Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм

(НҮБ-ын Дүрэм-с чиглүүлэгдэв)

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд Олон улсын байгууллага үүсгэн байгуулах асуудлаархи Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаан дээр 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сан Франциско хотноо гарын үсэг зурж, уг дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Олон улсын шүүхийн дүрэм нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Дүрмийн 23, 27, 61 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1963 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 61 дүгээр зүйлд хожим оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 109 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1968 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон. 23 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөж, гишүүдийн тоог арван нэг байсныг арван тав болгосон. Нэмэлт өөрчлөлт оруулсан 27 дугаар зүйл ёсоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргах шийдвэр нь дэгийн асуудлаар есөн гишүүн (хуучин долоо байсан), бусад бүх асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнийг оролцуулан нийт есөн гишүүн (хуучин долоо байсан) тус тус дэмжих санал өгвөл хүчин төгөлдөр болно.

61 дүгээр зүйлийн 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн тоог арван наймаас хорин долоо болгон нэмэгдүүлсэн. Тэрхүү зүйлийн 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон дараагийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Зөвлөлийн гишүүдийн уг тоог тавин дөрөв болгон нэмсэн.

109 дүгээр зүйлийн эхний хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, дүрмийг хянан үзэх зорилго бүхий гишүүн улсуудын Ерөнхий бага хурлыг Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болон Аюулгүйн Зөвлөлийн аль ч есөн гишүүний (хуучин долоо байсан) саналаар тогтоон товлосон газар, хугацаанд хийж болно. Дүрмийг хянан үзэх бага хурал хуралдуулах асуудлыг Ерөнхий Ассамблейн ээлжит аравдугаар чуулганаар хэлэлцэх тухай дүрмийн 109 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл 1955 онд авч хэлэлцээд уг 3 дахь хэсгийн "Аюулгүйн Зөвлөлийн аль ч долоон гишүүний саналаар" гэсэн анхны томъёоллыг хэвээр үлдээсэн болно.

Өмнөх үг

засварлах

1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ УЛС ТҮМЭН БИД,

  • бидний үед хүн төрөлхтөнд хоёр удаа өгүүлшгүй гай зовлон учруулсан дайны гамшгаас хойч үеийнхнийг ангижруулах,
  • хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнд итгэх итгэл болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд түүнчлэн том, жижиг үндэстэн адил тэгш эрхтэй хэмээх итгэлийг дахин нотлох,
  • шударга ёсыг сахих, гэрээ болон олон улсын эрх зүйн бусад эх сурвалжаас үүдэн гарах аливаа үүргийг хүндэтгэн мөрдөх нөхцлийг бүрэлдүүлэх,
  • илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын түвшинг сайжруулахад тус дөхөм үзүүлэх

ЗОРИЛГЫН ҮҮДНЭЭС

  • хүлээцтэй байх, найрсаг хөршийн ёсоор эв эеийг сахин хамтдаа аж төрөх,
  • олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын төлөө хүчээ нэгтгэх,
  • зарчим батлах, арга тогтоох замаар зэвсэгт хүчнийг гагцхүү нийтийн ашиг тусынхаас бусад зорилгод хэрэглэхгүй байлгах,
  • олон улсын арга хөшүүргийг бүх улс түмний эдийн засаг, нийгмийн дэвшилд тус дөхөм үзүүлэхэд ашиглах

ШИЙДВЭР ТӨГС БАЙГАА БӨГӨӨД ЭДГЭЭР ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮЧ ЧАРМАЙЛТАА НЭГТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ.

Үүний учир манай холбогдох засгийн газрууд, Сан Франциско хотноо хуран цугларсан зохих хэлбэрээр ёсчлон үйлдсэн, бүрэн эрхийн үнэмлэх бичиг бүхий төлөөлөгчдөөрөө уламжлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын энэхүү дүрмийг батлахаар тохиролцож, "Нэгдсэн Үндэстэн" гэдэг нэр бүхий олон улсын байгууллагыг үүгээр үүсгэн байгуулав.

I бүлэг: ЗОРИЛГО, ЗАРЧИМ

засварлах

1 дүгээр зүйл

засварлах
  • Нэгдсэн Үндэстний Байгууллага дараахь зорилгыг эрхэмлэнэ:

1. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, энэ зорилгын үүднээс энх тайванд учрах аюул заналыг сэрэмжлэн зайлуулах, түрэмгийлэл буюу энх тайвныг бусниулах бусад явууллагыг дарахын тулд үр нөлөөтэй хамтарсан арга хэмжээ авах, олон улсын маргаан буюу энх тайвныг бусниулахад хүргэж болзошгүй байдлыг шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмын дагуу эв зүйгээр зохицуулах буюу шийдвэрлэж байх;

2. Улс үндэстний хооронд улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэсэн найрсаг харилцааг хөгжүүлэх түүнчлэн бүх нийтийн энх тайвныг бэхжүүлэх үүднээс бусад зохистой арга хэмжээ авч байх;

3. Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;


4. Эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд улс үндэстний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төв болж байх.


2 дугаар зүйл

засварлах

1 дүгээр зүйлд заасан зорилгоо биелүүлэхийн тулд тус Байгууллага, түүний гишүүд доорхи зарчмыг баримтлан ажиллана: 1. Тус Байгууллага нь гишүүн бүрийнхээ илүү бүрэн эрхт тэгш байдлын зарчим дээр үндэслэсэн болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь гишүүн байхаас үүдэн гарах эрх болон ашиг тусыг бүгдээрээ эдлэхийн тулд энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь улс хоорондын маргаанаа олон улсын энх тайван, аюулгүй байдал, шударга ёсонд хор хүргэхгүйгээр эв зүйгээр шийдвэрлэж байна.

4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ.

5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь тус Байгууллагаас энэхүү дүрмийн дагуу авах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар туслахын хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс сэргийлэх буюу албадах арга хэмжээ авч байгаа аливаа улсад туслахыг цээрлэнэ.

6. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад тус Байгууллагын гишүүн бус улс ч эдгээр зарчмыг баримтлах шаардлагатай байж болохыг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллага нь тийм улсын үйл ажиллагааг тэдгээр зарчимд нийцүүлэх явдлыг хангана.

7. Энэхүү дүрмийн ямар ч заалт аливаа улсын дотоод эрх мэдэлд гарцаагүй хамаарах асуудалд хөндлөнгөөс оролцох эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад олгохгүй бөгөөд тийм асуудлыг энэхүү дүрэмд заасан журмаар шийдвэрлүүлэхээр мэдүүлэхийг гишүүн улсуудаас үл шаардана. Гэхдээ энэ зарчим VII бүлэгт заасан албадах арга хэмжээ хэрэглэхийг үл хөндөнө.

II бүлэг: БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮД

засварлах

3 дугаар зүйл

засварлах

Олон улсын байгууллага байгуулах Сан Францискогийн Бага хуралд оролцсон эсхүл 1942 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн Нэгдсэн Үндэстний тунхаглалд урьд нь гарын үсэг зурсан бөгөөд энэхүү дүрмийн 110 дугаар зүйлд заасанчлан түүнд гарын үсэг зурж, соёрхон батласан улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхдагч гишүүд байна.

4 дүгээр зүйл

засварлах

1. Энэхүү дүрэмд заасан үүргүүдийг хүлээн зөвшөөрсөн, Байгууллагын үзэж байгаагаар тэдгээр үүргийг биелүүлж чадах, биелүүлэхийг хүсч байгаа энхийг эрхэмлэгч бусад бүх улс тус Байгууллагад гишүүнээр элсэж болно.

2. Аливаа тийм улсыг Байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий Ассамблейн тогтоолоор шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл

засварлах

Байгууллагын аль нэг гишүүний эсрэг Аюулгүйн Зөвлөлөөс сэргийлэх буюу албадах арга хэмжээ авсан бол гишүүнийхээ хувьд эдлэх тэр улсын эрх дархыг нь Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр түр зогсоож болно. Уг эрх дархыг Аюулгүйн Зөвлөлөөс сэргээн эдлүүлж болно.

6 дугаар зүйл

засварлах

Энэхүү дүрэмд заасан зарчмуудыг удаа дараа зөрчиж байгаа гишүүнийг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий Ассамблей Байгууллагаас хасч болно.

III бүлэг: БАЙГУУЛЛАГУУД

засварлах

7 дугаар зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол байгууллагууд болгож Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөл, Олон улсын шүүх, Нарийн бичгийн дарга нарын газрыг тус тус байгуулав.

2. Шаардлага гарвал туслах чанарын байгууллагуудыг энэхүү дүрэмд нийцүүлэн байгуулж болно.


8 дугаар зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол болон туслах чанарын байгууллагуудад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ямар ч албан тушаалд адил тэгш нөхцлөөр оролцох эрхийн талаар Байгууллага ямар нэгэн хязгаарлалт үл тогтооно.

IV бүлэг: ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ

засварлах

Бүрэлдэхүүн

9 дүгээр зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүнээс бүрэлдэнэ.

2. Байгууллагын гишүүн бүр Ерөнхий Ассамблейд таваас дээшгүй тооны төлөөлөгчтэй байна.

Чиг үүрэг, эрх мэдэл

10 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей энэхүү дүрмийн хүрээнд буюу дүрэмд заасан ямар ч байгууллагын эрх мэдэл, чиг үүрэгт хамаарах аливаа асуудал буюу хэргийг хэлэлцэх, аль ч тийм асуудал, хэргийн талаар 12 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд буюу Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь зөвлөмж өгөх эрхтэй.


11 дүгээр зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей зэвсэг хураах болон зэвсэглэлийн зохицуулалтыг тодорхойлох зарчмуудыг оролцуулан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаархи хамтын ажиллагааны ерөнхий зарчмуудыг авч үзэх, эдгээр зарчмын талаар Байгууллагын гишүүд буюу Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь зөвлөмж өгөх эрхтэй.

2. Ерөнхий Ассамблей Байгууллагын аль ч гишүүн буюу Аюулгүйн Зөвлөл, эсхүл 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор Байгууллагын гишүүн бус улсаас тавьсан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдол бүхий ямар ч асуудлыг авч хэлэлцэх, аливаа тийм асуудлын талаар холбогдох улс буюу улсуудад эсхүл Аюулгүйн Зөвлөлд эсхүл тэдгээрийн аль алинд нь 12 дугаар зүйлд зааснаас бусад асуудлаар зөвлөмж өгөх эрхтэй. Арга хэмжээ авбал зохих аливаа тийм асуудлыг Ерөнхий Ассамблей хэлэлцэхээсээ өмнө буюу хойно Аюулгүйн Зөвлөлд шилжүүлнэ.

3. Ерөнхий Ассамблей олон улсын энх тайван, аюулгүй байдалд хор хүргэхүйц байдал руу Аюулгүйн Зөвлөлийн анхаарлыг хандуулж болно.

4. Энэ зүйлд заасан Ерөнхий Ассамблейн бүрэн эрх 10 дугаар зүйлд заасан үйлчлэх хүрээг хязгаарлах ёсгүй.

12 дугаар зүйл

засварлах

1. Ямарваа нэг маргаан буюу байдлыг зохицуулах талаар Аюулгүйн Зөвлөл энэхүү дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа үед тухайн маргаан буюу байдлын талаар Ерөнхий Ассамблей Аюулгүйн Зөвлөлийн хүсэлтгүйгээр ямар нэг зөвлөмж гаргаж болохгүй.

2. Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдол бүхий бөгөөд Аюулгүйн Зөвлөлд авч үзэж байгаа бүх асуудлын талаар тус зөвлөлийн зөвшөөрснөөр Ерөнхий Ассамблейд чуулган бүр дээр нь мэдээлж байх бөгөөд тийм асуудлыг Аюулгүйн Зөвлөл авч үзэхээ зогсоосон бол тэр тухай Ерөнхий Ассамблейд, хэрэв Ерөнхий Ассамблей хуралдаагүй байвал Байгууллагын гишүүдэд нэн даруй дээрхийн адил мэдэгдэж байна.

13 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей дараахь зорилгоор судалгааны ажил зохион байгуулж зөвлөмж гаргана:

(а) улс төрийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх, олон улсын эрх зүйг дэвшүүлэн хөгжүүлэх, түүнийг төрөлжүүлэн хуульчлах явдлыг хөхиүлэн дэмжих; (b) эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх; 2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан асуудлуудын талаар Ерөнхий Ассамблейн цаашдын хүлээх үүрэг, гүйцэтгэх чиг үүрэг, эдлэх бүрэн эрхийг IX, X бүлэгт тусгасан болно.

14 дүгээр зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей 12 дугаар зүйлийн заалтыг дагаж мөрдөхийн хамт энэхүү дүрмийн Нэгдсэн Үндэстний зорилго, зарчмыг тодорхойлсон заалтуудыг зөрчсөний уршгаар үүсэх байдлыг оролцуулан нийтийн сайн сайхан байдал буюу улс түмний хоорондын найрсаг харилцааг бусниулж болзошгүй гэж Ассамблейн үзсэн ямар ч байдлыг үүслийг нь үл харгалзан эв зүйгээр зохицуулах арга хэмжээ авах зөвлөмж гаргах эрхтэй.

15 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей нь Аюулгүйн Зөвлөлийн жил тутмын болон тусгай тайланг хүлээн авч хэлэлцэнэ. Эдгээр тайланд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаар Аюулгүйн Зөвлөлөөс авсан буюу авахаар шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийн тухай тайлагнасан байх ёстой.

2. Ерөнхий Ассамблей Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагын тайланг хүлээн авч үзнэ.

16 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей нь стратегийн бус газар нутгийг асрамжлах тухай хэлэлцээрийг батлах зэрэг олон улсын асрамжийн тогтолцооны талаар XII, XIII бүлгийн дагуу түүнд ногдсон чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей Нэгдсэн Үндэстний Байгууллагын төсвийг хэлэлцэж батлана.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын зардлыг түүний гишүүд Ерөнхий Ассамблейн тогтоосон ногдол хувийн дагуу хариуцан гаргана.

3. Ерөнхий Ассамблей 57 дугаар зүйлд дурдсан төрөлжсөн байгууллагуудтай байгуулах санхүү, төсвийн ямар ч хэлэлцээрийг авч үзэж батлах бөгөөд холбогдох байгууллагуудад зөвлөмж өгөх зорилгоор тэдгээрийн захиргааны төсвийг хянаж шалгана.

Санал хураалт

18 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблейн гишүүн бүр нэг саналтай байна.

2. Чухал асуудлаархи Ерөнхий Ассамблейн шийдвэрийг санал хураалтад байлцаж оролцсон Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болох олонхын саналаар гаргана. Үүнд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах талаар гаргах зөвлөмжүүд, Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийн сонгууль, Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн сонгууль, 86 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) дэд хэсэгт заасны дагуу явуулах Асрамжийн зөвлөлийн гишүүдийн сонгууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагад шинэ гишүүн элсүүлэх, Байгууллагын гишүүдийн эрх дархыг түр зогсоох, Байгууллагаас түүний гишүүдийг хасах, асрамжийн тогтолцооны үйл ажиллагаанд хамаарах болон төсвийн асуудал тус тус багтана.

3. Бусад асуудал, тэдгээрийн дотор гуравны хоёр болох олонхын саналаар шийдвэрлэвэл зохих нэмэлт асуудлуудыг тодорхойлох шийдвэрийг санал хураалтад байлцаж оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.

19 дүгээр зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс тус Байгууллагад төлөх мөнгөн татварын өртэй бөгөөд өрийн хэмжээ нь урьдахь хоёр бүтэн жилийн татварын хэмжээтэй тэнцэх буюу түүнээс илүү байвал Ерөнхий Ассамблейн санал хураалтад оролцох эрхээ алдана. Гэвч төлбөр хожимдсон нь тухайн гишүүнээс үл хамаарах шалтгаанаас болсон гэж Ерөнхий Ассамблей үзвэл санал хураалтад оролцохыг түүнд зөвшөөрч болно. Дэг

20 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей жил бүр ээлжит чуулган хийхээс гадна цаг үеийн шаардлагаар тусгай чуулган хуралдуулна. Тусгай чуулганыг Аюулгүйн Зөвлөлийн буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн олонхын шаардсанаар Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.

21 дүгээр зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей дэгийнхээ горимыг өөрөө тогтооно. Ерөнхий Ассамблей чуулган бүрийнхээ даргыг сонгоно.

22 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн туслах чанарын байгууллагуудыг байгуулах эрхтэй.

V бүлэг: АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ

засварлах

Бүрэлдэхүүн

23 дугаар зүйл

засварлах

1. Аюулгүйн Зөвлөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын арван таван гишүүнээс бүрэлдэнэ. Бүгд Найрамдах Хятад Улс, Франц, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд байна. Ерөнхий Ассамблей тус байгууллагын бусад арван гишүүнийг юуны өмнө, ялангуяа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах хийгээд Байгууллагын бусад зорилгыг хэрэгжүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмэр болон мөн газар зүйн шударга тэгш хуваарилалтын зарчмыг зохих ёсоор анхаарч үзсэний үндсэн дээр Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгоно.

2. Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг хоёр жилийн хугацаагаар сонгоно. Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн тоог арван нэгээс арван тав болгож өргөтгөсний дараахь анхны сонгуулиар нэмж сонгох дөрвөн гишүүний хоёрыг нь нэг жилийн хугацаагаар сонгоно. Хугацаа нь дуусаж байгаа Аюулгүйн Зөвлөлийн гишүүнийг шууд улируулан сонгохгүй.

3. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн тус бүр нэг төлөөлөгчтэй байна.

Чиг үүрэг, эрх мэдэл

24 дүгээр зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын шуурхай бөгөөд үр нөлөөтэй ажиллагааг хангахын тулд түүний гишүүд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах гол хариуцлагыг Аюулгүйн Зөвлөлд хүлээлгэж, уг Зөвлөл энэ хариуцлагаас үүдэн гарах үүргээ биелүүлэхдээ гишүүдийн нэрийн өмнөөс ажиллаж байхыг зөвшөөрөв.

2. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Аюулгүйн Зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчмыг баримтлан ажиллана. Энэхүү үүргийн биелэлтийг хангуулахын тулд Аюулгүйн Зөвлөлд олгосон тодорхой эрхийг VI, VII, VIII, XII бүлэгт тусгасан болно.

3. Аюулгүйн Зөвлөл Ерөнхий Ассамблейд танилцуулахаар жил тутмын тайлан, шаардлагатай үед тусгай илтгэлийг оруулж байна.

25 дугаар зүйл

засварлах

Байгууллагын гишүүд энэхүү дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байхаар тогтов.

26 дугаар зүйл

засварлах

Дэлхийн хүн хүчний болон эдийн засгийн нөөц баялгаас зэвсэглэлд аль болох бага хэмжээгээр зарцуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтоон сахиулахад дөхөм үзүүлэх зорилгын үүднээс зэвсэглэлийг зохицуулах тогтолцоо тогтоох төлөвлөгөөг 47 дугаар зүйлд заасан Цэргийн штабын хорооны туслалцаатайгаар томъёолон боловсруулах хариуцлагыг Аюулгүйн Зөвлөл хүлээх бөгөөд энэхүү төлөвлөгөөгөө Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд өргөн мэдүүлнэ.

Санал хураалт

27 дугаар зүйл

засварлах

1. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.

2. Аюулгүйн Зөвлөлөөс дэгийн асуудлаар гаргах шийдвэрийг тус Зөвлөлийн есөн гишүүн дэмжиж санал өгснөөр батлагдсанд тооцно.

3. Бусад бүх асуудлаар Аюулгүйн Зөвлөлөөс гаргах шийдвэрийг байнгын гишүүдийн дэмжих саналыг оролцуулаад тус Зөвлөлийн нийт есөн гишүүн дэмжиж санал өгснөөр батлагдсанд тооцох бөгөөд харин VI бүлэг болон 52 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахад маргаанд оролцогч тал санал хураалтад оролцохоос түдгэлзэх ёстой.

Дэг

28 дугаар зүйл

засварлах

1. Аюулгүйн Зөвлөл тасралтгүй ажиллаж байхаар зохион байгуулагдана. Энэ зорилгын үүднээс Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрлаж байгаа газарт төлөөлөгчөө байнга байлгах ёстой.

2. Аюулгүйн Зөвлөл үе үе хуралдах бөгөөд эдгээр хуралдаанд Зөвлөлийн гишүүн аль ч улс өөрийн үзэмжээр засгийн газрын гишүүн буюу тусгайлан томилсон төлөөлөгчөө оролцуулж болно.

3. Аюулгүйн Зөвлөл зөвхөн Байгууллагын байрлаж байгаа газар төдийгүй ажилдаа илүү дөхөмтэй гэж үзсэн өөр ямар ч газар хуралдаж болно.

29 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл чиг үүргээ биелүүлэхэд нь хэрэгтэй гэж үзсэн туслах чанарын байгууллагуудыг байгуулж болно.

30 дугаар зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.

31 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бус Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүний ашиг сонирхол тухайлан хөндөгдсөн гэж Аюулгүйн Зөвлөл үзсэн бүх тохиолдолд Зөвлөлд оруулсан ямар ч асуудлыг хэлэлцэхэд тэрхүү гишүүн санал өгөх эрхгүйгээр оролцож болно.

32 дугаар зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнд ороогүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүн эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус аль нэг улс Аюулгүйн Зөвлөлийн авч үзэж байгаа маргаанд оролцогч этгээд байвал уг маргааныг хэлэлцэхэд тухайн улсыг санал өгөх эрхгүйгээр урьж оролцуулна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсын хуралд оролцох тухайд Аюулгүйн Зөвлөл шударга гэж үзсэн болзол нөхцлөө тогтооно.

VI бүлэг: МАРГААНЫГ ЭВ ЗҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭХ

засварлах

33 дугаар зүйл

засварлах

1. Цаашид үргэлжлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад заналхийлж мэдэхүйц аливаа маргаанд оролцогч талууд маргаанаа юуны өмнө яриа хэлэлцээ, судалгаа, зуучлал, эвлэрэл, арбитр, шүүх зэрэг аргыг хэрэглэх түүнчлэн бүсийн байгууллагуудад хандах, бүсийн гэрээ хэлэлцээрийг баримтлах, эсхүл өөрсдийн сонгосон эв зүйн бусад аргаар зохицуулан шийдвэрлэхийг эн тэргүүнд чармайх ёстой.

2. Аюулгүйн Зөвлөл шаардлагатай гэж үзвэл хоорондын маргаанаа дээрх аргаар шийдвэрлэхийг холбогдох этгээдүүдээс шаардана.

34 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл олон улсын сөргөлдөөнд хүргэх буюу маргаан үүсгэж мэдэх аливаа маргаан буюу байдлыг тэдгээр нь цаашдаа үргэлжилбэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад заналхийлэх эсэхийг тодорхойлох зорилгоор шалган магадлах эрхтэй.

35 дугаар зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүн 34 дүгээр зүйлд заасан шинж чанартай аливаа маргаан буюу байдлын тухай Аюулгүйн Зөвлөл буюу Ерөнхий Ассамблейн сонорт хүргэж болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс холбогдож байгаа аль ч маргаанаа энэхүү дүрэмд заасан ёсоор эв зүйгээр шийдвэрлэх үүрэг өөртөө урьдчилан авсан бол тэрхүү маргааныхаа тухай Аюулгүйн Зөвлөл буюу Ерөнхий Ассамблейн сонорт хүргэж болно.

3. Ерөнхий Ассамблей энэ зүйлийн дагуу сонорт нь хүргэсэн асуудлыг 11, 12 дугаар зүйлийн заалтыг харгалзан шийдвэрлэнэ.

36 дугаар зүйл

засварлах

1. Аюулгүйн Зөвлөл 33 дугаар зүйлд заасан шинж чанартай маргаан буюу тийм шинжийн аливаа байдлыг зохицуулах зохистой дэг буюу аргыг маргааны аль ч шатанд зөвлөмж болгох эрхтэй.

2. Энэхүү маргааныг таслан шийдвэрлэх талаар маргаанд оролцогч этгээдүүдийн нэгэнт харилцан тогтсон аливаа дэгийг Аюулгүйн Зөвлөл анхаарч үзнэ.

3. Аюулгүйн Зөвлөл энэ зүйлийг баримтлан зөвлөмж гаргахдаа эрх зүйн чанартай маргааныг түүнд оролцогч этгээдүүд Олон улсын шүүхэд тус шүүхийн дүрэмд заасан ёсоор шилжүүлэх ёстой гэдгийг мөн анхаарч үзнэ.

37 дугаар зүйл

засварлах

1. 33 дугаар зүйлд заасан шинж чанартай маргааныг оролцогч этгээдүүд нь мөнхүү зүйлд заасан аргаар шийдвэрлэж чадахгүй бол тэд уг асуудлаа Аюулгүйн Зөвлөлд шилжүүлнэ.

2. Тухайн маргаан үргэлжилбэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад бодитоор заналхийлж мэднэ гэж Аюулгүйн Зөвлөл үзвэл 36 дугаар зүйлийг баримтлан ажиллах эсхүл маргааныг таслан шийдвэрлэхэд тохиромжтой гэж үзсэн нөхцлөө зөвлөмж болгох эсэхээ Зөвлөл өөрөө шийднэ.

38 дугаар зүйл

засварлах

Аливаа маргаанд оролцогч этгээдүүд хүсэлт гаргасан бол Аюулгүйн Зөвлөл уг маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зорилгын үүднээс 33-37 дугаар зүйлийн заалтад хор уршиг учруулахгүйгээр холбогдох этгээдүүдэд зөвлөмж өгөх эрхтэй.

VII бүлэг: ЭНХ ТАЙВАНД ЗАНАЛХИЙЛЭХ, ЭНХ ТАЙВНЫГ БУСНИУЛАХ,

засварлах

ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ТУХАЙД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

39 дүгээр зүйл

засварлах

Энх тайванд учирч байгаа аливаа заналхийлэл, энх тайвныг бусниулж байгаа аливаа зөрчил буюу түрэмгийлсэн үйлдэл байгааг Аюулгүйн Зөвлөл тодорхойлох бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоох талаар 41, 42 дугаар зүйлийн дагуу ямар арга хэмжээ авбал зохих тухай шийдэх буюу зөвлөмж гаргана.

40 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл тухайн байдлыг цаашид даамжруулахгүйн тулд 39 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах тухай шийдэх буюу зөвлөмж гаргахынхаа өмнө өөрийн шаардлагатай буюу зүйтэй гэж үзэж байгаа түр арга хэмжээг биелүүлэх шаардлагыг холбогдох этгээдүүдэд тавих эрхтэй. Тийм түр арга хэмжээ нь холбогдох этгээдүүдийн эрх, шаардлага буюу байр суурьт хор уршиг учруулах ёсгүй. Ийм түр арга хэмжээг биелүүлэхгүй бол Аюулгүйн Зөвлөл зохих ёсоор харгалзан үзнэ.

41 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл шийдвэрээ биелүүлэхийн тулд зэвсэгт хүч хэрэглэхгүйгээр ямар арга хэмжээ авбал зохихыг шийдэх эрхтэй бөгөөд тийм арга хэмжээ авахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдээс шаардаж болно. Тэдгээр арга хэмжээнд эдийн засгийн харилцаа болон төмөр зам, усан зам, агаарын зам, шуудан, телеграф, радио зэрэг харилцаа холбоог бүрэн буюу хэсэгчлэн таслан зогсоох түүнчлэн дипломат харилцаа таслах явдал орж болно.

42 дугаар зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл 41 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хангалтгүй байж мэдэх буюу нэгэнт хангалтгүй болсон гэж үзвэл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтооход шаардагдах арга хэмжээг агаар, ус, хуурай замын хүч хэрэглэн авах эрхтэй. Тийм арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн агаар, ус, хуурай замын цэргийн хүчээр далайлгах, бүслэн хаах болон бусад ажиллагаа багтаж болно.

43 дугаар зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд Аюулгүйн Зөвлөлийн шаардсанаар түүнд тусгай нэг буюу багц хэлэлцээрийн дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах зэвсэгт хүч гаргаж өгөх, тусламж үзүүлэх, түүнчлэн нутгаар нь дамжин өнгөрөх эрх олгох зэрэг үйлчилгээний холбогдох арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

2. Дурдсан нэг буюу багц хэлэлцээрт цэргийн тоо, төрөл, тэдгээрийн бэлэн байдлын түвшин, ерөнхий байрлалт болон үзүүлэх үйлчилгээ, тусламжийн шинж чанарыг тодорхойлон тогтооно.

3. Нэг буюу багц хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээг Аюулгүйн Зөвлөлийн санаачлагаар хийх бөгөөд аль болох богино хугацаанд явуулна. Хэлэлцээрийг Аюулгүйн Зөвлөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн хооронд эсхүл Аюулгүйн Зөвлөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хэсэг гишүүний хооронд байгуулах бөгөөд гарын үсэг зурсан улсууд тус тусын холбогдох хууль тогтоомжийн дагуу соёрхон батлах ёстой.

44 дүгээр зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөл хүч хэрэглэхээр шийдвэрлэсэн бол Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бус Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээс 43 дугаар зүйлээр хүлээсэн үүргийнх нь дагуу зэвсэгт хүч нийлүүлэхийг шаардахын өмнө түүний зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг ашиглах тухай Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гаргах ажиллагаанд уг гишүүн оролцохыг хүсвэл түүнийг урьж оролцуулна.

45 дугаар зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цэргийн яаралтай арга хэмжээ авах бололцоогоор хангах үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд үндэсний нисэх хүчний ангиудаа олон улсын хамтарсан албадах ажиллагаанд нэн даруй оролцуулах бэлэн байдалд байлгаж байх ёстой. Аюулгүйн Зөвлөл тэдгээр ангийн тоо, бэлэн байдлын түвшин болон тэдний хамтран явуулах ажиллагааны төлөвлөгөөг 43 дугаар зүйлд дурдсан тусгай нэг буюу багц хэлэлцээрт заасан хүрээнд Цэргийн штабын хорооны тусламжтайгаар тодорхойлон тогтооно.

46 дугаар зүйл

засварлах

Зэвсэгт хүч хэрэглэх төлөвлөгөөг Аюулгүйн Зөвлөл Цэргийн штабын хорооны тусламжтайгаар зохионо.

47 дугаар зүйл

засварлах

1. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдсон Аюулгүйн Зөвлөлийн цэрэг зэвсгийн хэрэгцээг тодорхойлох, Аюулгүйн Зөвлөлийн мэдэлд шилжүүлсэн зэвсэгт хүчнийг хэрэглэх, удирдах болон зэвсэглэлийг зохицуулах түүнчлэн болзошгүй зэвсэг хураахтай холбогдсон бүх асуудлаар тус Зөвлөлд зөвлөгөө өгүүлэх, туслуулах зорилгоор Цэргийн штабын хороог байгуулна.

2. Цэргийн штабын хороо нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн штабын дарга нараас буюу тэдний төлөөлөгчдөөс бүрдэнэ. Цэргийн штабын хороо үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс тус хороонд байнга төлөөлөгдөөгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүнийг ажилдаа оролцуулах шаардлагатай байвал тухайн гишүүнийг урьж хамтран ажиллана.

3. Цэргийн штабын хороо Аюулгүйн Зөвлөлд захирагдах бөгөөд Аюулгүйн Зөвлөлийн мэдэлд шилжүүлсэн аливаа зэвсэгт хүчнийг стратегийн удирдлагаар хангах үүрэг хариуцлага хүлээнэ. Дараа нь тийм хүчнийг удирдах тухай асуудлыг боловсруулах ёстой.

4. Цэргийн штабын хороо Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр, түүнчлэн бүс нутгийн зохих байгууллагуудтай зөвлөлдсөний дараа бүс нутгийн салбар хороодыг байгуулж болно.

48 дугаар зүйл

засварлах

1. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах зорилгоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх буюу нэг хэсэг гишүүн Аюулгүйн Зөвлөлийн тодорхойлсноор хэрэгжүүлнэ.

2. Тийм шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд шууд түүнчлэн гишүүн нь болсон олон улсын зохих байгууллагууддаа үйл ажиллагаа явуулах замаар хэрэгжүүлнэ.

49 дүгээр зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэрлэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд харилцан туслах үүднээс нэгдэцгээх ёстой.

50 дугаар зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөлөөс аль нэг улсын эсрэг урьдчилан сэргийлэх буюу албадах арга хэмжээ авах үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, гишүүн бус аливаа бусад улс уг арга хэмжээнээс үүдсэн эдийн засгийн жич асуудлуудтай тулгарвал тэдгээрийг шийдвэрлэх талаар Аюулгүйн Зөвлөлтэй зөвлөлдөх эрхтэй.

51 дүгээр зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлөөс авах хүртэл өөрийгөө бие даан буюу бусадтай хамтран хамгаалах салшгүй эрхийг энэхүү дүрэм хэрхэвч хөндөхгүй. Өөрийгөө хамгаалах энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн авсан арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлд нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд тэрхүү арга хэмжээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах буюу сэргээн тогтоохын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээгээ энэхүү дүрэм ёсоор хэдийд ч авч хэрэгжүүлэх Аюулгүйн Зөвлөлийн эрх, үүрэг хариуцлагыг хэрхэвч хөндөх ёсгүй.

VIII бүлэг: БҮС НУТГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

засварлах

52 дугаар зүйл

засварлах

1. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахтай холбогдсон, тэр үүднээс бүсийн хэмжээний үйл ажиллагаа явуулбал зохистой асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий бүсийн аливаа хэлэлцээр буюу байгууллага байж болохыг энэхүү дүрэм хэрхэвч үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү ийм хэлэлцээр буюу байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд нийцсэн байх ёстой.

2. Тийм хэлэлцээр байгуулсан буюу тийм байгууллагыг бүрэлдүүлж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд орон нутгийн маргаанаа Аюулгүйн Зөвлөлд шилжүүлэхийн өмнө түүнийг бүсийн тухайн хэлэлцээр буюу байгууллагынхаа тусламжтайгаар эв зүйгээр шийдвэрлэхийн төлөө бүхий л хүч чармайлт тавих ёстой.

3. Орон нутгийн маргааныг бүсийн тийм хэлэлцээр буюу байгууллагын тусламжтайгаар эв зүйгээр шийдвэрлэх явдлыг хөгжүүлэх, холбогдох улсуудын санаачлагаар буюу Аюулгүйн Зөвлөлөөс өөрөө санаачлан хөгжүүлэхийг Зөвлөл хөхиүлэн дэмжих ёстой.

4. Энэ зүйл 34, 35 дугаар зүйлийг хэрэглэхийг хэрхэвч хөндөхгүй.

53 дугаар зүйл

засварлах

1. Аюулгүйн Зөвлөл тохиромжтой үед бүсийн тийм хэлэлцээр буюу байгууллагыг өөрийн удирдлагын дор албадах арга хэмжээнд ашиглана. Гэвч Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр бүсийн хэлэлцээрийн дагуу буюу бүсийн байгууллагаас энэ зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон дайсан аль нэг улсын эсрэг 107 дугаар зүйлд буюу эсхүл тийм улс хойшид түрэмгийлэл үйлдэх явдлаас сэргийлэх үүрэг хариуцлагыг холбогдох засгийн газруудын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагад тохоон оноох хүртэл аль нэг дайсан улсын зүгээс түрэмгий бодлогоо сэргээхийн эсрэг чиглэсэн бүсийн хэлэлцээрт заасны дагуу авах арга хэмжээнээс бусад албадах арга хэмжээ авах ёсгүй.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт хэрэглэсэн "дайсан улс" гэдэг нэр томъёо дэлхийн хоёрдугаар дайны турш, энэхүү дүрэмд гарын үсэг зурсан улсуудын аль нэгний нь дайсан байсан аливаа улсад хамаарна.

54 дүгээр зүйл

засварлах

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахын тулд бүсийн хэлэлцээрийн дагуу буюу байгууллагаас явуулсан эсхүл явуулахаар төлөвлөж байгаа ажиллагааны тухай Аюулгүйн Зөвлөлд цаг ямагт бүрэн мэдээлж байх ёстой.

IX бүлэг: ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ,

засварлах

НИЙГМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

55 дугаар зүйл

засварлах

Улс түмний эрх тэгш байх, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэх үндсэн дээр улс үндэстнүүдийн хоорондын энх тайван, найрсаг харилцаанд зайлшгүй хэрэгтэй тогтвортой байдал, сайн сайхан аж байдлын нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага: (а) амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амыг ажлын байраар бүрэн хангах, эдийн засаг, нийгмийн дэвшил, хөгжлийн нөхцлийг сайжруулахад; (b) олон улсын эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын болон тэдгээртэй холбогдох асуудлуудыг шийдвэрлэх, соёл, боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд; (с) арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахихад тус тус дөхөм үзүүлнэ.

56 дугаар зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн 55 дугаар зүйлд заасан зорилгыг биелүүлэхийн тулд хамтарсан буюу бие даасан арга хэмжээг Байгууллагатай хамтран хэрэгжүүлж байх үүрэгтэй.

57 дугаар зүйл

засварлах

1. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулах гол баримт бичгийнхээ дагуу эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон тэдгээртэй холбогдох салбаруудад олон улсын өргөн үүрэг хариуцлага хүлээсэн янз бүрийн төрөлжсөн байгууллага нь 63 дугаар зүйлийн заалтын дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орох ёстой.

2. Тийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орсон байгууллагуудыг хойшхи зүйлүүдэд "төрөлжсөн байгууллагууд" гэж нэрлэнэ.

58 дугаар зүйл

засварлах

Төрөлжсөн байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага зөвлөмж гаргаж байна.

59 дүгээр зүйл

засварлах

55 дугаар зүйлд заасан зорилгыг биелүүлэхэд шаардагдах ямар нэг төрөлжсөн байгууллагыг шинээр байгуулах хэрэг гарвал сонирхогч улсуудын хооронд хэлэлцээ хийлгэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага санаачлага гаргаж байна.

60 дугаар зүйл

засварлах

Энэ бүлэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг биелүүлэх хариуцлагыг Ерөнхий Ассамблей, түүнчлэн Ерөнхий Ассамблейн удирдлага дор Эдийн засаг, нийгмийн зөвлөл хүлээх бөгөөд энэ үүднээс Эдийн засаг, нийгмийн зөвлөлд Х бүлэгт заасан эрхийг олгож байна.

Х бүлэг: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЗӨВЛӨЛ

засварлах

Бүрэлдэхүүн

61 дүгээр зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл нь Ерөнхий Ассамблейгаас сонгосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын тавин дөрвөн гишүүнээс бүрэлдэнэ.

2. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн арван найман гишүүнийг жил бүр гурван жилийн хугацаатай сонгоно. Хугацаа дуусч байгаа гишүүнийг Зөвлөлд шууд улируулан сонгож болно.

3. Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн тоог хорин долоогоос тавин дөрөв болгож өргөтгөсний дараахь анхны сонгуулиар тухайн оны эцсээр эрхийнх нь хугацаа дуусч байгаа есөн гишүүний оронд сонгох гишүүд дээр нэмж хорин долоон гишүүнийг сонгоно. Ийнхүү нэмж сонгосон хорин долоон гишүүнээс, Ерөнхий Ассамблейн гаргасан тогтоолын дагуу тийнхүү сонгогдсон хоёр дахь жилийн эцсээр есөн гишүүний эрхийн хугацаа эхний жилийн эцсээр, нөгөө есийнх нь эрхийн хугацаа хоёр жил болоод тус тус дуусна.

4. Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүн бүр нэг төлөөлөгчтэй байна.

Чиг үүрэг, эрх мэдэл

62 дугаар зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл олон улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд болон тэдгээртэй холбогдох асуудлаар судалгаа хийх, тайлан боловсруулах буюу санаачлах, түүнчлэн эдгээр аль ч асуудлын талаар Ерөнхий Ассамблей, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд болон холбогдох төрөлжсөн байгууллагуудад зөвлөмж гаргах эрхтэй.


2. Зөвлөл хүний эрх ба хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэн сахих явдлыг дэмжих зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.

3. Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар Ерөнхий Ассамблейд оруулахаар конвенцийн төсөл бэлтгэх эрхтэй.

4. Зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар олон улсын хурал чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй.

63 дугаар зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл 57 дугаар зүйлд заасан аль ч байгууллагатай тухайн байгууллагын Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа холбоонд орох нөхцлийг тодорхойлсон хэлэлцээр байгуулах эрхтэй. Тийм хэлэлцээрийг Ерөнхий Ассамблейгаар батлах ёстой.

2. Зөвлөл төрөлжсөн байгууллагуудтай зөвлөлдөх, тэдгээрт зөвлөмж өгөх болон Ерөнхий Ассамблей, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд хандан зөвлөмж гаргах замаар төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байх эрхтэй.


64 дүгээр зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл төрөлжсөн байгууллагуудаас тогтмол хугацаанд тайлан гаргуулан авч байхын тулд шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй. Зөвлөл өөрийн гаргасан болон түүний эрх хэмжээний хүрээний асуудлаар Ерөнхий Ассамблейн гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний тухай тайлан гаргуулан авч байх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд болон төрөлжсөн байгууллагуудтай хэлэлцээр байгуулах эрхтэй.

2. Зөвлөл эдгээр тайлангийн талаархи санал дүгнэлтээ Ерөнхий Ассамблейд мэдээлж байх эрхтэй.

65 дугаар зүйл

засварлах

Эдийн засаг, нийгмийн зөвлөл Аюулгүйн Зөвлөлд мэдээлэл өгөх эрхтэй бөгөөд Аюулгүйн Зөвлөлд хүсэлтийх нь дагуу туслах үүрэгтэй.

66 дугаар зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл Ерөнхий Ассамблейн зөвлөмжийг биелүүлэхтэй холбогдуулан эрх хэмжээнийх нь хүрээнд багтах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Зөвлөл Ерөнхий Ассамблейн сайшааснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн болон төрөлжсөн байгууллагуудын хүсэлт болгосон ажлыг гүйцэтгэх эрхтэй.

3. Зөвлөл энэхүү дүрмийн бусад бүлэг, зүйлд заасан буюу Ерөнхий Ассамблейгаас түүнд даалгах бусад чиг үүргийг биелүүлж байх ёстой.

Санал хураалт

67 дугаар зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.


2. Эдийн засаг, нийгмийн зөвлөл шийдвэрээ санал хураалтад байлцаж оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.

Дэг

68 дугаар зүйл

засварлах

Эдийн засаг, нийгмийн зөвлөл эдийн засаг, нийгмийн салбарын болон хүний эрхийг сахиулах асуудал эрхлэх комиссууд, түүнчлэн чиг үүргээ биелүүлэхэд шаардагдах бусад комиссыг байгуулна.

69 дүгээр зүйл

засварлах

Эдийн засаг, нийгмийн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүнд онцгой холбогдол бүхий аливаа асуудал хэлэлцэхдээ тэрхүү гишүүнийг уг хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцуулахаар урина.

70 дугаар зүйл

засварлах

Эдийн засаг, нийгмийн зөвлөл дотроо болон байгуулсан комиссууддаа асуудал хэлэлцэхэд төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчдийг санал өгөх эрхгүйгээр оролцуулах, түүнчлэн төрөлжсөн байгууллагуудад асуудал хэлэлцэхэд төлөөлөгчдөө оролцуулах арга хэмжээ авах эрхтэй.

71 дүгээр зүйл

засварлах

Эдийн засаг, нийгмийн зөвлөл түүний эрх хэмжээний хүрээний тодорхой асуудлыг сонирхож байгаа төрийн бус байгууллагуудтай уг асуудлаар зөвлөлдөх талаар зохих арга хэмжээ авах эрхтэй. Тийм арга хэмжээг олон улсын байгууллагуудтай тохиролцож болох бөгөөд мөн шаардлагатай бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох гишүүн улстай зөвлөлдсөний дараа тухайн улсын үндэсний байгууллагуудтай тохиролцож болно.

72 дугаар зүйл

засварлах

1. Эдийн засаг, нийгмийн зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.

2. Эдийн засаг, нийгмийн зөвлөл дэгийнхээ дагуу шаардлагатай үед хуралдаж байх бөгөөд тэрхүү дэгд нь гишүүдийнхээ олонхын шаардлагаар хуралдаан зарлан хуралдуулж байх тухай заалт орсон байх ёстой.

XI бүлэг: ӨӨРИЙГӨӨ ЭС УДИРДАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ

засварлах

73 дугаар зүйл

засварлах

Ард түмэн нь бүрэн өөрийгөө удирдах ёс хараахан тогтоогүй байгаа нутаг дэвсгэрийг удирдах хариуцлага хүлээсэн буюу хүлээн авч байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд тэдгээр нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын эрх ашгийг тэргүүн зэрэгт үзэх зарчмыг хүлээн зөвшөөрөхийн хамт тэдгээр нутаг дэвсгэрийн хүн амын сайн сайхан аж байдалд энэхүү дүрмээр тогтоосон олон улсын энх тайван, аюулгүй байдлын тогтолцооны хүрээнд дээд зэргээр тус дөхөм болохыг, түүнчлэн энэхүү зорилгын үүднээс: (а) дурдсан ард түмнүүдийн соёлыг зохих ёсоор хүндэтгэн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшлийг хангах, тэдгээртэй шударгаар харьцах, тэдгээрийг хортойгоор ашиглахаас хамгаалах явдлыг хангах; (b) өөрийгөө удирдах ёсыг хөгжүүлэх, тэдгээр ард түмний улс төрийн хүсэл эрмэлзлийг зохих ёсоор харгалзан үзэх, тухайн нутаг дэвсгэр болон тэнд оршин суугаа ард түмний өвөрмөц нөхцөл байдал, хөгжлийн түвшинд нийцүүлэн улс төрийн чөлөөт байгууллагын дэвшилтэт хөгжилд туслах; (c) олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх;

(d) хөгжлийн бүтээн байгуулах арга хэмжээг хөгжүүлэх зорилт, судалгаа шинжилгээг хөхиүлэн дэмжих, энэ зүйлд дурдсан нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны зорилгыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өөр хоорондоо болон тохиромжтой газарт, тохиромжтой үед олон улсын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах; (e) XII, XIII бүлгийн заалтуудад хамаарах нутаг дэвсгэрээс бусад хариуцлага хүлээсэн холбогдох нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь нөхцөл байдалд хамаарах тоо бүртгэлийн болон бусад техникийн шинж чанартай бөгөөд уг нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, хуулийн дэг ёсонд үл харшлах мэдээ сэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээллийн журмаар тогтмол хүргүүлж байхыг ариун үүргээ гэж үзэж байна.

74 дүгээр зүйл

засварлах

Энэ бүлэгт хамаарах нутаг дэвсгэрийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн баримтлах бодлого нь тэдгээр нутаг дэвсгэрийг хариуцсан эзэн улсуудын хувьд явуулах бодлогоос дутуугүйгээр дэлхийн бусад хэсгийн нийгэм, эдийн засаг, худалдааны ашиг сонирхол, сайн сайхан байдлыг зохих ёсоор харгалзсан сайн хөршийн ерөнхий зарчимд суурилах ёстой гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүд мөн тохиролцов.

XII бүлэг: ОЛОН УЛСЫН АСРАМЖИЙН ТОГТОЛЦОО

засварлах

75 дугаар зүйл

засварлах

Тухайлсан дараагийн хэлэлцээрээр асрамжийн тогтолцоонд нэгтгэж болох нутаг дэвсгэрийг удирдах, тэдгээрийг ажиглан хянаж байх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн удирдлагын дор олон улсын асрамжийн тогтолцоог бий болгоно. Тийм нутаг дэвсгэрийг хойшид асрамжийн нутаг дэвсгэр гэж нэрлэнэ.

76 дугаар зүйл

засварлах

Энэхүү дүрмийн 1 дүгээр зүйлд дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгоос үүдэн асрамжийн тогтолцоо нь дараахь гол зорилттой болно: (а) олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх;

(b) асрамжийн нутаг дэвсгэрийн хүн амын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшилд дөхөм үзүүлэх, тухайн нутаг дэвсгэрийн болон хүн амын онцлог нөхцөл байдал, хүн амынх нь чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зориг, асрамжийн тухай холбогдох хэлэлцээр тус бүрийн заалтыг тус тус харгалзан үзэх үндсэн дээр өөрийгөө удирдах ёсыг тогтоох буюу тусгаар тогтнох дэвшилтэт хөгжилд нь нэг адил дөхөм үзүүлэх;

(c) арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл алагчилан хүний эрх болон хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэхийг хөхиүлэн дэмжих, мөн дэлхийн улс түмнүүд харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрөхийг хөхиүлэн дэмжих;

(d) нийгэм, эдийн засаг, худалдааны салбарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн улс, тэдгээрийн иргэдийн адил тэгш харьцах байдлыг хангах, түүнчлэн дээр дурдсан зорилгод хүрэхэд хор уршиг учруулахгүйгээр 80 дугаар зүйлийн заалтыг баримтлан шүүн таслах ажиллагаанд иргэдийн адил тэгш харьцах байдлыг мөн хангах.

77 дугаар зүйл

засварлах

1. Асрамжийн тухай хэлэлцээрээр асрамжийн тогтолцоонд оруулж болох дор дурдсан ангилалд багтах нутаг дэвсгэрийн хувьд уг тогтолцоо үйлчилнэ:

(а) одоо мандатад байгаа нутаг дэвсгэр; (b) дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр дайсан улсуудаас салган авч болох нутаг дэвсгэр; (c) удирдах хариуцлага хүлээсэн улсууд асрамжийн тогтолцоонд сайн дураараа оруулсан нутаг дэвсгэр. 2. Дээр дурдсан ангилалд багтах нутаг дэвсгэрээс чухам алийг нь ямар нөхцлөөр асрамжийн тогтолцоонд хамруулахыг хожим байгуулах хэлэлцээрээр шийдвэрлэнэ.

78 дугаар зүйл

засварлах

Асрамжийн тогтолцоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болсон нутаг дэвсгэрт үл хамаарах бөгөөд тийм гишүүдийн хоорондын харилцаа нь бүрэн тэгш эрхт байдлын зарчмыг хүндэтгэх үндсэн дээр суурилах ёстой.

79 дүгээр зүйл

засварлах

Асрамжийн тогтолцоонд хамруулбал зохих нутаг дэвсгэр бүрийн талаархи асрамжийн нөхцөл болон түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг энэ асуудалд шууд холбогдох улсууд, тэдгээрийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүний мандатад орших нутаг дэвсгэр байгаа бол тийнхүү мандат эдлэгч улсын оролцон байгуулах хэлэлцээрээр тогтоох бөгөөд 83, 85 дугаар зүйлд заасан ёсоор батлана.

80 дугаар зүйл

засварлах

1. 77, 79, 81 дүгээр зүйлийн дагуу тухайн нутаг дэвсгэр бүрийг асрамжийн тогтолцоонд хамруулах талаар тухайлан байгуулсан хэлэлцээрээр тохиролцож болох түүнчлэн цаашид тийм хэлэлцээр байгуулахаас бусад тохиолдолд энэ бүлгийн аль ч заалтыг аливаа улс буюу улс түмний аливаа эрхийг эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох гишүүн улсын нэгдэн орсон олон улсын хүчин төгөлдөр хэлэлцээрийн нөхцлийг ямар нэг байдлаар өөрчилж орлох мэтээр тайлбарлах ёсгүй.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 77 дугаар зүйлд заасанчлан мандатад байгаа болон бусад нутаг дэвсгэрийг асрамжийн тогтолцоонд хамруулах тухай хэлэлцээ хийх, хэлэлцээр байгуулах ажлыг саатуулах буюу хойшлуулах үндэслэл болох мэтээр тайлбарлах ёсгүй.

81 дүгээр зүйл

засварлах

Асрамжийн тухай хэлэлцээр бүрт асрамжийн нутаг дэвсгэрийг удирдах болзол нөхцлийг болон удирдах засгийг заан тодорхойлох ёстой. Удирдах засаг гэж хойшид нэрлэгдэх тийм засаг нь нэг буюу хэсэг улс эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрөө байж болно.

82 дугаар зүйл

засварлах

Асрамжийн тухай аль ч хэлэлцээрт 43 дугаар зүйлийн дагуу байгуулсан аливаа нэг буюу багц тусгай хэлэлцээрт хор уршиг учруулахгүйгээр тухайн хэлэлцээрээр асрамжилж буй нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хамарсан стратегийн газар нутаг буюу нутгуудыг заан тодорхойлж болно.

83 дугаар зүйл

засварлах

1. Асрамжийн тухай хэлэлцээрийн болзол нөхцөл, түүний нэмэлт өөрчлөлтийг батлах зэрэг стратегийн газар нутгуудын талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх чиг үүргийг Аюулгүйн Зөвлөл гүйцэтгэн явуулна.

2. 76 дугаар зүйлд дурдсан үндсэн зорилтууд стратегийн газар нутаг бүрийн ард түмэнд хамаарна.

3. Аюулгүйн Зөвлөл асрамжийн тухай хэлэлцээрийн заалтыг сахин, аюулгүй байдлын шаардлагад хор уршиг учруулахгүйгээр асрамжийн тогтолцоо ёсоор стратегийн газар нутгуудын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын асуудлуудтай холбогдох Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг гүйцэтгэн явуулахдаа Асрамжийн зөвлөлийн тусламж авна.

84 дүгээр зүйл

засварлах

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад асрамжийн нутаг дэвсгэр өөрийн хувь нэмрийг оруулах явдлыг хангах нь удирдах засгийн үүрэг мөн. Энэ зорилгоор удирдах засаг энэ талаар Аюулгүйн Зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх түүнчлэн орон нутгийг батлан хамгаалах болон асрамжийн нутаг дэвсгэр дээр хууль, хэв журмыг сахиулахын тулд асрамжийн нутаг дэвсгэрийн сайн дурын зэвсэгт хүч, үйлчилгээний хэрэгсэл, тусламжийг ашиглах эрхтэй.

85 дугаар зүйл

засварлах

1. Асрамжийн тухай хэлэлцээрүүдийн болзол нөхцөл, түүний нэмэлт өөрчлөлтийг батлах зэрэг стратегийн бус газар нутгийн асрамжийн хэлэлцээрийн талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын чиг үүргийг Ерөнхий Ассамблей гүйцэтгэн явуулна.

2. Ерөнхий Ассамблейн удирдлага дор ажиллах Асрамжийн зөвлөл дээрх чиг үүргийг гүйцэтгэхэд нь Ерөнхий Ассамблейд туслана.

XIII бүлэг: АСРАМЖИЙН ЗӨВЛӨЛ

засварлах

Бүрэлдэхүүн

86 дугаар зүйл

засварлах

1. Асрамжийн зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дор дурдсан гишүүдээс бүрдэнэ:

(а) асрамжийн нутаг дэвсгэр удирддаг гишүүд;

(b) асрамжийн нутаг дэвсгэр удирддаггүй гэж 23 дугаар зүйлд нэр дурдсан гишүүд;

(c) Асрамжийн зөвлөлийн гишүүдийн дотор асрамжийн нутаг дэвсгэр удирддаг, үл удирддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн тоог адил тэнцүү байлгах үүднээс шаардагдах тоогоор Ерөнхий Ассамблейгаас гурван жилийн хугацаагаар сонгосон бусад гишүүд.

2. Асрамжийн зөвлөлийн гишүүн бүр тус Зөвлөлд өөрийгөө төлөөлөх тусгайлан мэргэшсэн нэг хүнийг томилно.

Чиг үүрэг, эрх мэдэл

87 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблей, түүний удирдлага дор ажиллах Асрамжийн зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхдээ: (а) удирдах засгаас оруулах тайланг авч үзэх; (b) өргөдөл гомдол хүлээн авч, тэдгээрийг удирдах засагтай зөвлөлдөн хянан үзэх; (c) удирдах засагтай нь тохиролцсон хугацаанд асрамжийн нутаг дэвсгэрийг үе үе эргэж байх;

(d) асрамжийн тухай хэлэлцээрийн болзол нөхцөлд нийцүүлэн дээр дурдсан болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулах тус тус эрхтэй.

88 дугаар зүйл

засварлах

Асрамжийн зөвлөл асрамжийн нутаг дэвсгэр бүрийн хүн амын улс төр, эдийн засаг, нийгэм, боловсролын хөгжил дэвшлийн талаар асуулгын хуудас боловсруулах бөгөөд түүнийг үндэслэн удирдах засаг Ерөнхий Ассамблейн эрх хэмжээний хүрээнд багтах асрамжийн нутаг дэвсгэр бүрийн тухай жил тутам тайлан бэлтгэж Ерөнхий Ассамблейд оруулж байна. Санал хураалт

89 дүгээр зүйл

засварлах

1. Асрамжийн зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна.

2. Асрамжийн зөвлөл шийдвэрээ санал хураалтад байлцаж оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргана.

Дэг

90 дүгээр зүйл

засварлах

1. Асрамжийн зөвлөл даргаа сонгох журмыг багтаасан дэгийнхээ горимыг өөрөө тогтооно.

2. Асрамжийн зөвлөл дэгийнхээ дагуу шаардлагатай үед хуралдах бөгөөд уг дэгд гишүүдийнхээ олонхын шаардсанаар хуралдаан зарлан хуралдуулж байх заалт орсон байна.

91 дүгээр зүйл

засварлах

Асрамжийн зөвлөл шаардлагатай үед Эдийн засаг, нийгмийн зөвлөл болон төрөлжсөн байгууллагуудаас тэдгээрт холбогдох асуудлаар тусламж авна.

XIV бүлэг: ОЛОН УЛСЫН ШҮҮХ

засварлах

92 дугаар зүйл

засварлах

Олон улсын шүүх бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын шүүхийн гол байгууллага мөн. Тус шүүх энд хавсаргасан дүрмийн дагуу ажиллах бөгөөд Олон улсын шүүхийн Байнгын Танхимын дүрэмд үндэслэсэн Олон улсын шүүхийн дүрэм нь энэхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн салшгүй хэсэг мөн.

93 дугаар зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн Олон улсын шүүхийн дүрэмд ipso facto оролцогч талууд болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий Ассамблейгаас тухайн улсын хувьд тогтоох нөхцлийн дагуу Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч тал болж болно.

94 дүгээр зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр өөртөө холбогдох хэргийн талаар Олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

2. Хэрэгт холбогдох аль нэг тал шүүхийн шийдвэрээр хүлээлгэсэн үүргийг эс биелүүлбэл нөгөө этгээд нь Аюулгүйн Зөвлөлд хандаж болох бөгөөд Аюулгүйн Зөвлөл шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхийн тулд авах арга хэмжээний талаар зөвлөмж буюу шийдвэр гаргаж болно.

95 дугаар зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн өнөө хүчин төгөлдөр байгаа буюу хойшид байгуулагдаж болох хэлэлцээрүүдийн хүрээнд гарч болох санал зөрөөтэй асуудлаа өөр шүүхэд өгч шийдвэрлүүлэхэд энэхүү дүрмийн ямар ч заалт саад болох ёсгүй.

96 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий Ассамблей буюу Аюулгүйн Зөвлөл эрх зүйн аливаа асуудлаар зөвлөх санал гаргуулахаар Олон улсын шүүхээс хүсч болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллага болон төрөлжсөн байгууллагууд Ерөнхий Ассамблейгаас хэдийд ч олгох зөвшөөрлийн үндсэн дээр өөр өөрийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн эрх зүйн асуудлаар зөвлөх санал дүгнэлт гаргуулахаар Олон улсын шүүхээс нэг адил хүсч болно.

XV бүлэг: НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

засварлах

97 дугаар зүйл

засварлах

Нарийн бичгийн дарга нарын газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад шаардагдах хэмжээний орон тооны ажилтнуудаас бүрэлдэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий Ассамблей томилно. Ерөнхий нарийн бичгийн дарга бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын захиргааны дээд албан тушаалтан мөн.

98 дугаар зүйл

засварлах

Ерөнхий нарийн бичгийн дарга ийм албан тушаалтны хувьд Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөлийн бүх хуралдаанд оролцож ажиллах бөгөөд эдгээр байгууллагаас түүнд хүлээлгэх бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажлын тухай жил тутам тайлан гаргаж Ерөнхий Ассамблейд оруулна.

99 дүгээр зүйл

засварлах

Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад заналхийлж болзошгүй гэж үзсэн аливаа асуудлыг Аюулгүйн Зөвлөлд сонордуулж байх эрхтэй.

100 дугаар зүйл

засварлах

1. Ерөнхий нарийн бичгийн дарга түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд нь үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ аливаа засгийн газраас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагад үл хамаарах ямарваа захиргаанаас зааварчилгаа хүсэх буюу авах ёсгүй. Тэд зөвхөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө хариуцлага хүлээсэн олон улсын албан тушаалтны хувьд байр суурьт нь нөлөөлж болох аливаа үйлдэл хийхээс зайлсхийх ёстой.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын үүрэг хариуцлага гагцхүү олон улсын шинж чанартай гэдгийг хүндэтгэж, энэхүү үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь тэдэнд нөлөөлөхийг оролдохгүй байх үүрэгтэй.

101 дүгээр зүйл

засварлах

1. Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтныг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.

2. Зохих орон тооны ажилтнуудыг Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Асрамжийн зөвлөл болон шаардлагатай үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад байгууллагад байнга ажиллуулахаар томилно. Ийм ажилтнууд Нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнд багтана.

3. Ажилд авах болон алба хаших болзол нөхцлийг тогтоохдоо үр бүтээлтэй, ажлын өндөр чадвартай, үнэнч шударга үйл ажиллагааны өндөр түвшинг хангах шаардлагыг нэн чухалчилбал зохино. Ажилтнуудыг газар зүйн хувьд аль болох өргөн хүрээнээс сонгож авахыг чухалчлан анхаарвал зохино.

XVI бүлэг: БУСАД ЗААЛТ

засварлах

102 дугаар зүйл

засварлах

1. Энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч гишүүний байгуулсан аливаа гэрээ болон олон улсын хэлэлцээрийг Нарийн бичгийн дарга нарын газарт аль болохоор шуурхай бүртгүүлж, тэндээс хэвлэн нийтлүүлж байвал зохино.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлээгүй аливаа гэрээ буюу олон улсын хэлэлцээрт оролцогч этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль ч байгууллагад тийм гэрээ буюу хэлэлцээрийг иш татах ёсгүй.

103 дугаар зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг олон улсын өөр ямар нэг хэлэлцээрээр хүлээсэн үүрэгтэй нь харшлах тохиолдолд энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг нь давуу хүчинтэйд тооцогдоно.

104 дүгээр зүйл

засварлах

Нэгдсэн Үндэстний Байгууллага гишүүн бүрийнхээ нутаг дэвсгэр дээр чиг үүрэг, зорилгоо биелүүлэхэд шаардагдах эрхийн чадвараар хангагдана.

105 дугаар зүйл

засварлах

1. Нэгдсэн Үндэстний Байгууллага гишүүн бүрийнхээ нутаг дэвсгэр дээр зорилгоо биелүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн төлөөлөгчид болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаалтнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн чиг үүргийг бие даан хэрэгжүүлэхэд шаардагдах эрх ямба, дархан эрхийг нэг адил эдэлнэ.

3. Ерөнхий Ассамблей энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх талаар нарийвчилсан зүйлийг тодорхойлон зөвлөмж гаргаж болох бөгөөд мөн энэ зорилгоор конвенц боловсруулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдэд санал болгож болно.

XVII бүлэг: ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН АЮУЛГҮЙН БАЙДЛЫН

засварлах

АРГА ХЭМЖЭЭНҮҮД

106 дугаар зүйл

засварлах

Аюулгүйн Зөвлөлийн үзэж байгаагаар 42 дугаар зүйлд заасан үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж эхлэх боломжийг өөрт нь олгох ёстой 43 дугаар зүйлд дурдсан тусгай хэлэлцээрүүд хүчин төгөлдөр болтол 1943 оны 10 дугаар сарын 30-нд Москва хотноо гарын үсэг зурсан Дөрвөн гүрний тунхаглалд оролцогчид болон Франц улс уг тунхаглалын 5 дахь хэсэгт заасан ёсоор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдаж болох хамтарсан арга хэмжээг Байгууллагын өмнөөс авах зорилгоор өөр хоорондоо, түүнчлэн тухайн нөхцөлд шаардлагатай бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад гишүүнтэй зөвлөлдөнө.

107 дугаар зүйл

засварлах

Энэхүү дүрэмд гарын үсэг зурсан аль ч улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайны туршид дайсан байсан аливаа улсын талаар ямар нэг арга хэмжээ авах хариуцлага бүхий засгийн газруудаас дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд хэрэгжүүлсэн буюу зөвшөөрөгдсөн арга хэмжээг энэхүү дүрэм ямар нэг байдлаар хөндөх буюу цуцлахгүй.

XVIII бүлэг: НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

засварлах

108 дугаар зүйл

засварлах

Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналаар энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд тэдгээр нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын бүх гишүүдийг оролцуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёр нь тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батласны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүдийн хувьд хүчин төгөлдөр болно.

109 дүгээр зүйл

засварлах

1. Энэхүү дүрмийг хянаж үзэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн Ерөнхий бага хурлыг Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болон Аюулгүйн Зөвлөлийн аль ч есөн гишүүний саналаар тогтоон товлосон хугацаа, газарт хийж болно. Бага хурал дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүр нэг саналтай байна.

2. Бага хуралд оролцогчдын гуравны хоёрын саналаар энэхүү дүрэмд оруулахаар зөвлөмж болгосон аливаа өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн гуравны хоёр, тэдгээрийн дотор Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бүх гишүүд тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батласнаар хүчин төгөлдөр болно.

3. Ийм бага хурал энэхүү дүрэм хүчин төгөлдөр болсноос хойшхи Ерөнхий Ассамблейн ээлжит аравдугаар чуулганаас өмнө хуралдаагүй бол түүнийг зарлан хуралдуулах тухай саналыг Ерөнхий Ассамблейн дурдсан чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах бөгөөд Ерөнхий Ассамблейн гишүүдийн олонх ба Аюулгүйн зөвлөлийн аль ч долоон гишүүний саналаар бага хурлыг хийхээр шийдвэл тийнхүү хуралдуулна.

XIX бүлэг: СОЁРХОН БАТЛАХ, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ

засварлах

110 дугаар зүйл

засварлах

1. Энэхүү дүрмийг түүнд гарын үсэг зурсан улсууд тус тусын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлана.

2. Батламж жуух бичгүүдийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт хадгалуулах ёстой бөгөөд тус Засгийн газар батламж жуух бичиг бүрийг хадгалахаар хүлээн авсан тухайгаа дүрэмд гарын үсэг зурсан бүх улсад, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон цагт түүнд тус тус мэдэгдэж байна.

3. Энэхүү дүрэм Бүгд Найрамдах Хятад Улс, Франц Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс болон дүрэмд гарын үсэг зурсан бусад улсын олонхи нь батламж жуух бичгээ тус тус хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. Үүний дараа Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар батламж жуух бичгүүдийг түүнд хадгалуулсан тухай протокол үйлдэж, хувийг нь дүрэмд гарын үсэг зурсан бүх улсад хүргүүлнэ.

4. Энэхүү дүрэмд гарын үсэг зураад хүчин төгөлдөр болсноос нь хойш соёрхон батласан улсууд зохих батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхдагч гишүүд болно.

111 дүгээр зүйл

засварлах

Англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү дүрэм Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын архивт хадгалагдаж байх болно. Тус Засгийн газар дүрмийн зохих ёсоор батламжилсан хувийг түүнд гарын үсэг зурсан бусад бүх улсын Засгийн газарт хүргүүлнэ. Хэмээснийг нотлон Нэгдсэн Үндэстний засгийн газруудын төлөөлөгчид энэхүү дүрэмд гарын үсэг зурав. Сан Франциско хотноо нэг мянга есөн зуун дөчин таван оны зургаадугаар сарын хорин зургааны өдөр үйлдэв.