Нарангийн Иштавхай

Нарангийн Иштавхай (төрөхдөө Аюур гэдэг нэртэй байсан, 1920 онд төрсөн) нь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолтой сэтгүүлч юм.

Иштавхай 1920 оны төмөр бичин жилийн хавар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу, одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол Сансар уулын өвөр Бор овооны Эхэн бичигт хэмээх бууцанд төржээ. Эхэн бичигт гэдэг нь жалганы эх, бууцны дээхнэ хэсэг хадны нүүрэн дээр эртний монгол бичгээр ном бичээстэй байдаг ба түүнийг хэн ч тайлж уншиж чадаагүй байдаг гэх газар юм. Нарангийн Иштавхай нэрийн тухайд Иштавхайн төрсөн эцэг нь тухайн үедээ Жамбалнямбуу гэх лам хүн байгаад лам хүнээр хүүхдийг овоглох хориотой байсны улмаас Жамбалнямбуугийн эцэг Нарангаар овогложээ. Мөн 1928 он буюу 8 настайгаасаа Чойрын хийдэд шавилан сууж, эцэг эхээс хайрласан Аюур нэрийг Иштавхай хэмээх номын нэрээр сольжээ. Ингээд цаашдаа түүний албан ёсны нэр нь Нарангийн Иштавхай болсон байна.

Н.Иштавхай 1937 оноос буюу 17 насгайгаасаа лам байхаа больж мал маллаж байгаад 1939 онд цэрэгт мордож, 1944 онд цэргээс халагдаж, 1945 оноос Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн, Үнэн сонины сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. Үнэн сонины сурвалжлагчаар Төв аймаг, Говь-Алтай аймгуудад, Улаанбаатар хотод, Үнэн сонины дэргэдэх Тоншуул сэтгүүлд тус тус ажиллаж 1981 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Ажиллаж байх хугацаандаа буюу 1960-1964 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр суралцан төгсөж мэргэжлийн сэтгүүлч болжээ.

Олон тооны шог зохиол, найруулал бичсэн.

Гавьяа шагнал

засварлах
  • 1950 онд Хөдөлмөрийн хүндэт тэмдэг,
  • 1955 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • 1970 онд Алтангадас одон,
  • 1980 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан.

Ард олноо "Тоншуулын Иштавхай" гэж хүндлэгдэн өргөмжлөгдсөн алдар гавьяатан билээ.