Найруулал
Найруулал (Очерк. Feature– story. Essay). Герман зэрэг барууны зарим оронд найрууллын шинжтэй материалуудыг “reportage” буюу сурвалжлага, АНУ зэрэг зарим оронд essay буюу эссе гэж нэрлэдэг. Харин Оросын сэтгүүл зүйд байдаг очерк (очерчивать – “зурах, тоймлон зурах” гэсэн үйл үгээс гаралтай) хэмээх төрөл зүйл нь манай найруулалтай яг адилхан зүйл юм. Энэ бол найруулал хэмээх бичлэгийн төрөл нь дэлхий дахины сэтгүүл зүйд нийтлэг бичлэгийн төрөл зүйл бус гэдгийг харуулах жишээ гэж хэлж болно. Тодорхой үйл явдал, хүмүүсийн тухай бодит баримтуудад үндэслэн нийтлэл, уран сайхны хосолмол аргаар дүрслэн харуулах зорилго бүхий нийтлэл –уран сайхны бичлэгийн төрлийн томоохон зүйлийг найруулал гэнэ. Баримтыг уран сайхны аргаар боловсруулдаг, ямагт биет баримттай, тодорхой нэр хаягтай байдаг нь түүний үргэлжилсэн үгийн зохиолын бага төрөл болох өгүүллэгээс ялгагдах гол онцлог юм. Харин үзэгдэл, үйл явдал, голлох хүмүүс, нөхцөл байдлыг уран сайхнаар яруу дүрслэн үзүүлдэг, мөн үйл явдлын эхлэл, зангилаа, туйл, тайлал, төгсгөл зэрэг өгүүллэгт байдаг зохиомжийн элементүүдийг агуулдаг талаараа адил төстэй байдаг. Бодит баримтыг агуулгын гол үндэс суурь болгож авдаг учраас найруулал ямагт нийтлэлийн шинжийг хадгалдаг бөгөөд энэ нь түүнийг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл мөн гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Найруулалд уран сайхны болон нийтлэлийн элементүүдийг чөлөөтэй, уян хатнаар хосолсон байдаг. Зохиогч уран сайхнаар өгүүлж байснаа уншигчдад шууд хандан, өөрийнхөө санаа бодлыг хэлж, тэднийг хариу бодуулах, сэтгэгдлээ хуваалцах явдал түгээмэл байдаг нь нийтлэлийн шинж юм. Өгүүллэгт ерөнхийлөн нэгтгэн дүгнэсэн, хам дүрийг бүтээж түүндээ нийтлэг шинжийг илэрхийлдэг бол найруулалд жинхэнэ байгаа хүмүүсийг, тэдгээрийн шинж байдлын онцлогийг илрүүлэн дүрслэн бичдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, “найрууллын уран зохиолоос ялгарах онцлог нь тодорхой хаягтай хүний тухай бичдэг учир дүрийн давтагдашгүй онцлог шинж нь хэв шинжит чанараасаа давамгайлж байдагт оршино” (56.111). Найруулал сэтгүүл зүйн нийтлэл – уран сайхны бичлэгийн төрөл болохын хувьд уран зохиолын бүтээлтэй харьцуулахад харьцангуй шуурхай төрөл зүйл юм. Сэтгүүл зүйн бусад бичлэгийн төрөл, зүйлүүдтэй харьцуулахад багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, ажиглалт, судалгаа шаардахын хамт танин мэдэхүйн янз бүрийн аргуудыг хэрэглэх замаар бүтдэг өвөрмөц төрөл мөн. Оросын сэтгүүл зүй судлаач М.С.Черепахов найрууллын дээрх шинжүүдийг үндэслэн “найруулал нь бодит байдлыг нэгтгэн дүгнэх, ухааруулан бодуулах зорилтыг биелүүлдэг бөгөөд баримтаас тэдгээрийн шинж чанарыг хоёр аргаар (1. Утга зохиолд байдаг чанар. 2. Нийтлэлд үйлчилдэг хүчин зүйл) товойлгон үзүүлдэг” (207.119) гэж дүгнэсэн байдаг. Найруулал зохиогчийн үйл явдлыг тусгах арга барил, зорилгоос шалтгаалан аян замын, асуудал дэвшүүлсэн, хөрөг, үйл явдлын (үз) гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэй байна. Манай орны тогтмол хэвлэлд гучаад оны үеэс найруулал гарч эхэлсэн бөгөөд энэ бичлэгийн төрлийн үүсэл, хөгжилд Д. Амбасэлмаа, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, М.Бизъяа, С.Дашдэндэв, С.Удвал, Л.Түдэв, А.Чойжилжав, М.Чойжил, С.Эрдэнэ зэрэг үе үеийн олон арван уран бүтээлч чухал хувь нэмэр оруулжээ.
Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ телевизийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.