Нийгмийн зөрчилдөөн
Нийгмийн зөрчилдөөн (англи. Conflict, Social conflict, Conflict resolution, орос. Социальный конфликт)— хүмүүс хоорондын бөгөөд нийгмийн давхаргууд хооронд, хэсэг бүлэг хүмүүс хоорондын ашиг сонирхол, зорилгын зөрчилдөөнийг хэлнэ. Зөрчилдөөн ил болон далд гэсэн хоёр хэлбэртэй байдаг боловч аль ч хэлбэр нь талууд ямар нэгэн асуудал дээр зөвшилцөөнд хүрч чадахгүйн улмаас үүсдэг. Энэхүү ойлголтыг шинжлэх ухаанд "Зөрчилдөөн судлал" () гэж нэрэлдэг байна.
Зөрчилдөөн бол эсрэг тэсрэг зорилго, байр суурь, субъектуудын харилцан үйлчлэлийн мөргөлдөөн юм. Үүний зэрэгцээ зөрчилдөөн нь нийгэм дэх хүмүүс хоорондын харилцааны хамгийн чухал хэсэг буюу нэг төрлийн нийгмийн оршин тогтнох чухал эд эс юм. Энэ бол нийгмийн үйл ажиллагаа, харилцааны бодит субъектууд хоорондын харилцааны хэлбэр бөгөөд сэдэл нь эсрэг тэсрэг үнэт зүйлс, хэм хэмжээ, сонирхол, хэрэгцээгээр тодорхойлогддог байна.
Нийгмийн зөрчилдөөний шалтгаан нь нийгмийн ач холбогдолтой зорилгыг эрэлхийлж буй хувь хүн эсвэл бүлгүүд хоорондын сөргөлдөөн юм. Үүнд: нийгмийн тэгш бус байдал, хүмүүсийн хувиа хичээсэн байдал, нийгэм дэх хувь хүмүүсийн үнэлэмжийн зөрүү, шашин шүтлэгийн ялгаа, хүний сэтгэцийн төгс бус байдал, орлогын тэгш бус байдал болон бусад олон зүйл орно. Нийгмийн зөрчилдөөнийг урьдчилан таамаглах, оношлох, таслан зогсооход зөрчилдөөний шалтгаан, шалтага, нөхцөл байдлыг нарийн ялгаж салгаж авч үзэх шаардлагатай.
Шалтгаан үйл явдлын холбоос (шалтгаанаас урган гарсан үйл явдал хоорондын холбоо) нийгмийн зөрчилдөөний нарийн учрыг олж тогтооход их чухал байдаг.