Орхон сум (Дархан-Уул)

Орхон сум (монгол бичгээр орхон) нь Дархан-Уул аймгийн сум юм. Дархан хотоос 45 км-ийн зайтай. Хуучин жимс ногооны сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан.

Орхон сум
ᠣᠷᠬᠤᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дархан-Уул
Газар нутаг
  Нийт478 км2 (185 бээр2)
  Ус184 км2 (71 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,245
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Орхон сум нь Дархан-Уул аймгийн сум юм. Дархан хотоос 45 км-ийн зайтай. Хуучин жимс ногооны сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан. БНМАУ-ын СнЗ-ийн 1968 оны 01-р сарын 11-ний 02 дугаар тогтоолоор Орхон, Шарын голын “Жимс ногоо, сүүний САА” нэртэй анхны засаг захиргааны нэгж болгон үүсгэн байгуулсан.

Тус САА нь 1974 онд Сэлэнгэ аймгийн харъяаллаас гарч, тухайн үеийн Дархан хотын Орхон хороо болж улмаар 1994 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Орхон нэртэйгээр сумын зохион байгуулалтанд орж, одоо 2 багтайгаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Орхон сум нь нийтдээ 47.8 мянган га нутаг дэвсгэртэй, 3076 хүн амтай, 1010 өрх, 33,5 мянган толгой малтай, 300-аад бүл зөгийтэй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй, 1300 га талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг, 800 орчим га талбайг услах хүчин чадалтай инженерийн байгууламж бүхий Шарын гол, Бүрэнтолгойн услалтын системтэй.

Тус суманд “Дархан-Ус төв” УҮГ, “Хуртай” ХК-ийн услалтын иж бүрэн системээр хувиараа хөдөлмөр эрхлэгч 700 гаруй иргэд газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тн төмс, хүнсний ногоо, 3 тн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлж байгаагаас гадаад, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна.

Тус сум нь 600 гаруй хүүхэдтэй 12 жилийн ЕБСургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, нэг ээлжиндээ 250 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий соёл урлаг, спортын цогцолбор бүхий Соёлын төв, 12 ортой хүн эмнэлэгтэй, орон нутгийн болон олон улсын галт тэрэг сумын төвөөр дайрч өнгөрдөг төмөр замын өртөөтэй, үүрэн холбооны бүх сүлжээ, төмөр замын шилэн кабельтай, олон улсын авто замаас 9 км зайд оршдог, Орхон гол дээгүүр 2 хэсэгт гол гатлах хөвөгч болон бетонон гүүртэй, дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн.

Мөн хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна гахай, тахиа, үхэр, зөгийний чиглэлээр фермер эрхлэгчид сүүлийн жилүүдэд олноор нэмэгдэж ногоочид, зөгийчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, тэдний эрх ашгийг хамгаалсан холбоо, төрийн бус байгууллагууд байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус сумаас 1968-2010 онуудад Улсын аварга тариаланч, механикжуулагч, усжуулагч, жимсчин, зөгийчин, улсын сайн малчин, алдарч уяач, улсын анчин зэрэг 21 алдар гавъяатнууд төрсөн билээ.

Жил бүр Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, сүүлийн 4 жилд 10 мянган тн /Түмэн тонн ургацын эзэн/-оос дээш төмс, хүнсний ногоо хураан авч, 4 удаа Монгол улсын хүнсний ногоо тариалагч “ШИЛДЭГ СУМ”-аар шалгарлаа