Оросууд сибирийг эзэлсэн нь

Орсууд Сибирийг ихээхэн шохоорхож байв. Нэгдүгээрт, Монголоор дамжин Хятадад гарцтай болох, хоёрдугаарт Камчаткийн хойгоор дамжин Берингийн тэнгист гарч далайн гүрэн болох хоёр давхар сонирхол байв. Англи, Францын гангачууд булгаар гоёдог болсон нь оросын балмад наймаачдыг Төв Ази руу даллан дуудсанаар оросын дорно зүг чиглэсэн түрэмгийллийг улам эрчимжүүлсэн гэхэд болно. Галт зэвсэг дэлгэрээгүй, хот суурингүй шахам, иргэншил нэвтрээгүй, төрийн зохион байгуулалт огт үгүй, Сибирийг оросууд хялбархан эзлэсэн юм. “Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын томоохон хэсгийг эзэлдэг Сибирийн энэхүү орон зай итгэмээргүй шахам богинохон хугацаанд эзлэгджээ. Хэнээрхэлт козакууд голдуу сайн дурын түрэмгийлэгчид уралдан байж Сибирийг эзэмшихээр хөдөлцгөөж, кремль босгож, уугуул иргэдийг дарамталж хар булга авлуулан, түүгээр наймаа хийх худалдаачид нутгийн гүнд хүрчээ. Цаашлан Москвагийн заавраар газар эзэмшиж хөгжүүлэх ёстой тариачдаар дүүрэх болов. ” Галт зэвсэгтэй болчихсон орсуудын хувьд хэрэм нь зөвхөн батлан хамгаалах үүрэгтэй бус эзэлсэн газраа өөрийн боллоо гэдгийг бататгасан, ирээдүйн хот суурин газар, засаг захиргааны нэгжийн “шав” болж байв. XYII зууны сүүлийн хагас, XYIII зууны эхэн буриадуудын хувьд хувь заяаны эгзэгтэй үе байлаа. Оросууд XYII зууны гучаад он гэхэд зүүн Сибирьт буюу монголын хилд хэдийн тулж очив. 1645 онд Байгаль нуур орчим, 1946 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Үдэд цэрэгжсэн гацаа байгуулж чадсан байна. Хүйтэн, хөндий дурьдагдах эдгээр он жил, суурь гацааны нэрсийн цаана өчнөөн олон энгийн хүний амь нас, амьдрал ахуй үрэгдэж, хувь заяа хэлмэгдэж байсан нь мэдээж. 1688 онд Үд хот руу буриадуудаа оросуудаас чөлөөлөхөөр дөчин мянган цэрэгтэй монголчууд хойшоо мордох гэж байтал, Халх Ойрдын дайнд Галдан бошигттой тулалдахаар болж цэргээ буцаж татсан гэдэг. Оросууд үүнийг ашиглан тавнангуудыг эзэлж, монголын хилд тулж очив. 1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросых болсныг баталсан. Их навигацийн үе XV-XVII зуунаас Испани, Португал хүмүүс далайн усан зам, арлууд болон эх газрыг нээж эхэлсэн билээ. Ийнхүү европчуудын эзэмшил нөлөөллийн бүсээ далайн замаар тэлж байхад, далайд гарцгүй Орос зөвхөн эх газрыг дамжин дорно зүг рүү тэмүүлж байв. “Хэдийгээр Орос нь Византын соёл бүхий загалмайн шашинт Европын гүрэн боловч энэхүү олон зуун жилийн монгол, түрэг болон тэдний угсаатныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны үед улам илүү дорножин генетикийн хувьд ч, соёлын хувьд ч европчуудаас ихэд хөндийрчээ.