Нөхөн сэргээлтийн зардал
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид ноогдоно. Нөхөн сэргээлтийн зардал нь тухайн уурхайн үйл ажиллагааны онцлог, газар зүйн байршил, байгаль орчны онцлого зэрэг олон хүчин зүйлээс хамаараад уурхай бүр дээр харилцан адилгүй байх боловч зайлшгүй гардаг үндсэн зардлууд байдаг.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 5-р сарын 10-ны өдрийн хамтарсан №А-132/112 тушаалаар “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг баталсан. Нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, зардлыг тооцоход энэхүү аргачлалыг ашиглах нь зүйтэй юм.
Уг аргачлалд нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажлын салшгүй нэг хэсэг гэж үзэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь жил бүрийн үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөөндөө энэ үйл ажиллагаанд зардал тусган хэрэгжүүлэх ёстойг онцолсон байна.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэх нийт талбайн хэмжээг тогтооход ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх, уурхайн барилга байгууламж, ажиллагсдын тосгон барьж байгуулах, баяжуулах үйлдвэр, хаягдлын сан байгуулах болон бусад үйл ажиллагаанд өртөж эвдэрсэн бүхий л газрууд хамрагдана.