Навчин дээрх шүүдэр (Б.Даваа)

Хөгжим: Б.Даваа

Шүлэг: Ө.Балчиндорж

НАВЧИН ДЭЭРХ ШҮҮДЭР  

Цэцгэн дээрх шүүдэр гэмээр

Цэнгэг сэтгэлт миний хонгор

Цэлмэг тэнгэрийн наран гэмээр

Цээжин дотор гийгээд байна.

Сарны цагаан гэгээ гэмээр

Сайхан сэтгэлт миний хонгор

Салхигүй намуун өдөр гэмээр

Санаа сэтгэл түвшин байна.

Навчин дээрх шүүдэр гэмээр

Нандин сэтгэлт миний хонгор

Нарны шижир туяа гэмээр

Намайг үргэлж ээгээд байна.

Дууны түүхээс

засварлах

Дууны хөгжмийг бичсэн Б. Даваагийн гэргий, Хүний гавъяат эмч, клиникийн профессор Д.Баяраа ийнхүү дурсчээ:

"Навчин дээрх шүүдэр" гэсэн олны сайн мэддэг дуугаа надад зориулсан юм. Нэг өдөр ажил дээрээ байж байтал "Сүхбаатарын талбай дээгүүр алхаж яваад гоё аялгуу оллоо" гэсээр хөөрчихсөн ороод ирсэн. Тэгээд энэ дуу төрсөн түүхтэй.

Дууг анх тухайн үеийн МРТУХ-ны дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга хөгжимдөж, тус чуулгын анхны эмэгтэй дуучин Л.Оюунчимэг дуулж Монголын Радиод бичүүлж, сонсогчдын хүртээл болгосон.

1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертод Л.Оюунчимэг дуулсан дуугаа (радиогийн эх бичлэгээ) өөрөө дүрсжүүлсэн байдаг байна.

Энэ дуу 2019 онд Монголын анхны цахилгаан хөгжмийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан эстрадын урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж төр соёрхоход МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт дурдагдсан тус чуулгын бүтээлүүдийн нэг юм.

  1. МҮОНР, "Навчин дээрх шүүдэр" дуу, хөгжмийг зохиосон Б.Даваа, үгийг зохиосон Ө.Балчиндорж, Л.Оюунчимэг, Цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн Улсын Филармонийн Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга) хөгжимдөнө (хугацаа 2'25")
  2. “Учралын уянга” телекино концерт, 1978 он, [16:37-18:52 (2'16")]