Оно Такаши (Япон: 小野 喬, 1931 оны 7 сарын 26-нд Акита мужийн Ноширо хотод төрсөн) нь Японы гимнастикч, 4 олимпоос нийт 13 медаль хүртсэн тамирчин юм. Мөн улсынхаа АШТ-д олон төрөлтөөр 7 удаа түрүүлжээ.

Оно Такаши
Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Оно Такаши
Төрсөн огноо 1931 оны 7 сарын 26
Төрсөн газар Ноширо, Акита
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Хельсинки 1952 Харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Мельбурн 1956 Савлуур
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 1956 Олон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 1956 Модон морь
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 1956 Баг
Хүрэл медаль – гуравдугаар байр Мельбурн 1956 Суга савлуур
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1960 Савлуур
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1960 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1960 Харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Ром 1960 Олон төрөлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1960 Суга савлуур
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1960 Цагираг
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1964 Баг

Хуучнаар Ноширо дунд сургуулийг төгсөөд Токиогийн Боловсролын Их Сургууль, Кэйо Гижүкү Их Сургуулийг төгсчээ.

Токиогийн Боловсролын Их сургуульд байхдаа мөн хожим олимпоос медаль хүртсэн Күбота Масамитай оюутны байранд харалдаа өрөөнд амьдардаг байв[1]. Ахлах сургуулийн багш байсан эцэг нь түүнийг 1-р курст байхад нас баржээ[1]. 1952 онд 3-р курсийн оюутан байхдаа анх удаа олимпод эх орноо төлөөлөн оролцож харайлтын төрөлд хүрэл медаль хүртсэн нь Японы тамирчдаас гимнастикийн спортоор хүртсэн анхны медаль болжээ. Дараагийн Мельбурны олимпод савлуурын төрөлд алтан медаль хүртэж, амжилтаа ахиулсан[1]. Ромын олимпод Японы баг анх удаа багаараа тэргүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өөрөө ч савлуур, харайлтаар алтан медаль зүүж, Японы гимнастикийн спортын "алтан үе"-ийн гарамгай төлөөлөгч гэгдэн түүхэнд үлджээ. Харамсалтай нь олон төрөлтөөр Мельбурны олимпод суга савлуур, шалны төрөлд төгсгөлийн буултдаа алдаа гаргаж, ЗХУ-ын Виктор Чугаринд, Ромын олимпод мөн л ЗХУ-ын Борис Шахлинд тус бүр дөнгөж 0.05 онооны зөрүүгээр ялагдаж, хошой мөнгөн медаль хүртсэн байна (Япончуудаас олон төрөлтөөр анхны алтан медалийг Токиогийн олимпод Эндоо Юкио хүртсэн[2]).

1964 онд нутагтаа болсон Токиогийн олимпод Японы багийн ахлагчаар томилогдон, нээлтийн үеэр Тамирчдын тангаргийг уншжээ. Гэхдээ тус олимпод тамирчны хувьд оргил үе нь өнгөрсөн байсан бөгөөд тэмцээний өмнө мөрөө гэмтээсэн байлаа. Үзүүлбэрүүдээ гүйцэтгэхдээ өвчин намдаагч тариулж байсан тэрээр хувийн төрөлд медаль хүртэж чадаагүй бөгөөд багийн дүнгээр алтан медаль хүртжээ (Гэхдээ тэр үед багийн төрөлд ч адил, нэг л медаль өгдөг байсан тул Онод медаль оногдоогүй).

Түүний 4 олимпоос дараалан медаль хүртсэн амжилтыг Японы тамирчдаас хожим Тани Рёоко эвдсэн бөгөөд эрчүүдээс ийм амжилтад хүрсэн Япон тамирчин хараахан гараагүй байна. Мөн нийт 13 медаль хүртсэн амжилт нь хамгийн олон алтан медальт Япон тамирчин болох Катоо Саваогоос ч илүү юм. Тэрээр 1998 онд Гимнастикийн олон улсын алдрын танхимд багтжээ. Оно Каноя Биеийн Тамирын Их Сургуульд багшилж байсан бөгөөд өдгөө Японы спорт клубүүдийн холбооны хүндэт зөвлөхийн албан тушаалтай.

Эхнэр Оно Киёкотойгоо 1952 оны Японы бүх ард түмний спартакиадын үеэр танилцсан бөгөөд 1958 онд хуримласан тэд Ром, Токиогийн олимпод хамтдаа оролцсон юм. Эхнэр нь мөн Токиогийн олимпоос медаль хүртэж байв. Тэд 2 хүү, 3 охинтой[1].

Эшлэл, зүүлт

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 読売新聞大阪本社運動部 (1996). ザ・ヒーロー戦後スポーツの40人. Ёмиүри Шимбүн. ISBN 4-643-96076-0.
  2. Оно Эндоогийн амжилтад баярлаж, хувиасаа цом гардуулж байв.

Цахим холбоос

засварлах