй хэдүй боловч гол нь газар зүйч хүн байсан юм. Янз бүрийн асуудлаар бичсэн зохиол бүтээлд нь газар зүйч санаа шингэсэн гэж хэлж болно. Намнандорж гуай халуун эх оронч хүн учраас эх орныхоо байгалийн гайхамшигийг ард түмэндээ болон гадаадын хүмүүст харуулахыг чухалчладаг байсан болохоор газарзүй энэ бодол санааг нь илчлэхэд хамгийн дөхөмтэй Шинжлэх ухаан тул тэрээр чухамхүү газар зүйч байсан байж болох юм гэж хувьд боддог. Энэхүү хүсэл эрмэлзлэлийг нь бид бүгд дэмждэг байв. Тийм ч учраас Монгол орны байгалийн өвөрмөц гоц сонин зүйлүүдийн тухай бичихийг бид түүнд хүсдэг байсан юм. Ингээд "Монгол орны байгалийн гайхам сонин" гэдэг номоо тэрээр бичсэн юм.
Намнандорж гуай бол газарзүйн Хүрээлэнг санаачлан байгуулагчдын нэг. Газарзүйн тасаг гэж байхад бид хэдэн хүн хүрээлэн байгуулая гэж санал бичиж шинэхэн байгуулагдаад байсан Ш.У.Академийн удирдлагад өргөн барьж байсан юм. Тэгээд энэхүү Газарзүйн Хүрээлэн 1962 онд байгуулсан түүхтэй юм.
Намнандорж гуайн нэрийг мөнхжүүлэе гэсэн хүмүүсийн саналыг би дэмжиж байна. Тэгэхдээ Газарзүйн Хүрээлэнг байгуулалцсаныг бодоод, Монголын дэлхийд гайхуулж болох зүйлийг олж бичдэг жинхэнэ газарзүйч эрдэмтэн байсныг нь бодоод Газарзүйн Хүрээлэнг Намнандоржийн нэрэмжит болгох нь илүү зохимжтой байх гэж бодож байна.
Эх сурвалж: Газарзүйч О.Намнандоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл УБ1995-11-24. Хэвлэлд бэлтгэсэн Н.Дэнсмаа
О.Намнандоржийн нэрэмжит Газарзүйн Цахим Номын Санг санаачлагч, эрхлэгч Н.Одхүү