Николай Щепетильников
Николай Щепетильников (орос. Николай Михайлович Щепетильников, 1914 оны 9-р сарын 2-нд төрсөн—1994 онд нас барсан) — зөвлөлтийн болон оросын архитектор, инженер бөгөөд уран зураач. 1970 онд Зөвлөлт Оросын гавьяат архитектор цол хүртсэн.
Намтар
засварлахНиколай Щепетильников 1914 оны 9-р сарын 2-нд Моршанск (одоогийн Тамбов муж) хотод төрсөн. Тэрээр 1935 онд Москва хотын Зөвлөлийн 10-р цехэд (Дарга В.Д. Кокорин) архитектурын техникчээр ажлын гараагаа эхэлжээ. 1935-1941 онд Москвагийн Зөвлөлтийн барилгын дээд сургуулийн оройн ангид суралцсан. 1941 онд дээд сургуулиа төгсөөд БНМАУ-д томилогдож, 6 жил орчим ажилласан. Тэрээр Улаанбаатар хотод Монгол Улсын Их сургуулийн барилга (1943-1946), Нийтийн Төв номын сан, хуучин цирк, Сүхбаатар, Чойбалсан нарын музей, үйлдвэрлэлийн байгууламж зэрэг барилга байгууламжийн зураг төслийг гаргасан байна. Тэдний дунд 1941 онд Д.Н.Николаевтай хамтран байгуулсан Ноос угаах үйлдвэрийн барилга байжээ. Архитектор В.Н.Павловтой хамтран Сүхбаатарын талбайд БНМАУ-ын Засгийн газрын ордны барилгын зураг төслийг хийжээ.
Монголд ажиллаж байхдаа чөлөөт цагаараа үндэсний архитектурын дурсгалуудыг судалж, эскиз, хэмжилт хийдэг байжээ. Эдгээр судалгааны үр дүн нь 1960 онд хэвлэгдсэн Н.Щепетильниковын бичсэн “Монголын архитектур” ном гарсан байна.
Николай Щепетильниковын барилгын зургаар Москва болон ЗХУ-ын бусад хотуудад олон барилга баригдсан: Грузинский гудамжийг хөгжүүлэх (1954 онд М.В. Посохинтой хамт), Варшавын хурдны зам дээрх үйлдвэрийн 10 давхар орон сууцны барилга, Пицунда дахь сувилал (1950-иад он), барилгачдын дотуур байр зэрэг юм. 1948 онд тэрээр хоёр давхар дунд сургуулийн жишиг зураг төслийг боловсруулж, түүний дагуу Москвагийн захад хэд хэдэн сургуулийн барилга барьжээ.
Тэрээр ЗХУ-ын Архитекторуудын эвлэлийн Москвагийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байв.
Монголд ажиллаж байхдаа зураг зурах сонирхолтой болсон. Тэрээр Монголын олон төрлийн байгалийн зургийг усан будгаар зурсан. Москвад буцаж ирээд уран зургийн үзэсгэлэнд оролцож байсан. Ажлынхаа хожуу үед Щепетильников натюрморт, хөрөг зураг, уран зөгнөлт зургуудаас холдож эхлэв. Усан будгаас эхлээд өтгөн усан будгийн техник рүү шилжсэн байна.
Николай Щепетильников урлаг, архитектурын чиглэлээр 30 гаруй бүтээл хэвлүүлсэн.