Монгол улс дэлхийн хоёрдугаар дайны үед

1935-1945 онд монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ. Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн- Тамсагбулагийн төмөр зам (380км), Улаанбаатар- Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үйлдвэр байгуулжээ. Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтөд үзүүлж 1936 онд байгуулсан “харилцан туслалцах протокол” дахь үүргээ биелүүлжээ.

ЗХУ-д адуугаа БНМАУ-ээр илгээх

Эх орны дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “ Хувьсгалт монгол”,Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэсэн.Мөн 485 мянган морь худалдаж 32.5 мянгыг бэлэглэж нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ. Монголын ард түмний бэлгийг баруун, баруун хойд фронт, Украйны 1-р фронт, Калинин болон Волоховын фронтод бүгд 6 удаа хүргэн өгчээ. Монголд сууж байгаад фронтод дайчлагдсан Оросуудын ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож байв Улаан Арми, хүн амын хангамжинд АНУ-аас нийлүүлэгдэж байсан 665 мянган тонн махан консерв томоохон үүрэг гүйцэтгэж байлаа. Гэвч Монгол улс тэдгээр жилүүдэд ЗХУ-д бараг 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 800 мянган хагас үгээгүй монголчууд (БНМАУ-ын хүн ам тэр үед яг тийм тоотой байлаа) дэлхийн хамгийн баян, хамгийн том орны нэгээс яльгүй бага хэмжээтэй мах нийлүүлсэн юм. Тусгай анчид гарган зээр, гахай агнаж Зөвлөлт цэргийн хүнсэнд нийлүүлж байв. Дайны бүх жилүүдийн турш Монголын тал нутгаас манай оронд өөр бас нэг стратегийн бараа нийлүүлэгдэж байсан нь ноос байв. Ноос гэдэг бол юуны өмнө цэргийн шинель байсан бөгөөд тийм шинельгүй байсан бол Дорнод Европын окопуудад бүр зуны цагт ч амьд үлдэх боломжгүй байсан юм. Тэр үед бидэнд АНУ-аас 54 мянган тонн, Монгол улсаас 64 мянган тонн ноос тус тус нийлүүлэгдсэн юм. 1942-45 онуудад Зөвлөлтийн таван шинель бүрийн нэг нь “монгол” байлаа.

Түүнээс гадна Монгол улс арьс шир, ангийн үсний хамгийн чухал эх үүсвэр байсан юм. Үстэй хагас дээл, үстэй малгай, бээлий болон эсгий гутлын нийлүүлэлт аль дайны анхны жилийн намраас эхэлсэн юм. 1941 оны 11 –р сарын 7 гэхэд Москвагийн дэргэдэх сөрөг тулалдаанд бэлтгэж байсан зөвлөлтийн явган цэргийн хэд хэдэн дивизийн цэргүүд монголын өвлийн хувцсаар бүрэн хувцасласан байсан юм.

Дайны жилүүдэд ЗХУ-д олдож байсан гянт болдын цорын ганц үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөц нь Монгол улсад байсан юм. Гянт болд бол дэлхий дээрх хамгийн хайлц муутай металл бөгөөд түүнгүйгээр германы “пантер” (ирвэс) болон “тигр”(барс) –үүдийн хуягийг нэвт цохих чадвартай сум үйлдвэрлэх боломжгүй байлаа.

Улсын нийт төсвийн хагас нь Батлан хамгаалалтад шингэж байв.

Герман дарагдсан ч Япон эсэргүүцэн байлдсаар байсан тул дайны галыг унтраах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өөрийн орны аюулгүй байдлаа хангах, 1936 оны “харилцан туслалцах протокол” ёсоор зөвлөлтөд туслах үүднээс 1945:8:10-нд Японд дайн зарлав. Монголын 5,6,7,8-р морьт дивиз, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химмйн инженерийн тусгай салбар, хилийн цэрэг, сайн дурын морьт отрядууд “Зөвлөлтйин өвөр Байгалийн фронт”-ын “өмнөд бүлэг”-т багтан орсон. Манай зэвсэгт хүчнийг Маршал Чойбалсан, дэслэгч генерал Лхагвасүрэн нар удирджээ.

1945:8:9-нд Долоннуур- Жэхэгийн чиглэлд давших хүч хил давж дайсны эсэргүүцлийг няцаан Шеншингийн овоо, Шанага, Ар цагаан нуур, Янду сүм, Тасын овоог чөлөөлж 13-нд Далай нуурт хүрчээ. Тэндээс Цахарын 150км урт цөлийг туулж Долоннуурыг эзлээд (хилээс 450км-т) цааш давшив. МАХЦ-ийн 5,7-р дивиз Оросын цэргийн хамт 8:17-нд Фынин, 20-нд Саньчакоу, 21-нд Луньхуаг эзлэв. МАХЦ-ийн 7,8-р дивиз Орос цэргийн хамт 8:20-нд Жэхэг авав. Эндээс 8000 гаруй цэрэг, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 танк, 300 машин, 42 агуулах олзолж Манжуур дахь Квантуны армийг умард Хятад дахь баазаас нь таслав. 6-р дивиз 8:21-нд Аньзятуныг эзлээд, Гуйбэйкоу орчим (хилээс 1010км орчим) 5-р дивизтэй нийлэв. Цааш давшин Японы үлэмж хүч бөөгнөрсөн Миюньд 8:22-нд тулав. 8:9-нд Замын- Үүдээс Чуулалт хаалга зүг хөдөлсөн Монгол Орос цэргүүд Япон, Өвөрмонголын анги салбарыг устгаад цааш давшин Нянзан хотыг эзлээд 8:11-нд Баруун Сөнид, Вангийн хүрээг (хилээс 200 км) чөлөөлөв. Цааш давшин Завсар (8:13), Жанбэй (8:18) эзэлснээр Жанчхүүд тулав. Хилээс 560км-т орших Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох замыг халхалсан Японы гол түшиц байлаа. Тэрхүү “Давагдашгүй цайз” болсон бэхлэлтийг МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн 7-р хуягт бригад, Зөвлөлтмийн 27-р мотобуудлагын бригад 3 хоног ширүүн байлдсаны эцэст эвдэн 8:21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ. Энэ дайнд 78 монгол хүн алагдаж улсаас 200 гаруй сая төгрөгийн хохирол гарчээ. Нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-г нь монголчууд олзолсон байна.