Монгол орны усны нөөц

Монгол орны усны нөөц нь гадаргын болон газрын доорх усны нөөцөөс бүрдэнэ. Гадаргын усны нөөц нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй. Ялангуяа говь цөл, хуурай хээрийн бүсэд гадаргын ус нь ан амьтдын байршилтыг тодорхойлогч хүчин зүйл байдаг. Гадаргын усанд гол мөрөн, нуурын ус, мөнх цас, мөсөн гол, тусгай зориулалтаар байгуулсан усан сан, намаг, горхи, булаг шанд зэрэг хамаарагдана.

Газрын доорх усны нөөц гэдэг нь газрын хөрсний завсар зай, хурдас чулуулгийн ан цав зэрэгт орших усны нөөц юм. Газрын доорх усны нөөц нь агаар мандлын болон гадаргын усны нөөцтэй ямар нэгэн хэлбэрээр холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл гадаргын усны бохирдол нь гүний усыг бохирдуулах шалтгаан байх боломжтой юм.

Газрын доорх усыг орших гүнээс нь хамааруулан өнгөн хөрсний ус, гүний ус гэж ялган үзэж болох юм. Хөдөөгийн малчдын гар аргаар гаргасан худгуудын олонх нь өнгөн хөрсний ус байдаг. Өнгөн хөрсний усны нөөц тогтвортой бус билээ.

Монгол орны усны нөөц жигд бус тархалттай. Говийн бүсэд нэг хүнд ноогдох усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага байхад энэ үзүүлэлт хангайн бүсэд дэлхийн дундаж болон дунджаас их байна.

Говь цөлийн бүсэд жилийн бүх улиралд хур тунадас багатай тул гадаргын уст цэгүүд ховор тохиолдоно. Булаг шанд нь говь цөлийн бүсийн ан амьтдын байршилтыг тодорхойлогч нь болдог учраас уул уурхайн нөлөөллөөс булаг шандыг хамгаалах, дахин сэргээх нь байгаль хамгааллын эн тэргүүний арга хэмжээ байх болно.