Номыг хэрхэн унших вэ
Номыг хэрхэн унших вэ? (Англи: How to Read a Book) нь Мортимэр Адлер бүтээж 1940 онд анх хэвлэсэн, 1972 онд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн хэвлэсэн ном юм. Монгол хэлээр ЭМОС клуб "Ном унших ном" гэсэн нэрээр 2015 онд хэвлүүлсэн.
Дэлхий дээр бичиг үсэгт тайлагдаж, суурь боловсрол эзэмшиж, 4-6 жил их сургууль, коллежид суралцаж өндөр боловсрол эзэмшиж байгаа хүний тоо сүүлийн 40 жил огцом өссөн. Дэлхийн улс орнууд иргэдээ бичиг үсэгт тайлагдах, унших чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогын хэмжээнд өндөр ач холбогдол өгч ажиллах болсон. Радио, зурагт, интернет гээд шинэ мэдээлэл авах суваг урьд хожид байгаагүйгээр олон бас хялбар болсон зэргээр номын зохиогч анх бүтээлээ туурвиснаас хойш дэлхий асар их өөрчлөгдсөн хэдий ч олон нийтийн ном унших чадварт чанарын өөрчлөлт бага байгаа талаар зохиогч номдоо онцолжээ.
Үүний нэг том шалтгаан нь номыг ойлгож, ухаж уншиж суралцах боловсрол нь урт хугацааны процесс байдаг боловч бидний энэхүү боловсрол үг үсэг холбож сурсан даруйдаа зогсдогтой холбоотой хэмээн Мортимэр бичсэн.
Агуулга
засварлах4 бүлэг бүхий ус номын 1972 оны хэвлэлийн гол санааг доор эмхэтгэлээ.
- Унших гэж юуг хэлнэ вэ?
Зохиогч номдоо гурван төрлийн унших үйлийг тодорхойлсон.
- Чөлөөт уншлага
- Мэдээлэл эсвэл факт олж авах уншлага
- Мэдлэг олж авах буюу оюуны түвшний уншлага
Эхний хоёр төрлийн уншлагыг ихэнх бичиг үсэг тайлагдсан хүн хийж чадах учир тус ном нь гурав дахь төрлийн унших буюу шинэ мэдлэг олж авах, ойлголтоо улам лавшруулж “оюуны өндөр түвшинд унших” чадварт суралцах хүсэлтэй хүмүүст зориулагджээ.
Ямар зорилготой уншиж байна вэ?
Аливаа номыг уншихаасаа өмнө ямар зорилгоор уншиж буйгаа тодорхойлох шаардлагатай. Үүний дараа зорилгодоо тохирох номыг сонгох. Мэдээний сонин сэтгүүл, уран зохиол нь 1, 2-р төрлийн уншлагад багтах бол шинжлэх ухаан, философи зэрэг аль нэг мэдлэг эсвэл мэргэжлийн салбарын онолын номыг оюуны түвшинд тохирсон унших чадварыг ашиглах хэрэгтэй гэж Мортимэр зөвлөсөн.
Ихэнх хүмүүс энэ чухал тодорхойлолтыг хийгээгүйгээс болж уншиж буй төрлийн номдоо тохирохгүй унших чадвар ашигласнаас үүдэн цагаа дэмий үрэх нь түгээмэл ба цаашлаад мэргэжлийн нэг бүтэн салбарын тухай буруу ойлголттой болох эрсдэлтэй байдаг аж. Хэрэв шинэ мэдлэг олж авах, онолын түвшний номыг ойлгож, бүр критик хийх хэмжээнд хүрэхийг эрмэлзэж байгаа бол доорх дөрвөн түвшний уншлагыг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй.
1. Анхан шатны уншлага нь суурь боловсролын эхний 3–6 жилд явагддаг ба энэ үед ихэнх хүүхэд үг үсэг холбож, бүтэн өгүүлбэр, догол мөр уншиж сурах, хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтэц зэрэгтэй танилцахыг хэлдэг.
Та мужааны мэргэжилд суралцахыг зорьж байна гэж төсөөлөе. Шууд багажаа бариад ажилдаа орохоос өмнө мужаан гэж хэнийг хэлэх, мужаан болсоноор юу хийх боломжтой, ямар багажуудтай ажиллаж сурах, ямар нэг эрсдэл дагуулах эсэх зэрэг анхан шатны ойлголт авна. Анхан шатны уншлага нь яг үүнтэй адилаар ердөө л “унших” чадварын эхний алхам. Багаж барьж сурсанаар мужаан болчихгүйтэй адил үсэглэж сурлаа гээд “унших” чадварыг бүрэн эзэмшчихлээ гэсэн үг биш.
2. Ажиглах эсвэл сониучлах түвшний уншлага нь шууд эхний бүлгээс эхлээд уншихаас өмнө номны нэр, гарчиг, зохиогч номоороо хэлэх гэсэн эсвэл шийдэх гэсэн асуудал юу болох, ямар аргументуудыг ашиглахаар зэхэж байгааг сониучлахыг хэлсэн.
Мужааны жишээгээр хэлбэл, анхан шатны ойлголтоо авсны дараа эхний ээлжинд бусад мужаан ширээг хэрхэн хийдгийг эсвэл хийж байгааг ажиглах. Ширээ хийхэд ямар арга техник байдаг, ямар багаж ашиглаж хийх зэргийг ажиглана. Энэ түвшинд унших зорилгынхоо дагуу номын төрлөө тодорхойлох учир ахисан түвшинд уншиж сурахад чухал алхам юм. Мэдээж үсэглэж сураагүй бол энэ түвшинд хүрэх боломжгүй.
3. Аналитикал уншлага нь дараагийн түвшин ба зохиогчийн номоороо дамжуулан шийдэх гэсэн асуудлыг улам гүнзгий ойлгох. Энэ түвшинд үг, өгүүлбэр, догол мөрийг хэрхэн анализ хийж, хэрхэн ойлгох тухай дэлгэрэнгүй тайлбарласан.
Уншигч энэ түвшинд хүрээд (номын гол санааг бүрэн гүйцэд ойлгоод) дөнгөж сая номын зохиогчтой санал нийлж байна эсвэл үгүй, ном нь сайн эсвэл муу бичигдсэн зэрэг үнэлгээг өгөх боломжтой аж.
Энэ түвшинд бидний төсөөллийн мужаан маань өөрийн биеэр гардан ширээ хийх ба практик дээр ширээ хийх бүх алхмууд, мэргэжлийн дүрмүүдтэй танилцана. Хөл, тавцан зэрэг ширээний бүрэлдэхүүн хэсгүүдийн тус бүрийн оролцоо, тэд хэрхэн нийлж нэг ширээ гэх тавилгыг бүтээж байгааг мэдэж авна.
4. Синтопикал уншлага буюу өмнөх бүх түвшний унших чадварыг эзэмшсэн уншигч нэг сэдвийн талаар олон номыг зэрэг унших, олон номноос шинэлэг санаанууд гаргаж авах зэрэг оюуны үйл хийх боломжтой. Их сургуулийн судалгааны ажил хийж буй оюутнууд, онол эсвэл практикийн ном бичиж байгаа хүмүүс энэ түвшний уншлагыг хийж сурсан байх шаардлагатай.
Дүгнэж хэлэхэд, синтопикал түвшинд уншиж чаддаг хүн өмнөх гурван түвшний уншлагаа бүрэн эзэмшсэн байх ба тэдгээрийг автоматаар хийдэг. Харин аналитикал түвшинд уншдаг хүн өмнөх хоёр түвшний унших чадварыг өөрийн болгож чадсан байдаг. Тиймээс та мэдлэгийн, оюуны түвшний номыг ижил түвшинд нь уншиж чаддаг болохын тулд дээрх дөрвөн түвшний уншлагыг шат дарааллаар нь, нэгийг нь ч огоорч алгасалгүй хийж сурах шаардлагатай.
Урьд хожид байгаагүй шинэлэг дизайн, шийдэлтэй ширээ хийхийг зорьсон хүн бүр өмнөх гурван түвшиний чадварыг эзэмшсэн байх ёстой. Ганц мужааны гэлтгүй бүх төрлийн чадварыг эзэмшихэд дээр дурдсан шаардлагуудыг хангах ёстойг Мортимэр номдоо тэмдэглэжээ.
Унших нь нэг төрлийн коммуникаци
Тэгэхээр унших гэдгээр бид хэд хэдэн төрлийн унших тухай ярьдаг байх нь. Аль төрлийн уншлага вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох шаардлагатай аж. Унших нь эхэндээ номын зохиогчоос уншигч руу, дараа нь уншигчаас зохиогч руу чиглэсэн хоёр урсгалтай коммуникаци.
Мэдлэг олж авах, гүнзгий ойлголт авахын тулд уншихыг зарчимтай унших гэж нэрлэж болно. Ихэнх мэдлэгийн болон оюуны түвшний номнууд нь уншигчийг өөртэйгөө ижил түвшинд авчрахыг эцсийн зорилгоо болгодог учир уншигч тэр түвшинд хүрэхийн тулд эхлээд өөрөө сайн сонсогч, сайн сурагч байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэж Мортимэр зөвлөсөн.