Реквием (Моцарт)

(Моцарт реквием-с чиглүүлэгдэв)

Вольфганг Моцарт “Реквием” ре минор, К626 (Requiem – гашуудлын дуун) – хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын хамгийн сүүлчийн, мөн дуусгаагүй орхисон зохиол юм. Энэ зохиол дээрээ сүүлчийнхээ амьсгалыг хүртэл ажилласан юм. Энэ нь латин хэл дээр бичигдсэн эмгэнэлийн, гашуудлын хөгжим билээ. Түүнийг нас барсны дараагаар энэхүү зохиолыг нь Йозеф Эйблер(Австрийн хөгжмийн зохиолч, удирдаач), Франц Ксавер Зюсмайер(австрийн хөгжмийн зохиолч, Моцартын шавь) нар дуусгажээ. Энэхүү зохиол нь Моцартын алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд түүний чухал бүтээлүүдийн нэг хэмээн тэмдэглэж байдаг юм.

1791 оны долоодугаар сард Моцарт нэгэн ер бусын захиалга авсан байдаг. Нэгэн хар хувцастай хүн ирж нууц байдлаар түүнд “Реквием” захиалжээ. Мэдээллээс үзвэл түүнд урьдчилгаа болгон 50 (100 ч байж болох) дукат өгсөн аж. Тэр хэмжээний хөлсийг зохиол дууссаны дараа авахаар тохиролцсон байна.

Хожим асуудал тодорхой болсон байдлаас үзэхэд тэрхүү захиалагч цаад эзэн нь Франц фон Вальзегг байсан гэх ба тэрээр 1791 оны хоёрдугаар сард нас барсан өөрийнхөө эхнэр Анна фон Фламбергийн дурсгалд зориулан тоглуулахаар захиалсан гэдэг. Харин захиалга авчирч тохиролцсон хүн нь гүнгийн туслах Лойтгеб байжээ. Гүн Вальзегг нь хөгжимд дуртай нэгэн байсан ба тэрээр флейт, виолончелээр хөгжимддөг байв. Гүнтэн ордон гэртээ ихэнхдээ янз бүрийн хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлүүдийг хөгжимдөж тайзны бүтээл хүртэл тавьдаг байжээ. Харин хэн нэгэнд захиалга өгөх бүртээ өөрийнхөө нэрээр нэрлэдэг байсан гэдэг. Захиалсан зохиолоо өөрийн гараар хуулан гарын үсгээ зурж хөгжимчиддөө тараадаг байжээ. 1793 оны арванхоёрдугаар сарын 14-нд тоглосон Вальзеггийн партитур дээр “гүн фон Вальзеггийн зохиосон реквием” («Requiem composito del conte Walsegg») гэсэн байжээ.

Моцарт “Реквием”-ийг эхлээд л бусад бүтээл дээрээ ажиллан түүнийг хойш тавьж байсан ажээ. Учир нь II Леопольдыг Богемийн хаан ширээнд залах ёслолын үед тоглох ёстой байсан “La clemenza di Tito”/Титагийн өгөөмөр сэтгэл/ (K.621) дуурийн бүтээл дээр хамаг анхаарлаа хандуулан ажилласан байна. Энэхүү дуурийг Прагийн театрт тоглуулаад буцаж ирсэний дараагаар “Увидаст лимбэ”, мөн Штадлерт зориулсан кларнет хөгжмийн концерт (К622), Масонд зориулсан кантат(К623) зэрэг бүтээл дээр ажиллажээ. Харин 1791 оны есдүгээр сарын 30-нд тоглосон “Увидаст лимбэ” дуурийн дараа л “Реквием” дээр анхаарал тавин ажиллаж эхэлжээ. Тэрээр ихээхэн зүтгэл гаргасан бөгөөд энэхүү зохиолыг дуусах хүртэл сурагч авахгүй, хичээл заахгүй байлаа. Констанцын тэмдэглэснээр бол энэ үед Моцартын эрүүл мэнд муудаж байсан гэх ба зарим үед эрүүл мэндийг нь хүчтэй муутдуулж байсан тэрхүү шинэ зохиолынх нь партитурыг булааж авахад хүрч байжээ.

Цэцэрлэгт гудамжаар салхинд алхалж байхдаа Моцарт нүдэндээ нулимстайгаар энэхүү реквиемийг өөртөө зориулан бичиж байна хэмээн өгүүлж байсан тухай Констанца хожим нь ярьж байжээ. Түүнээс гадна Моцарт: миний бие их сайн байна, энэ ажлыг би удаахгүй. Харин надад хор өгсөн байх, миний санаанаас энэ нь салахгүй юм хэмээн ярьж байжээ. Харин орчин үеийн судлаач түүхчид түүний эхнэрийн ярианд, ялангуяа Моцартын сүүлчийн хоромын тухай ихээхэн болгоомжтой ханддаг юм. Ямар ч байсан Моцартын амьдралын ссүлчийн мөчүүдэд бичиж байсан захидлуудад ямар нэгэн сэтгэл санааны гутрал, биеийн байдал муудаж байгаа тухай дурдсан зүйл үгүй ажээ. Нас барахаасаа 3 долоо хоногийн өмнө тэрээр өөрийнхөө Масон кантатыг удирдан тоглуулсан ба арваннэгдүгээр сарын 20-нд хэвтэрт орсон байдаг. Ойр тойрныхны хүмүүсийн гэрчилсэнээр Моцарт орондоо хэвтээ байдлаар арванхоёрдугаар сарын 5-нд нас барах хүртлээ реквием дээрээ ажиллажээ.

Нас барахынхаа өмнөх арванхоёрдугаар сарын 4-нд хэвтэрт байсан Моцарт, түүний найз нөхөд болох Шак, Хофер, Герль нар реквиемийн хэсэгээс дуулцгаасан ба тэд энэхүү бүтээлийн “Lacrimosa”-ын эхний хэсгийг дуулж эхлэх үед Моцарт энэ хэсгийг дуусгаж чадахгүй нь дээ хэмээн хэлээд уйлж байсан гэдэг. Шакийн энэхүү яриа нь гөхцөл байдалтай нийцдэггүй тухай Моцартын туслах Софи Хайбль батлах ба Моцарт нас барахынхаа өмнөх энэ өдөр бараг ухаангүй шахам байсан тухай өгүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч дээрх яриа олон ч зураачдын уран бүтээлийн сэдэв болсон байдаг.

Зохиогчийн тухай

засварлах

Их бага хэмжээний уран бүтээлийн завсар авч байсны дүнд Моцарт энэхүү реквиемийн зөвхөн “Introitus” – “Requiem aeternam” хэсгийг дуусгаж амжжээ. Моцартын ажлын арга барилаас үзвэл тэрээр бүрээн хэмжээнд дуулаачийн партуудыг болон басс хоолойг, мөн “Kyrie”-ийн фугийн хөрвүүлгийн чухал хэсгийг, “Lacrimosa” орхиод 6 хэсэг бүхий Секвенцийн “Dies irae”-ийн 8 такт бичээд түүний гар бичлэг тасалдсан байдаг. Мөн “Amen”-ны хоёрлосон фугийн нар ноорог(энэ нь“Lacrimosa”-ын араас залгах байсан) үлдсэн байна. Харин энд зөвхөн найрал дууны хоолойнууд байдаг.

Бэлбэсэн эхнэр Констансия нөгөөх захиалгч ирж дутуу зохиолын төлөө мөнгө төлөх байтугай өгсөн хөлсөө буцааж нэхэж магад хэмээн айн сандарахдаа Йозеф Эйблер хандан энэхүү зохиолыг дуусгаж өгөхийг гуйжээ. Эйблер харин “Lacrimosa” хүртлэх хөрвүүлэгийг хийгээд цааш үргэлжлүүлэх гэж оролдсон боловч сопрано хоолойн 9 такт бичээд цаашид татгалзсан аж. Констансия Венийн өөр бусад хөгжмийн зохиолч нарт хандан хүсэлт гаргасан боловч хамгийн сүүлд нь Моцартын шавь, найз Франц Ксавер Зюсмайер гар бичмэлийг хүлээн авчээ. Тэрээр Моцартын партитурыг Эйблерийн сонгон засварласан үгээр цааш үргэлжлүүлжээ. Тэрээр мөн “Dies irae”-с эхлээд Confutatis-г дуусгав. Харин “Lacrimosa” болон “Offertorium”-д гар хүрээгүй аж. Үүнээс цааш, секвенцээс эхлэн тэрээр өөрийнхөө хувилбарыг оруулжээ. 1792 онд Констансия энэхүү зохиолын партитурыг захиалагчид хүргэж өгчээ.

Олон жилийн туршид энэ бүтээлийг Моцарт зохиосон хэмээж байсан билээ. Энэ бол Констансиягийн Моцартын жинхэнэ бүтээл гэж батлах гэсэн санаа байсан юм. Гэсэн хэдий боловч 1838 онд Моцартын гар бичмэлийг бусад эх бичмэлүүд олдсон юм. Энэ гар бичмэл нь захиалагчид өгсөн жинхэнэ эх ба Секвенцийн “Lacrimosa” дахь 9-р такт хүртэл болон “Offertorium” байв. Элдэв янзын бэхний өнгө, дардас бүхий засвар бусад зүйлийг анзаарвал(Эйблер, Зюсмайер болон аббат Штадлер) аль хэсэг нь хэнийх болох нь тодорхой болж өгнө. Констансия 1839 онд энэхүү бүтээлийг зохиоход Зюсмайер оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Моцартын гар бичмэлд байхгүй Sanctus, Agnus Dei болон Lacrimosa-ын төгсгөлийг Зюсмайер ямар материал дээр үндэслэн бичсэн байж таарах вэ? гэдэг асуулт гарна. Констанциин мэдээлснээр тэр нөхрийгөө нас барсны дараа түүний хөгжим дээр байсан зарим нэг нооргийг Зюсмайерт өгчээ. Харин Зюсмайер тэдгээр нооргийг дараа нь яасан гэдэг нь тодорхойгүй үлдсэн байна. Хожим 1962 онд Amen фугийн 16 такт бүхий Моцартын бичгийн хэв бүхий ноорог олдсон байдаг нь зарим нэг таамгийг тодорхой болгож өгчээ.

Зарим нэг таамаглалаас үзэхэд Моцарт нас барахаасаа өмнө Зюсмайерт энэ реквиемийг хэрхэн дуусгах тухай заавар өгч байсан гэдэг. Гэхдээ энэ таамаг нь түүнийг нас барсны дараагаар Констанция реквиемийг дуусгахын тулд эхлээд Эйблерт хандсан, дараа нь Венийн бусад хөгжмийн зохиолчдыг гуйсан, эцэст нь Зюсмайерт хандсан гэдэг баримттай харьцуулахад үнэний хувь бага болж таарах юм.

Реквиемийн бүтэц

засварлах

Зюсмайерын хийсэн боловсруулалт бол энэхүү Реквиемийн хамгийн түгээмэл хувилбар юм. Энэ нь:

  • Introitus.
  • «Requiem aeternam» — сопранын гоцлол бүхий найрал дуу. Үүнийг Моцарт өөрөө бүрэн дуугасан.
  • Kyrie eleison — найрал дуунп зориулсан фуга. Симфоний найрал хөгжмийн найруулга болон төгсгөлийн Adagio-г Эйблер дуусгасан.
  • Sequenz — эхний таван хэсгийн найрал хөгжмийн хөрвүүлгийг Зюсмайер дуусгасан.
  • Dies irae — найрал дуу.
  • Tuba mirum —сопрано, альт, тенор болон бас-д зориулсан дөрвөл.
  • Rex tremendae majestatis — найрал дуу
  • Recordare, Jesu pie — дөрвөл
  • Confutatis maledictis — найрал дуу
  • Lacrimosa dies illa — найрал дууны эхний 8 тактыг Моцарт өөрөө бичиж цааш нь Зюсмайер үргэлжлүүлсэн; Моцартын ноороглосон найрал дууны фуга Amen (аминь) нь Зюсмайерын гар бичмэл байхгүй.
  • Offertorium — хөрвүүлгийг Зюсмайер хийсэн
  • Domine Jesu Christe — “Quam olim Abrahae” нэр бүхий найрал дуу, фуга.
  • Versus: Hostias et preces — найрал дуу дуулах ба цааш нь “Quam olim Abrahae”-г давтана.
  • Sanctus — Урьдчилсан таамгаар бол Моцартын загвараар Зюсмайер бичсэн байж болох
  • Sanctus — найрал дуу Osanna фугагаар төгсөнө.
  • Benedictus — дөрвөл ба дараа нь фуга Osanna давтагдана. Зюсмайерынхаар бол энэ нь нэлээд өөрчлөгдсөн байдаг нь Sanctus дахь түүний давталтаас харагдана.
  • Agnus Dei — Моцартын ноорогоор Зюсмайер энэ найрал дууг дуусгасан.
  • Communio: —Introitus -ын бага зэргийн өөрчлөлттэй хувилбар ба текст өөрчлөгдөнө.
  • Lux aeterna — сопоранын гоцлол бүхий найрал дуу.
  • Сum sanctis tuis — найрал дууны фуга.

Ерөнхий тодорхойлолт

засварлах

Моцартын бага байхдаа бичсэн 20 орчим месса, зарим нэг жижиг хэмжээний сүмийн найрал дууны бүтээлүүдийг эс тооцвол тэрээр амьдралынхаа сүүлийн 10 жилд сүмд зориулан бичсэн цор ганц бүтээл нь c-moll-ийн Месса байсан юм. Зальцбургт байхдаа сүмийн захиалга байнга авч байсан үетэй харьцуулбал Венад амьдарч байсан тэр цаг үед сүмийн найрал дууны бүтээл туурвих шаардлага тэр бүр гарч байсангүй. Харин энэ удаа бол, түүний 1783 оны 1-р сарын 4-нд эцэгтээ бичсэн захидлаас үзэхэд хуримаа хийхийн тулд албан бус захиалга авсан гэжээ. Гэсэн ч зохиолоо бичсэнгүй орхисон аж. Харин 1791 оны зун реквием бичих захиалга авсан нь түүний орхигдсон зохиолыг дахин сэргээх боломжийг бий болгосон байна. Цаг хугацааны явцад хөгжмийн зохиолчийн хэв маяг өөрлөгдсөн гэдэг нь тодорхой бөгөөд агуулга болон хөгжмийн хэллэгийн хувьд бага залуу үеийн сүмд зориулсан бүтээлүүдээс ялгарч байдаг юм. Реквием бол ер бусын бүтээл гэдэг нь тодорхой бөгөөд Моцартын бага залуудаа бичиж байсан чадвар шаардах ари, хоршил үл харагдах аж. Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс флейт, гобой, кларнет, валторн зэрэг хөгжмийг хассан байдаг. Харин масоны агуулгатай холбогдуулан баргар, ид шидийн өнгө бий болгох зорилгоор бассетхорныг хэрэглэжээ.

Реквиемийн удирдвар

засварлах
  • Үлээвэр хөгжим: 2 бассетхорн(in F), 2 фагот, 2 труба, 3 тромбон(альт, тенор, басс)
  • Цохивор хөгжим: 2 литавр(in D, A)
  • Чавхдаст хөгжим: I, II хийл, альт, виолончель, контрбас.
  • Орган
  • Найрал дуучид ба сопрано, альт, тенор ба бас хоолойн гоцлоочид.

Цахим холбоос

засварлах
  Commons: Requiem (Mozart) – Викимедиа дуу дүрсний сан