Гэр
Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хурдан барьж, буулгадаг, хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж мөн ялган үздэг. Гадна төрх, хэлбэр, чимэглэл зэргээр ялгагдах боловч үндсэн зарчим бөгөөд бүрдэл адил байдаг.
Монгол гэрийн төрөл
засварлахМонгол нутагт эртнээс нааш нүүдэлчин овог аймгууд оршин амьдрах хугацаандаа тухайн цагийн байдлаас шалтгаалж олон төрлийн хэлбэр загвар бүхий гэрт амьдран суусаар ирсэн.
Үүнд:
- Эрүкэ(нүхэн гэр)
- Урц
- Алачуг
- Өвсөн эмбүүл
- Бургасан гэр
- Дэглэй гэр
- Хошлог
- Жолом
- Гишгүүр гэр
- Шалан гэр
- Зараан тов
- Сүйжин гэр
- Булгаасан гэр
- Холтсон гэр
- Тэрэгт гэр/Гэрлүг
- Орд гэр
- Өргөө гэр
Харин Монгол гэрийг аймаг угсаатны онцлогтой төрлөөр нь Монгол нүүдэлчдийн тайлбар тольд[1] дараах байдлаар хувааж байна.
- Барга гэр
- Буриад гэр
- Дөрвөд гэр
- Дарьганга гэр
- Ордос гэр
- Өөлд гэр
- Урианхай гэр
- Үзэмчин гэр
- Торгууд гэр
- Халх гэр
- Хамниган гэр
- Хорчин гэр
- Хотон гэр
- Хошууд гэр
- Казах гэр
- Дархад гэр
Монгол гэрийн хээ угалз
засварлахМонгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй энгийн гэсэн 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж хэсэг ногоон байдаг байна.
Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз, үүлэн угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, бэлгэдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
Монгол гэрийн бүтэц
засварлахГэр нь яс мод болон туурга бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.
Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг оньсон байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, тээвэрлэхэд хялбар, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин хана болон задлаад босгоход хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж олжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд, эсгий бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
- Гэрийн мод
- Хана
- Хаалга
- Тооно
- Багана
- Унь
- Шал
- Гэрийн бүрээс
- Цаваг
- Дээвэр
- Туурга
- Гэрийн гадуур цагаан бүрээс
- Өрх
Тэрэм (хана)
засварлахГэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10, 12) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн хаалгатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан мөлгөр шовх үзүүртэй байдаг. Ханыг хооронд нь дээсээр холбож бэхлдэг. Унийг сагалдаргаар нь ханатай холбодог байна.
Хаалга
засварлахЭртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа унжуулсан ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед буюу 18,19-р зуунаас модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
Монгол гэрийн хэмжээ
засварлахМонгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5, 6 ханат гэр болно. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо гурван янз байдаг ба бага, дунд, их таван ханат гэх мэт байх бөгөөд бага таван ханат нь ихээсээ арваад униар цөөн байдаг. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ. Жишээ нь: Их 5 ханатай гэрийн Талбайн хэмжээ: 31,15мкв Голч: 5,8м байдаг.Тооно 150см, унь 2,4м байдаг.
Монгол гэр цагийн үүрэг гүйцэтгэх нь
засварлахМалчид үнээ малаа саах, хонь бэлчээх, хотлуулах зэрэгт гэрийнхээ тооноор туссан нарны тусгалаар цагийг баримжаалдаг заншилтай юм. Геометрийн харьцааг практикаар сайн мэддэг ардын гар урчууд угсрахад тохирох нарийн тогтоосон хэмжээтэйгээр гэрийн мод зохион хийжээ. Гэрийн тоононы углуургын тэнхлэгийн хоорондох зай тогтмол байх учраас бариастай гэрийн хананы толгойны хоорондох зай, толгойны тэнхлэгийн хоорондох нумны урт, түүнд харьцангуй тогтмол байдаг байна. Ер нь гэрийн голчийг тоононы голчид, унины уртыг тоононы радиуст, баганы өндрийг хаалганы өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг.
Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг.
Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгаж цагийн зайг тодорхойлдог байжээ.
Монгол гэрийн доторх горим ёс
засварлахГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.
Монгол гэрийг барих, буулгах
засварлахМонгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал, шал тавих, хаалга босгох, хана дугуйлах, дотуур бүслүүр татах, тооно, багана босгох, унь өлгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, гадуур бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай байдаг байх нь.
-
Дээврийн моднуудыг (унь) бэхэлж байгаа нь
-
Дээврийн дотуур нимгэн бүрхэвчийг бүтээсэн байгаа нь
-
Эсгий бүрхэвчийг тавьж байгаа нь
-
Дээврийн гадуур нимгэн бүрхэвчийг бүтээсэн байгаа нь
-
Бүрхэвчүүдээ бэхэлж зангидаад, гэр барьж дуусч байгаа нь
Цахим холбоос
засварлахWiktionary: Гэр – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- ↑ Монгол хэл соёлын хүрээлэн. Монгол нүүдэлчдийн тайлбар толь. УБ., 2014.т.34. ISBN 978-99973-1-049-1