Насангийн Хүрээт

НАСАНГИЙН ХҮРЭЭТ (1911-1988)

             Арвандолоо дугаар жарны “Цагаачин гахай жил буюу Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсан 1911онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэлийн зоо” хэмээх газарт Насанбуянгийн 8 дахь хүүхэд нь болон мэндэлжээ.  Хүрээт ахыг Мандах сумын Хэрээ Гомбо гэдэг хүнд үрчлүүлсэн байна. “Хүрээт ах багадаа хөдөлгөөн муутай хүүхэд байсан тул аливаа хэрэг хийж шийтгүүлэх үед бусад нь зугатааж амжсан байхад хэзээний л түрүүлгээ хараад хэвтчихсэн зодуулж байдагсан” гэж дүү Дуламсүрэн ньярьдаг байв.

Тэрбээр 12 нас хүртлээ эцэг эхийн асрамжинд хүмүүжин бойжиж байгаад Өлгий хийдэд Гомбо гавжид шавь орж, чойрын номонд шимтэн суралцан, Буддагийн гүн ухаанд боловсорч, уншлагатай лам нарын зиндаанд хүрсэн гэдэг. Анх Өлгийн хийдэд очоод төвд үсэг үзэж ном хуулан бичихдээ сайн бөгөөд гарын дүйтэй тул бар сийлж нилээд итгэлийг олж домын зиндаанд дэвшсэн ч Чойрын ном мэддэггүй байв. Үүндээ жаахан гутарч өөрөө нэг жил зиндаандаа улиран сууж номоо улам сайн үзжээ. Хурлын бус цагаар хэнтэй ч дуугарахгүй зөвхөн сайн л гэж хэлдэг, банди нарыгаа үймүүлээд байхаар буруу хараад суучихдаг хүүхэд байсан гэдэг. Харин хурал буюу ялангуяа Чойрын ном хурах үед алгаа ташиж, нүд нь онгойж, хийморь нь сэргэдэг байсан. Биеэ дайчилж чаддаг, няхуур хүүхэд байсан юм гэж үеийнх нь өвгөчүүл хожим ярилцдаг байв.

Ингэж бусдын нөлөөнд оролгүй ном эрдэмээ шамдан сурч сайн ламын тоонд оржээ. Ийнхүү номтой ламын тоонд орж явсан учраас лам нарыг баривчилж байх үед баривчлагаанаас мултрахын тулд солиорсон дүр үзүүлж олон түмэнд итгүүлж байснаа оргож ор сураггүй болсон байна. Ийнхүү оргож явахдаа 1929-1931 онд оросын худаг усны хайгуулын экспедицид ажилчин болов. Энэ нь орос хэл сурах, юм үзэж нүд тайлахад багагүй тус болсон байна. Хайгуулын экспедицэд ажиллаж байгааг мэдсэн нутгийнхан “нөгөө солиот чинь үнэхээр солиорсон байж, оростой нийлчихсэн явна гэнэ” гэж ярьж байсан гэлцдэг юм. Ингээд экспедицийн хайгуулын ажил дуусахаар Мандах суманд малчин болов. 1938 онд Мандах сумын ард Цэвэгмэдтэй гэр бүл болжээ. 1939-1940 онд орон нутагтаа байгаа хилийн цэргийн анги салбарыг усаар хангаж байх тусгай даалгаврыг эх орноосоо авч, нэр төртэй биелүүлжээ. Энэ хугацаанд Н.Хүрээт бие даан шинэ үсэг сурч, 1941-1945 онд Мандах сумын багийн дарга , орлогч дарга, нарийн бичгийн даргын албыг нэр төртэй сайн хашиж байлаа. Дээрх албыг хашиж байхдаа эх орны дайны ялалтыг ухуулан таниулах, фронтод илгээх бэлгийн ажлыг зохион байгуулалцаж байв. Мандах суманд 1956 онд “Социализмын зам“ нэгдлийг үүсгэн байгуулалцан мал нийгэмчлэх ажилд хошуучлан оролцжээ. Тэгээд малчин болохоор шийдэж Мандах сумын баруун талаар Гурван Хашаат гэх өвс ногоо тэгш нутгийг сонгон тэмээ авч малласан байна. 1959 онд өөрийн зоримог шийдвэрээр нэгдлийнхээ 141 тэмээг авч 15 жилийн хугацаанд 1000 хүргэхээр социалист уралдаанд үүрэг авав. Тухайн үед ийм удаан хугацааны үүрэг амлалтыг зоригтой авч тооцоотой ажилсан хүн улсын хэмжээнд байсангүй.

Нутаг усандаа малаа дасгаж усыг шүтэн, хоньчлон хариулж тарга тэвээр авхуулж, ашиг шим үс ноосыг нь жил бүр өсгөн нэмэгдүүлж 1969 он гэхэд авсан үүрэг амлалтаа 2 жилийн өмнө давуулан биелүүлж 1004 тэмээтэй болсон байлаа.

Нэг удаа Шаазангийн говьд их нуур тогтож, цаана нь байгаа тэмээрүүгээ явах болоход нуур дундуур шулуун дайрч, морио явахгүй болохоор морио орхин эмээлээ авч үүрээд, усыг туулан цаана нь гарсан гэдэг. Энэ мэт ямарч тохиолдолд зорьсондоо хүрдэг зан чанар нь түүнийг БНМАУ-ын хөдөлмөрийн баатар гэдэг алдарт хүргэсэн бизээ.

Гэрээр өөрийн биеийг дайчлан 1953 онд 42 насандаа анхан шатны боловсрол, 1956 онд бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж 1962 онд МАХН-д элсэн Намын улс төрийн сургуулийг сайн дүнтэй төгсөж МАХН-н хорооны мэргэжлийн ухуулагч болжээ.

1956 оноос Мандах сумын “Социализмын зам“ нэгдэлд тэмээчин , 1978 оноос зөвлөх малчнаар ажиллаж байв. 1956-1979 онд тэмээ маллахдаа анх хүлээж авсан 141 тэмээгээ үр төлөөр өсгөсөөр 1004 толгойд хүргэж , ээлжийн 100 ингэнээс бойжуулах ботгыг жил бүр 100% бойжуулж , ашиг шимийн даалгаврыг тогтмол давуулан биелүүлж , сүүлийн жилүүддээ 800-1000 тэмээ маллаж байв.

Тэрээр АИХ-ыг сонгох 6,7 дахь удаагийн  сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа аймаг, сумын Депутатаар 10 удаа сонгогдсон байна. Мөн хөдөлмөр, бүтээлийнхээ амжилтаар нутаг усаа төлөөлөн ХАА-н нэгдэлчдийн 2,3,4,5,6-р их хурал, Улсын тэргүүний зоотехникчдийн 2,3-р зөвлөлгөөн, “Мал маллах сайхан” улсын зөвлөлгөөн “Тэмээ, ямааны үржлийн ажлыг сайжруулъя” онол үйлдвэрийн бага хурал, ХАА-н тэргүүний сайчуудын 1,2-р зөвлөлгөөн, Аймгийн намын 14,15-р бага хурал, 1971 онд МХЗЭ-ийн Төв Хорооны 6-р бүгд хурал зэрэг хурал, зөвлөлгөөнүүдэд урилгаар оролцож байв. Ийнхүү олон хурал зөвлөгөөнийг тоочихын учир гэвэл тухайн нийгмийн үед хурал зөвлөгөөнд төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг нэгэн төрлийн томоохон шагнал байсан учраас үүнийг нэг бүрчлэн тоочсон болно.

Н.Хүрээт 1957 онд Дорноговь аймгийн сайн малчин, 1961оны 11 сарын 3-ны өдрийн 282 дугаар зарлигаар БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнагдсаны дээр түүний хөдөлмөр зүтгэлийг тухайн үеийн төр, засаг өндөрөөр үнэлж “ Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “ Алтан гадас “ одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль болон Ардын хувьсгалын ойн медалиуд, Тэргүүний “ажилчин залуу” алтан медаль, В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн медаль, “Ахмадын алдар” медалиуд, тэмээн сүргийн их сургуулийн малчин профессор цолоор тус тус шагнасан байна.

Н.Хүрээт хүнд өвчний учир 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр насан өөд болж, аймаг, сумын хэмжээний комисс гарч хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлжээ.

Хүрээт баатар чинь харин Хөдөлмөрийн баатар шиг хүн байсан юм шүү! гэж 40 жилийн дараа Рэндоогийн Зундуй багш ярьж байсан. Энэ бол ганц Зундуй багшийн ч үг биш Дорноговийхон төдийгүй тэмээтэй нутгийн хүмүүс ингэж ярьдаг байсан. Сүүлд 1990-ээд онд сумын төвд түүний дурсгалд зориулсан “цээж баримал”- ыг бүтээжээ.

Тэрээр төрсөн хүүхэдгүй тул Тогмид гэдэг охиныг өргөж авчээ.

Н.Хүрээт БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны таван тэмээчний нэг бөгөөд Монголд түүнийг мэдэхгүй хүн ховор. Тийм болохоор түүний тухай болон түүнд зорриулсан дуу шүлэг байхаас гадна баримтат болон уран сайхны кинонд мөнхрөн үлдсэн дүрс зургууд олон бий. Та бүхэн санаж байгаа байх “Говийн зэрэглээ” кинонд сумын клубын эрхлэгч Шаарий тус суманд шинээр ирсэн сургуулийн захирал залуутай танилцаж түүнд өөрийнхөө хийдэг ажлын талаар танилцуулахдаа өөрийн бүтээсэн кино зургийг дэлгэц дээр гаргаж өөрөө тайлбарыг уншин Хүрээт баатар тэмээгээ туугаад явж байгаа дүрс гармагц “...загийн халуун говьдоо зандан хүрнээ билчээсэн нэгдэлч олон биднийхээ нэр алдарыг дуурсгасан хөдөлмөрийн алдарт баатар Хүрээт тэмээчин манайх” хэмээн тайлбарлаж байдаг. Энэ мэтээр кино хальсанд мөнхөрсөн нь цөөнгүй. Төрийн шагналт нэрт яруу найрагч Долгорын Нямаа гуай “Хүрээт гуай Улаан талбайд” гэдэг шүлэгтээ түүнийг тэмээний билчээрт хөдөө хөхөрч, гадаа гандаж, мэдээллээс хол хөндий байгаагүй, тэмээний билчээрт ч тив дэлхийн сонин сайхныг сонсож, тэр үеийн ЗХУ-д зочилж гадаадын соёлтой ч танилцаж явсан тухай болон бидний өсөж төрсөн говь нутгийг нүдэнд харагдаж чихэнд сонсогдтол уран гоё дүрслэн харуулсан байдаг.

Монгол Улсын Төрийн шагналт,

нэрт яруу найрагч Долгорын Нямаа


ХҮРЭЭТ ГУАЙ УЛААН ТАЛБАЙД


Хүрээт гуай Улаан талбайд

Хүрч ирсэн зогсож байна

Зүүдэлсэн юм шиг итгэж ядан

Зүг зүг тийшээ харж байна


Хээр талдаа дуугий нь сонссон

Кремлийн цаг уянгалан цохилж

Гайхам тунгалаг тэр дуу нь

Газар дэлхийд дуурсаж байна


Тэнгэрийн хаяанд Хүрээт гуай

Тэмээгээ хариулж суухдаа

Холын Москвагийн цагны дууг

Хоногтоо хэд сонсдог байсан юм


Өнөөдөр гэртээ хэн буусныг

Өдөртөө бараг мэдэхгүй хэрнээ

Тэртээ Москвад юу болсоныг

Тэрхэн доор нь олж сонсдог юм


Хашаатын хөндий усан цэнхэр...

Хааш хаашаа уужим цэлгэр...

Тэнгэрийн хаяаг холдуулан тууж

Тэмээ мал бэлчих нь үзэсгэлэнтэй


Нам жим талын гүнээс

Нарийн шингэн эгшиг үүсэж

Чихний үзүүрт дуулдахын төдий

Чимээ өргөх нь сонсоход уянгатай


Тэнгэр уужим,

Тал бас уужим

Тэр хоёрын аль нь уужим юм,

Мэдэхгүй


Тэнгэр өндөр,

Тэмээ бас өндөр

Тэр хоёрын аль нь өндөр юм,

Мэдэхгүй


Хөх тэнгэрт

Говийн нар тогтуун

Хөндий талд

Тэмээн сүрэг тогтуун


Зээр гөрөөс

Хүний нүд дагуулж

Зэрэглээн дунд

Тоос өргөн алга болно


Аглаг хээрийн

Анир амьсгал гэмээр

Халуун амьдралын

Хань бараа гэмээр


Галын шинэ утаа

Газраас ургав бололтой

Цэх дээшээ

Цэнхэрлэн хөөрөв


Хүлээн авагчаар

Үүрийн Москваг чагнан

Хүрээт гуай энд

Үдийн цайгаа чанадаг юм


...Тийм холоос Улаан талбайд

Тэмээчин хүн ирчихсэн явдаг

Чимэгтэй яруу цагны нь дуу

Чихэн дээр яг уянгалж байдаг


Хүний зам урт юм гэж

Хүрээт гуай энд бишрэн бодов

Түүнээс цааш эх орон,

Түүх намтраасаа эргэн санав


Он жилийн уртыг туулж

Олныг хэдий үзсэн ч гэлээ

Улаан Москвад ирнэ гэж

Ухаан санаанд ороогүй юм


Ийм газар хөл тавьж

Их Лениний мавзолейд орж

Өвдөг тэнүүн алхана гэж

Өвгөн болтол зүүдлээгүй юм


Улаан талбайд Хүрээт гуай

Удаан зогсож хармаар санагдав

Оргил Кремлийг ширтэн байж

Олон юм бодмоор санагдав


«Тоонын нар буухын өмнө

Уяан дээрээсээ мордсон юм

Тогоотой цай буцлахын зуур

Улсын хил давсан юм.


Хоёр нарны хооронд багтаж

Холын Москвад ирдэг байна

Хоногийн зөрөөг үзэж амжилгүй

Улаан талбайд буудаг байна


Тэмээний нутгаас Улаан талбай

Тэнгэрийн од шиг хол байх юм

Хайрлан суухад Улаан талбай

Халуун зүрхэнд ойр байх юм


Монгол нутгаас Улаан талбай

Мориор хүрэмгүй алс байх юм

Хүрээд ирэхэд Улаан талбай *

Хүний зүрхэнд ойр байх юм»


Хээр талдаа дуугий нь сонссон

Кремлийн цаг уянгалан цохилов

Гайхам тунгалаг тэр дуу нь

Газар дэлхийд дуурсан тарав


«Дэлхийн том цагны дууг

Дэргэд нь ирж сонсов» гэж

Орчлонгийн зайд жаргал зарладаг

Октябрийн цагийг бахархан харав


Бугуйн цагаа Хүрээт гуай гаргаж

Буурал Кремлийн цагтай тааруулав

Монголын тэмээчин ардын цаг

Москвагийн цагтай яг таарав.

1974