Нарендра Моди
Нарендра Дамодардас Моди (англи. Narendra Damodardas Modi, хинди नरेन्द्र दामोदरदास मोदी; 1950 оны 9-р сарын 17-нд Энэтхэгийн Гужарат мужийн Ваднагар хотод төрсөн) -Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн. 2014 оны 5-р сарын 26-наас Энэтхэгийн Ерөнхий сайд, "Бхаратия Жаната парти" намын дарга.
Намтар
засварлахНарендра Дамодардас Моди 1950 оны 9-р сарын 17-нд Энэтхэгийн Гужарат мужийн зүүн умард нутгийн жижиг Ваднагар /хуучин нэр нь Анандапура/ хотод төрсөн. Тэрээр Дамодардас Мулчанд Моди (1915-1989 он) болон түүний эхнэр Хирабен Моди (1920 онд төрсөн) нарын гэр бүлийн зургаан хүүхдийн гурав дахь болж төрсөн байна. Тэрээр бага наснаасаа улс төрд сонирхолтой болж, Раштри́я сваямсе́вак сангх (англ. Rashtriya Swayamsevak Sangh, хинди राष्ट्रीय स्वयंसेवक संघ монгол. Эх орны сайн дурын зарц нарын Холбоо) цэрэгжсэн байгууллагад элссэн байна.
1978 онд Моди Делигийн Их Сургуулийн Нээлттэй Сургалтын Сургуульд (SOL) улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг авч, гуравдугаар ангиа төгссөн. Таван жилийн дараа буюу 1983 онд Гужаратын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, зайны сургалтын оюутан болж нэгдүгээр ангиа төгссөн. Гэвч түүний боловсролын чадамжтай холбоотой томоохон маргаан байдаг. RTI-ийн асуулгад хариулахдаа, SOL нь 1978 онд бакалаврын зэрэг авсан оюутнуудын мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн байна. Гужаратын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор асан Жаянтибхай Пател Модигийн магистрын зэрэгт жагсаасан хичээлүүд тэр үед ордоггүй байсан гэжээ. Иймд түүний боловсролын асуудал өнөө хүртэл маргаантай байгаа ажээ.
1998 онд "Бхаратия Жаната парти" (БЖП) намын дарга Лала Кришна Адвани-гийн даалгавараар Гужарат болон Химачал-Прадеш мужуудад намын сонгуулийн кампанит ажлыг удирдсан байна. 2001 оны 10-р сард Гужарат мужийн Ерөнхий сайд болжээ. 2007 онд 3 дахь удаа, 2012 онд 4 дахь удаагаа улиран сонгогдсон байна.
Ерөнхий сайд
засварлах2013 оны 9-р сарын 13-нд Нарендра Моди "Бхаратия Жаната" намаас Ерөнхий сайдад нэр дэвшиж, 2014 оны парламентын сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулсан. Түүний хэлснээр тэрбээр улсын хэмжээнд сонгогчидтой 440 удаа уулзалт хийсэн ажээ. Үүнээс гадна Моди олон нийтийн сүлжээг амжилттай сайн ашигласан байна. Түүний удирдсан намын сонгуулийн хөтөлбөрийн уриа бол: «Үндсэний үзэл- бидний сэтгэлийн дуудлага. Хөгжил ба сайн удирдлага бидний зорилго» гэж байсан.
Энэтхэгийн Сонгуулийн санал хураалт 2014 оны 4-р сарын 7-ноос 5-р сарын 12-ны хооронд есөн үе шаттайгаар явагдсан бөгөөд сонгогчдын 66.38 хувийн ирцтэй байжээ. 5-р сарын 16-нд Энэтхэгийн Сонгуулийн хороо санал тоолж эхэлээд урьдчилсан мэдээллээр Бхаратия Жаната нам 543 тойргоос 276 тойрогт, Үндэсний ардчилсан холбоо 331 тойрогт тэргүүлсэн гэсэн үр дүн гарчээ.
2014 оны 5-р сарын 17-нд Нарендра Моди Гужаратаас Дели хотод ирж, намын төв байранд сонгуулийн ялалтын жагсаалд оролцов. Машины цувааны замын дагуу цагдаа, тусгай хүчнийхэн байрлуулсан байв. "Бхаратия Жаната нам"-ын төв байр руу явах замд гудамжаар цугларсан хүмүүс түүний нэрийг дуудаж, туг далбаагаа даллаж, цуваа руу нь цэцэг өргөж, үлээвэр найрал хөгжим, үндэсний лимбэний эгшиг тоглож бүжиглэж байжээ.
Санал хураалтын эцсийн дүнгээр Энэтхэгийн Үндэсний Конгресс нам тэргүүтэй Нэгдсэн дэвшилтэт холбоо 543 тойргоос ердөө 59-д нь, "БЖП" нам 283 тойрогт ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болж, сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дангаараа Засгийн газар байгуулах боломжтой нам болсон байна.
2014 оны 5-р сарын 26-нд Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын тангараг өргөх ёслол болов. Төрийн ёслолд гадаадын өндөр түвшний төлөөлөгчид оролцсоны дотор Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф мөн байсан. Энэ хүртэл Энэтхэг, Пакистаны Ерөнхий сайд нар түүхэндээ нэг нэгнийхээ тангараг өргөх ёслолд нэг ч удаа ирж оролцож байгаагүйгээрээ онцлогтой. Түүнээс гадна Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (SAARC)-ын гишүүн орнуудын удирдагчид, Афганистан, Шри-Ланк, Мальдивын Ерөнхийлөгч нар, Балба, Бутаны Ерөнхий сайд нар, парламентын дарга нар болон Бангладешийн парламентын дарга оролцсон байна.
2015, 2016, 2018 онуудад тэрээр "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааны 9-р байрыг эзэлж байжээ.
Гадаад бодлого
засварлахМодигийн гадаад бодлого нь өмнөх Энэтхэгийн Үндсэний конгресс намын үеийн Засгийн газрын нэгэн адил эдийн засгийн харилцаа, аюулгүй байдал, бүс нутгийн харилцааг сайжруулахад чиглэж ирсэн. Моди өмнөх Ерөнхий сайд Манмохан Сингхийн "олон талт" бодлогыг үргэлжлүүлж ирсэн. Модигийн Засаг захиргаа "Энэтхэгт үйлдвэрлэв", "Цахим дижитал Энэтхэг" зэрэг уриа лоозон ашиглан Энэтхэгийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг оролдсон, ялангуяа Зүүн Азийн нийгэмлэгийн орнуудаас. Засгийн газар мөн Бахрейн, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Ойрхи Дорнодын Исламын орнууд, Израильтай харилцаагаа сайжруулахыг хичээсэн байна. Энэтхэг-АНУ-ын харилцааг дэмжиж хөгжүүлж ирсэн.
2022 оны 2-р сард Оросууд Украин руу довтлох үеэр Энэтхэг улс Оросын түрэмгийллийг буруушаахаас татгалзаж, төвийг сахисан байр суурьтай байсан.
Хувийн амьдрал
засварлахНарендра Моди олон нийтийн сүлжээгээр сонгогч дэмжигчидтэйгээ идэвхтэй харилцдаг удирдагч юм. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Twitter дэх түүний хуудсыг дагагчдын тоо 45 сая хүрсэн байв. Улстөрчдөөс зөвхөн Барак Обама (104,1 сая), Доналд Трамп (57,2 сая) нар л түүнээс илүү олон дагагчтай байсан юм. Моди байнга зочилж буй улсынхаа хэлээр жиргэдэг. Тэрээр "цагаан хоолтон" бөгөөд гужарати хэлээр шүлэг яруу найраг бичдэг байна.
Нарендра Моди энэтхэгийн кастын /язгуурын эрэмбийн/ уламжлал ёсоор түүний гэр бүл Жашодабен Чиманлал Моди хэмээх охинтой сүй тавьж сүүлд бүсгүйг 17 настай, түүнийг 18 настай байхад нь гэрлүүлсэн ажээ. Удалгүй тэрээр сүйт бүсгүйгээ орхиж, гэрээсээ явсан боловч гэрлэлтийн талаар олон арван жилийн турш Модигийн олон нийтэд зарлаж дурдаагүй байв. 2014 оны 4-р сард, түүнийг Засгийн эрхэнд гарах үндэсний сонгуулийн өмнөхөн Моди гэрлэсэн бөгөөд түүний хань нь Жашодабен гэдгээ олон нийтэд зарласан байна. Хосууд гэрлэсэн хэвээр байсан ч боловч хамт амьдардаггүй гэжээ. Моди зуун настай эх Хирабен-тэйгээ ойр дотно байдаг бөгөөд хамт амьдардаг байна.
Өмнөх Манмохан Синг |
Энэтхэг улсын ерөнхий сайд 2014 – |
Дараах - |