Нөөцийн бодитой зэрэг
Бодитой (B) нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.
- - Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг ба жишгийн шаардлага хангахгүй хүдэртэй хэсгийг ялгаж хүрээлсэн, атираашилд автсан байдал, томоохон хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайц тодорхойлогдсон байна.
- - Ашигт бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд боломжийн түвшинд үнэлсэн байна.
- - Хүдрийн байгалийн төрлүүд тогтоогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж, хүрээлэгдсэн байна. Хүдрийн технологийн төрөл ба сортуудыг ялгаж хүрээлэх боломжгүй нөхцөлд тэдгээрийн орон зайн байршлын зүй тогтлыг тодорхойлж, технологийн төрөл ба сортуудын тоон харьцааг тогтоосон байна.
- - Хүдрийн технологийн шинж чанарыг хагас үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна.
- - Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
- - Бодитой нөөцийн хил заагийг сорьцын шинжилгээний дүнд тулгуурлан, жишгийн шаардлагыг баримтлан малталт ба цооногуудаар хязгаарлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик, геохимийн шалгууруудаар баталгаажсан тохиолдолд хязгаартай экстраполяцын шугамаар хязгаарласан байж болно.