Монгол орны амьтны аймаг

Амьтны аймаг нь экосистемийн онцлог бүрэлдэхүүн хэсэг юм. Амьтад нь хүний үйл ажиллагаатай холбоотой орчны сөрөг нөлөөлөлд мэдрэмтгий бөгөөд зохисгүй нөлөөлөл үүсэхэд дайжих чадвартай.

Монгол орны амьтны аймаг нь тус оронд суурин амьдрах, мөн нүүдлийн зусаж үрждэг, өвөлждөг амьтдаас бүрдэнэ. Дулааны улиралд амьтдын зүйлийн бүрдэл болон тоо толгой эрс нэмэгдэнэ. Амьтны аймгийн зүйлийн бүрдэл, тархац байршилт байгалийн бүсүүдээр ялгаатай. Тухайлбал Монгол орны ойт хээр, хээрийн бүсэд дагуур зараа тархсан байх бол говь цөлийн бүсээр дэлдэн зараа тархсан байдаг.

Монгол оронд 13000 орчим зүйлийн шавж бүртгэгдсэн. Экосистемийн оршин тогтноход бусад амьтдын адил шавжууд оролцоно. Шавж байхгүй бол цэцэгт ургамлын олон зүйл үр боловсорч чадахгүй мөхөхөөс гадна, шавжууд нь олон зүйл амьтдын идэш тэжээл болдог байна.

Монгол орны загас болон усны амьтдын оршин амьдрах гол орчин бол гол мөрөн, томоохон нуурууд юм. Монгол оронд 70 гаруй зүйлийн загас бүртгэгдсэн. Уул уурхайн компаниудын зохисгүй үйл ажиллагаа нь томоохон голуудын уусыг бохирдуулж, загасны тоо толгойд сөргөөр нөлөөлж байна. Загас нутагшуулах ажлыг хийхдээ тухайн ай савд тархсан загасны зүйлүүдээс сонгох нь зүйтэй.

Монгол оронд 6 зүйлийн хоёр нутагтан, 21 зүйлийн мөлхөгчид бүртгэгдсэн ба хоёр нутагтан амьтдын үржил, хөгжилд усан орчин шаардлагатай тул томоохон гол мөрөн, нууруудын орчимд тархсан байдаг. Харин могой, гүрвэл зэрэг мөлхөгч амьтдын олонхи нь говь цөлийн бүсэд тархжээ. Хоёр нутагтан болон мөлхөгч амьтад нь байгаль орчны өөрчлөлт, орчны бохирдолд мэдрэмтгий амьтад юм.

Монгол оронд нийт 476 зүйл шувуу бүртгэгдсэнээс: суурин өвөлждөг - 45 зүйл(6%), тохиолдлоор таарах – 67(8%), суурин өндөглөдөг – 91(12%), нүүдлийн өндөглөдөг буюу үрждэг – 263(33%), нүүдлийн дайрч өнгөрдөг – 329(41%) зүйл байна.

128 зүйлийн хөхтөн амьтад бүртгэгдсэнээс олонхи зүйл нь хууль бус, хэт агналтын улмаас тоо толгой нь эрс цөөрсөн. Зүй зохисгүй агнуур, амьдрах орчны доройтол, хуваагдал, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөллөөс болж олон зүйлийн ан амьтдын тоо толгой буурч байна. Олон улсын жишгээр тухайн улсын хэмжээнд “устаж байгаа”, “устаж болзошгүй” байдалд орсон амьтан, ургамлын зүйлүүд, тэдгээрийн амьдрах орчинг хамгаалах тал дээр байгаль орчны болон уул уурхайн байгууллагууд сайн хамтран ажиллах хэрэгтэй байна.