Мэдээллийн дескриптив шинж

Мэдээллийн дескриптив шинж (Дескриптивность информации. Descriptive character of Information). Мэдээллийг семантикийн (үз) үүднээс авч үзвэл түүний мэдээллийн багтаамжийг дээшлүүлэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл үйлчилдэг бөгөөд тэдний дотор мэдээллийн дескриптив (латины descriptio – “дүрслэх, дүрслэн зурах” гэсэн үг) шинж онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ бол олон түмэнд орчин тойрон, дэлхий дахинд болж байгаа бүх үйл явдал, үзэгдэл, зүй тогтол, үйл явц болон хүмүүсийн харилцаа, хувь заяа, зан байдал зэргийг бүхэлд нь дүрслэн харуулж, энэ талаар тодорхой төсөөлөл өгч буй мэдээлэл юм. Эх бичвэр дэх дүрслэлт мэдээлэл нь сэтгүүлчийн дараа дараагийн үйл ажиллагааны эх үндэс болдог онцлогтой. Учир нь байгаа юмыг байгаагаар нь мэдээлэх явдал сэтгүүлчийн ажлын гол зорилго юм. Баримтад түшиглэх нь сэтгүүл зүйн гол хуулиудын нэг. Гэхдээ сэтгүүлчид нэг баримтын талаар өөр өөр төсөөлөлтэй байж, өөр өөр үнэлэлт дүгнэлт өгөх нь амьдралд цөөнгүй тааралддаг. Энэ бол сонгож авсан баримт сэлтийг тусгах, дүрслэх, түүний учир утгыг ойлгох нь сэтгүүлчийн тухайн үеийн нийгмийн байр суурь, зорилготой холбоотойг харуулж байна.