Орос-Өмнөд Солонгосын харилцаа

Оросын Холбооны Улс-Өмнөд Солонгосын харилцаа нь 1945 онд Солонгос улс Умард ба Өмнөд гэж хуваагдсан. ЗХУ Өмнөд Солонгосыг 1990 он хүртэл хүлээн зөвшөөрөөгүй ирсэн. 1990-ээд оноос хойш хоёр улс хоёулаа худалдаа, хамтын ажиллагаа аль алинд нь хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. БНСУ, ОХУ-ын хоорондох худалдааны нийт эргэлт 2003 онд 4.2 тэрбум доллар байсан бол 2012 онд 22.5 тэрбум долларт хүрсэн байна.

Оросын Холбооны Улс-Өмнөд Солонгосын харилцаа
Map indicating locations of Оросын Холбооны Улс and Өмнөд Солонгос

Орос

Өмнөд Солонгос

1910-1950 оны харилцаа

засварлах

1910 оноос хойш Солонгос улс Японы эзэнт гүрний нэг хэсэг болсон. 1945 оны 8 дугаар сарын 8-нд ЗХУ Японы эсрэг дайнд зарласан. Харбин-Гирин довтолгооны ажиллагааны үр дүнд Зөвлөлтийн цэргүүд Солонгосын хойгийн умард хэсгийг эзлэн авч Солонгосын өмнөд хэсэг нь Америкийн цэргүүдийн мэдэлд байв. 1945 оны 9 дүгээр сарын 6-нд БНАСАУ-ыг тунхаглав. Хоёр хоногийн дараа 1945 оны 9 дүгээр сарын 8 -нд Солонгос дахь Америкийн цэргийн Засгийн газар Солонгосын өмнөд хэсэгт ажиллаж эхлэв. 1945 оны 12 дугаар сард ЗХУ Москва хотноо Гадаад хэргийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж, үүний үр дүнд Хойд Солонгосын Түр Ардын Хороо байгуулагдаж, улмаар Солонгосыг Умард ба Өмнөд гэж хуваахад хүрсэн.

ЗХУ БНСУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүнтэй дипломат харилцаа тогтоогоогүй байна. Цаашид харилцаа муудах нь Солонгосын дайнтай холбоотой бөгөөд ЗХУ, БНХАУ -ын дэмжлэгтэйгээр БНАСАУ 1950 оны 6 дугаар сарын 25 -наас Өмнөд Солонгос руу дайрч эхлэлсэн түүхтэй. 1950-1986 ондуудад хоёр улсын хооронд ямар нэг харилцаа байгаагүй гэж хэлж болно.

1986-1990 оны харилцаа

засварлах

1970-1980-аад оны үед Өмнөд Солонгосын удирдагчид Пак Жон Хи, Чон Ду Хван нар ЗХУ-тай холбоо харилцаа холбоогоо сэргээж худалдаа эдийн засгийн харилцаа явуулах санал ирж байсан.

 
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевын БНСУ-д хийсэн айлчал. 2010 он

1980-аад оны дундуур ЗХУ-д М.Горбачев, Өмнөд Солонгост Ро Дэ У нар улсынхаа Засгийн эрхэнд гарснаар байдал өөрчлөгдөж эхэлсэн. Михаил Горбачев ЗХУ нь 1986 оны 7 дугаар сард Владивосток, дараа нь 1988 оны 8 дугаар сард Красноярск хотод хийсэн илтгэлүүддээ Ази тивийн Номхон далайн бүс нутгийн бүх улс орон, тэр дундаа Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Өмнөд Солонгост нэн шаардлагатай байсан байгалийн баялаг болох газрын тос, металл, мод, загас ЗХУ -ын Алс Дорнодод элбэг байсан юм. Өмнөд Солонгосын Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европ, Хятадтай хийж эхэлсэн худалдаа нь шинэ зах зээлтэй болж АНУ-аас хараат байсан байдлыг бууруулж байжээ.

Москва, Сөүл хоёрын харилцаа спорт, худалдаа, улс төр гэсэн гурван чиглэлээр төлөвлөгдөн хөгжиж эхлэв. 1988 оны Сөүлийн Олимпын наадам нь энэ үйл явцыг улам хурдасгаж өгсөн юм. Зөвлөлтийн 6000 гаруй тамирчид Өмнөд Солонгос руу явсан бөгөөд Зөвлөлтийн жуулчдын хөлөг онгоцууд анх Пусан, Инчонд хүрч, Аэрофлотын онгоц Сөүлд газардах болжээ.

Е.Примаковын санаачилгаар 1988 оны 11 дүгээр сарын 10-нд ЗХУКН -ын Төв Хорооны Улс төрийн товчоо Яковлев, Шеварднадзе, Каменцев, Крючков нарын "Өмнөд Солонгост хандах бодлогын тухай" тэмдэглэлийг хэлэлцэв. Улс төрийн товчоо санамж бичигт тусгагдсан асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн байна. Энэ бүс нутаг болон Өмнөд Солонгостой холбоотой зөвлөлтийн бодлогод өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ. Төрийн бус байгууллагуудын түвшинд харилцааг явуулахыг зөвлөж байжээ.

Дипломат харилцаа тогтоогоогүй байсан хэдий ч хоёр талын худалдаа маш их өргөжиж эхэлсэн тул Өмнөд Солонгос, Зөвлөлт Холбоот Улсын хооронд хийсэн анхны худалдааны ихэнх нь Зүүн Европ, Хонконг, Япон, Сингапур зэрэг орнуудаар зуучлуулж хийдэг байв. Худалдааны эргэлт нэмэгдсэнээр Сөүл, Москва хоёр Владивосток, Пусан хотын худалдааны боомтуудыг ашиглан шууд худалдааны харилцаа тогтоож эхлэв. Солонгосын Худалдаа Хөгжлийн Байгууллага (KOTRA), ЗХУ -ын Худалдаа Аж Үйлдвэрийн Яам 1988 онд худалдааны салбарт хамтран ажиллах, 1989 онд худалдааны төлөөлөгчийн газар байгуулах тухай худалдааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Солонгосын худалдааны төлөөлөгчийн газар 1989 оны 7 дугаар сард Москвад нээгдсэн; Зөвлөлтийн Сөүл дэх оффис арай эрт 1989 оны 4 дүгээр сард нээгдсэн байна. 1990 онд "Daewoo", "LG Group", "Ssangyong" зэрэг Өмнөд Солонгосын хэд хэдэн томоохон корпорациуд ЗХУ-тай зуучлагчгүй шууд худалдаа хийж эхэлсэн байна.

Өмнөд Солонгосын технологийн хөгжил, санхүүгийн хүч чадал нь социалист гэгдэх орнуудын сонирхлыг ихэд татаж эхэлсэн юм. Өмнөд Солонгосын Ерөхийлөгч Ким Ён Сам албан тушаалд орохоосоо өмнө 1989 оны 6 дугаар сарын 2 -ноос 10-ны өдөр хүртэл Москвад айлчилсан бөгөөд энэ үеэр Кремль Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Зөвлөлт Холбоот Улсад байсан гучин мянган Сахалин солонгосчуудад Солонгос руу буцах зөвшөөрөл өгч буйгаа мэдэгдсэн юм. Тэр байтугай ЗХУ нь Ким Ён Сам, БНАСАУ -аас ЗСБНХУ -д суугаа Элчин сайдтай уулзалт зохион байгуулахад хүртэл тусалсан байдаг юм. 1990 оны 6 дугаар сард Ерөнхийлөгч Ро Дэ У оросын удирдагч Михаил Горбачев нар АНУ-ын Сан-Францискод уулзаж харилцаа улам дулаарсаар байв.

ОХУ, БНСУ-ын харилцаа

засварлах

ЗХУ задран унасны дараа 1991 оны 9 дүгээр сард БНСУ, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосон юм. 1991 оны 4 дүгээр сарын 19-20-нд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев Японд хийсэн айлчлалаас буцах замдаа Чежудо арал дээр Ерөнхийлөгч Ро Дэ У-тэй уулзаж уулзаж ЗХУ БНСУ-аас 3,3 тэрбум ам.долларын зээл авах болжээ. Хариуд нь өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн болоход ЗХУ-ын дэмжлэгийг авах болсон байдаг.

2001 оны 2 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сөүлд, 2004 оны 9 дүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Му Хён Москвад айлчилсан.

2010 оны 11 -р сард ОХУ -ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев БНСУ -д албан ёсны айлчлал хийв. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай зургаан талт хэлэлцээрт БНСУ, ОХУ оролцсон.

2013 оны 11-р сарын 13-ны өдөр Сөүлд Орос-Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт болж, энэ үеэр 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс орнуудын харилцан визгүй дэглэм нэвтрүүлэх тухай хэлэлцээрийг батлав.

Дээд түвшний байнгын харилцаа холбоо нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй 2017 оны 9-р сарын 6-нд Владивосток хотод хийсэн хэлэлцээ нь хоёр талын харилцааг хөгжүүлэх шинэ түлхэц болсон юм. Өмнөд Солонгосын тэргүүн Дорнын эдийн засгийн гурав дахь форумын гол зочин байв. 2018 оны 6-р сарын 21-23 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-д төрийн айлчлал хийв (Москва, Дон дахь Ростов). 6 дугаар сарын 22-нд Орос, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт болж, үүний дараа Хамтарсан мэдэгдэл баталж, хоёр талын хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зуржээ.


Дипломат харилцаа тогтоосны дараахан хоёр улсын худалдааны эргэлт хурдацтай өсч эхлэв. Өмнөд Солонгосын статистик мэдээгээр 1992 онд 192.91 сая доллар байсан бол 1993 онд 1575.99 сая доллар болжээ. Үүний дараа худалдааны өсөлт удааширсан боловч 2000 -аад онд дахин хурдасчээ. 2002 онд хоёр талын худалдаа (Өмнөд Солонгосын мэдээллээр) 3,283.48 сая доллар, 2012 онд аль хэдийн 21,157.05 сая доллар болжээ. 2014 онд худалдааны эргэлт 27 311,20 сая доллар болжээ. Үүний зэрэгцээ Оросын экспорт (18,287.00 сая доллар) нь Өмнөд Солонгосын Орос руу нийлүүлсэн нийлүүлэлтээс (9,024.00 сая доллар) хол давсан байна. Оросын Өмнөд Солонгос руу гаргасан экспорт (2014 он): гол нэр нь- түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн (79.2%), түүнчлэн металл ба металл бүтээгдэхүүн (8.9%), хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд (7.2%), мод, целлюлоз, цаас юм. бүтээгдэхүүн (1.8%), машин тоног төхөөрөмж (1.4%). Өмнөд Солонгосоос Орос улсад нийлүүлдэг бүтээгдэхүүн (2014): машин тоног төхөөрөмж (77.3%), химийн бүтээгдэхүүн (10.9%), металл ба металл бүтээгдэхүүн (5.2%), нэхмэл эдлэл, гутал (1.6%) зэрэг юм.

2010 оноос хойш Өмнөд Солонгос ОХУ-ын Ази дахь худалдааны 3 дахь (Хятад, Японы дараа) том түнш болоод байгаа ажээ.


Эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх практик арга хэмжээг боловсруулах үндсэн хэлбэр бол Орос, Солонгосын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комисс юм. Оросын талаас комиссыг ОХУ-ын Шадар сайд, ОХУ -ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, Солонгосын талаас Ерөнхий сайдын орлогч бөгөөд Төлөвлөлт, Санхүүгийн яамны сайд Хон Нам Ги. Комиссын 17 дахь хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 7-нд Сөүл хотод болсон. Одоогийн байдлаар ОХУ-ын Өмнөд Солонгостой эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол Сибирь, Оросын Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал гэж оросын тал үздэг байна.

Иргэд хоорондын харилцаа

засварлах

"Корё-сарам" гэж хуучин Зөвлөлт Холбоот Улс дахь солонгос үндэстнүүд өөрсдийгөө дууддаг нэр юм. Одоогийн байдлаар 450,000 орчим солонгосчууд хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд ихэнх нь Төв Азийн тусгаар тогтносон Бүгд найрамдах улсуудад (Казахстан, Узбекистан зэрэг) амьдардаг. Түүнчлэн Солонгосын томоохон бүлгүүд Оросын өмнөд хэсэгт Волгоградын ойролцоо, Кавказ, Украины өмнөд хэсэгт амьдардаг байна. Эдгээр омог бүлгүүдийн үндэс суурийг 19 -р зууны төгсгөлд Оросын Алс Дорнодод амьдарч байсан солонгос хүмүүсээс эхтэй. Сахалин арал дээр тусдаа солонгос нийгэмлэг байдаг бөгөөд оршин суугчдыг нь Сахалин солонгосчууд гэж нэрлэдэг. Тэдний зарим нь корё-сарам, зарим нь үгүй. Сахалин солонгосчуудын өвөг дээдэс нь 1930 -аад оны сүүл, 1940 -өөд оны эхээр Японы дайны улмаас үүссэн ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд нүүрсний уурхайд албадан хөдөлмөр эрхэлж байсан Кёнсан, Жолла мужийн иргэд юм.

Солонгос дахь оросууд 1885 оны эхээр нийгэмлэг байгуулж байсан, гэхдээ өнөөгийн БНСУ-д суурьшсан оросууд бараг бүхэлдээ 10 мянга орчим хүн сүүлийн 20 жил сайн дураараа цагаачилж очсон хүмүүс юм.

БНСУ-д суусан ОХУ-ын Элчин сайд нар:

засварлах

1990-1992 он. СОКОЛОВ Олег Михайлович

1992-1993 он. ПАНОВ Александр Николаевич

1993-1997 он. КУНАДЗЕ Георгий Фридрихович

1997-2001 он. АФАНАСЬЕВ Евгений Владимирович

2000-2005 он. РАМИШВИЛИ Теймураз Отарович

2005-2009 он. ИВАШЕНЦОВ Глеб Александрович

2009-2014 он. ВНУКОВ Константин Васильевич

2014-2018 он. ТИМОНИН Александр Андреевич

2018 оноос КУЛИК Андрей Борисович