Монгол уран бичлэг

2013 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг.

Монгол уран бичлэгээс
бүрдсэн хөшөө
Монгол уран бичлэгийн
хэв маяг

Анхны авианы бичиг өрнө зүгт дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болж, дорно зүгт Арамей, Сири, Согдоор дамжин Уйгур үсэг Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг. Үсгийн бүтэц нь цөөхөн зурлагатай, нэг үсэг нь үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт гурван янзын дүрсээр тэмдэглэгддэг. Бичих онцлог нь үсгийн зурлагуудаа хооронд нь залгаж үг бүтээж бичдэг.

Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг билээ. Уран бичлэгийн үндсэн хэлбэр эртний тиг, хичээнгүй тиг, (албан ёсны бичлэг) гүйлгэн тиг, таталган тиг, эвхмэл тиг, (дугуй эвхмэл, дөрвөлжин эвхмэл) тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг.

Бидэнд олдож байгаа монгол уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан, Есүнхэй мэргэний 335 алдад харваж оносныг алдаршуулан босгосон чулуун дээрх таван мөр, эртний тигээр сийлсэн бичээсийг 1224 онд бичигдсэн гэж эрдэмтэд үздэг.

Монголчууд түүхэндээ монгол бичгээс гадна “Хятан бичиг”, Пагва лам Лодойжалцаны 1269 онд зохиосон “Дөрвөлжин бичиг”, Зая бандид Намхайжамцын 1648 онд зохиосон “Тод бичиг, Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон “Соёмбо бичиг”, “Хэвтээ дөрвөлжин бичиг, Ханчен Агвааны 1905 онд зохиосон “Вагиндра бичиг”,“Латин бичиг” зэрэг үсэг бичгийн тогтолцоог хэрэглэж байв. Эртний монгол үсэгтэй дурсгал 1267 оны Абага ханы захидал, 1289 оны Аргун ханы захидал, Өлзийт ханы захидлууд болон гадаадын улс оронд хадгалагдаж байгаа нэн ховор дурсгалууд олон байдаг.

Монголын түүхэнд XII зууны үеийн уран бичлэгийн нэртэй уран бичээч Чингай, Тататунга, Шихихутуг гэх мэт. Монгол даяар алдаршсан Эрхэмийн аймгийн Шагдар, Вангай аймгийн Наваан, Жасын аймгийн Лувсанжамц гээд хичээнгүй сайхан, хурдан бичдэг, гайхамшигтай хүмүүс байжээ. Богд хаант Монгол улсын эхэн үед яаралтай мэдээг Сэцэн хан аймгийн Дашням гүн морины хурдаар довтолгон явахын зуур бичиж дамжуулж байсан гэдэг. 1911 онд шар торгон дээр уран бичсэн захидал дээр соёмбо үсэг, монгол үсэг, дөрвөлжин үсэг сийлсэн улаан үсэгтэй тамга дарсан захидал бидэнд өвлөгдөж үлдсэн билээ.

Эртний монгол уран бичээчид эхний бичсэн мөрийн бэх нь хатаагүй байхад, дараагийн мөрийг бичиж дуусгах, амьсгалаа тохируулж нэг амьсгаагаар бичих, жигд хэмнэлээр олон хуудас тасралтгүй бичих, өнгө өнгийн бэхээр алаглан бичих, нэг дусал бэхээр ч урлан бичдэг. Уран бичлэгээр бийрийн эрдэмд суралцсан бичгийн эрдэмтэд нэг үгийг 10,000 удаа бичиж байж сая сайн бичээч болдог гэлцдэг. Иймээс бийрээр хичээнгүй сайхан бичихэд сэтгэл оюун, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нэн чухал байдаг.

Монгол уран бичээчид ном судраа бүтээхдээ өөрсдөө бийрээ урлан хийдэг байсан. Туулай, шилүүсний чихний үзүүрийн үс, алаг даага, гахайн сэрвээний, үхрийн чихний дотор талын үс, солонго, тарвага, зурам, хэрэмний сүүл, адууны дэл зэрэг монголын нутагт амьдардаг амьтдын үсээр бийрээ үслэдэг байжээ. Цаасыг том хэмжээтэйг нь морин цаас, жижгийг нь хонин цаас гэж нэрлэдэг. Хийгдсэн материалаар нь улаалжин, хулсан, хөвөнлөг, идээлсэн цаас , муувин, бидэрт цаас, цаваг цаас, зориулалтаар нь дөрөвт цаас, зургаат цаас, мөн гарал үүслээр нь Солонгос, Нанхиад, Төвд, Япон, Орос цаасыг ашигладаг байжээ.

Монгол уран бичлэгийн урлагийг Жалайр Д.Батбаяр, Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Б.Элбэгзаяа болон Г.Аким нарыг нийтэд түгээн дэлгэрүүлсэн уран бичээч, сэтгүүлчдийн төлөөлөгчид гэж үздэг. Монголын төрийн бус байгууллага болон Монгол хэл соёлын сургуулийн судлаачид, уран бичлэгийг бие даан суралцагч 150 гаруй гишүүд “Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо”, “Ас” уран бичлэгийн төв, “Бичиг соёл төв” нь монголын уран бичлэгийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, төлөвлөгөөг хэрэгжүүлж, зохион байгуулан ажиллаж байна.

Монголын “Хүмүүн бичиг” сонингоор монгол уран бичлэгийн судалгаа, үзэсгэлэн бүтээл, заах арга, ярилцлага зэргийг монгол бичгээр ерөнхий боловсролын сургуульд мэдээлэл, мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлдэг. 2006 оноос “Бичиг соёл төв” монгол уран бичлэгийн “Бичиг соёл” нэртэй үзэсгэлэнг залуу уран бичээчдийн дунд жил бүр гаргаж, энэ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. ”Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо” 2007 онд байгуулагдаж залуу уран бичээч, суралцагчдыг дэмжих зорилготой “Шинэ цас” нэртэй үзэсгэлэнг нийт уран бичээчдийн дунд жил бүр зохион байгуулдаг.

Монголын үндэсний түүхийн музей, Түүхийн төв архив, Монголын үндэсний төв номын сан, Монгол улсын их сургуулийн дэргэдэх монгол хэл соёлын сургууль зэрэг байгууллагууд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд Монгол уран бичлэгийг нэр дэвшүүлэх ажилд туслалцаа үзүүлэн бичиг соёлын дурсгалууд болон ном судруудаа үзүүлж дэмжин ажиллалаа.

Эшлэл засварлах

Уран бичлэг 10 жилийн дараа Монгол Улсад мэргэжлийн хэмжээнд хөгжсөн урлаг болно