Монгол бөөгийн шашны үүсэл хөгжил

Бөөгийн шашны түүхийг судалсан эрдэмтэд түүнийг Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр иржээ. 1959 онд Ч. Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөөгийн шашны түүхийг дор дурдсан таван үед хувааж үзсэн байна. Үүнд:

  1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны үүсэл үе”
  2. VII зуунаас Монгол Улсынхаа нэрийг “Юань” хэмээсэн 1271 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны хөгжил үе”
  3. 1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны буурал үе”
  4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе“
  5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг “Монгол бөөгийн шашны устлын үе” хэмээн үечилсэн байдаг.

Түүхч Г. Сүхбаатар Монголын “бөөгийн шашны хөгжлийн дээд шат болох мэргэшлийн бөө хүннү нарт нэгэнт буй болжээ” гэсэн дүгнэлтийг Хүннүгийн нийгэм, эдийн засаг, төрийн түүхийг судлах явцдаа гаргасан.

Монгол бөөгийн шашны үүсэл

засварлах

Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Тэгэхдээ хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна. Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл буй болж … харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Бөө мөргөл анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүний өмнөх үеийн сүсэг бишрэл болох маги, тотем, фетишизмийн үндсэн дээр буй болсон юм” гээд “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. Ийнхүү тайлбарласнаар бол Монголын бөөгийн шашин урьд нэгэнт буй болсон сүсэг бишрэлийн суурин дээр хүрэл төмрөөр хөдөлмөрийн багаж зэвсэг хийдэг болж, эцгийн эрхт ёс бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явц дундуур буюу өөрөөр хэлбэл нийгэмд баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч зонхилогчдийн эрх мэдэл эрс өссөн үед анх үүсэж буй болжээ хэмээн үзэж болохоор байна. Гэтэл Х.Буянбат “Монголын бөөгийн шашны учир” –таа “Монголын бөөгийн шашин бол балар эртний нийгмийн эхийн эрхт овог төрлийн байгууллын үеэс эхэлж үүсэн бүрэлдсэн юм.” гэжээ.

Монголын эрдэмтэд сүүлийн дөч шахам жилд бөөгийн шашныхаа үүссэн цаг үеийг тодорхойлохдоо: эхэн үедээ бөөгийн шашин анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүссэн хэмээн үзэж байсан бол сүүлдээ эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж лавшруулан үзэх болжээ. Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн болов уу гэсэн энэ санаа 8-р зууны үед монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийлж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж …сүсэглэн бишэрдэг байсан” гэж бичсэн болон “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, цусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Эдгээр домгууд нь бөөгийн шашин анх эхийн эрхт ёсны үеийн онгон шүтээнээс буюу эмэгтэй хүнийг илүү хүндэлж байсан үеэс эх улбаатай гэдгийг өгүүлсэн хэрэг болой.

Иймээс ч Монголын бөөгийн шашинд эхийн эрхт ёсны үеийн бишрэлийн уламжлал болох Чингис хааны охин хэмээн алдаршсан Агуйн цагаан ээж, эдүгээгийн Казахстаны Семиплатинск хотын орчим байдаг Хонь майлахын даваан дээр хотгор алаг хуяг хувцсаа хаясан домогтой Соёд ээж, тэнгэрээс төрж энэ дэлхий дээр төмөр өлгийтэй бууж ирсэн гэгдэх “Хярын их юм” буюу Билгээ удган, Манж Чин улсын дарангуйллын эсрэг заалдан тэмцэж явсан домогтой хожим ”Агарын хайрхан” хэмээн алдаршсан Баглаан зарагч гэх мэт удган хүмүүсийн онгон сахиус үлдсэн байна. Тэгэхээр хуучин чулуун зэвсгийн үе гэдэг нь Монгол улсын түүхч, эртний судлаачдын батлан тогтоосноор эдүгээгээс 12-73 мянган жилийн тэртээх, шинэ чулуун зэвсгийн үеийг нь 7000-5000 жилийн өмнөөс эхлэн тооцож болох юм.

Хар зүгийн бөө

засварлах

Энэ тухай өгүүлэхийн өмнө ертөнцийн зүг чиг түүний өнгийг өвөг дээдэс маань хэрхэн ойлгож тайлбарлаж ирсэн талаар өгүүлсүү. Тухайн асуудлыг судлаачид авч үзэхдээ зөвхөн өнгөн талаас нь баруун ба өмнө зүгийг сайн зүг зүүн зүгийг муу зүг гэж үздэг хэмээн тайлбарласан байхад зарим нь үүнийг нарийвчлан чухам юуны учир дээрх зүгүүдийг сайн, муу зүг хэмээн үздэг болсон юм бэ гэдгийг тайлбарлах оролдлого хийсэн байна. Гэхдээ “Авгай гэсэн”–ийн туужийн утга агуулгад тулгуурлан “иймэрхүү утга агуулгатай үлгэр туульс, домог яриа нь бидний өвөг дээдэст баруун зүг бол сайн зүг, зүүн зүг бол муу зүг гэсэн ойлголтыг өгсөн бололтой” хэмээн дүгнэхэд хүргэжээ. Ингэж эртний үлгэр туульсад тулгуурлан сайн, муу зүгийн талаар батлан өгүүлэх нь судалгааг гүгзгийрүүлсэн сайн талтай боловч тэдгээр үлгэр туульс домгууд чухам аль үетэй холбогдох, бичмэл бол хэдийд ямар хүн бичмэл болгон бүтээснийг нарийвчлан судлахгүйгээр шууд ишлэх нь учир дутагдалтай. “Авай гэсэн”–д 99 тэнгэрийн тухай дурдсанаас үзэхэд ямарч гэсэн Гэсэр хааны (11-р зууны ) үеэс хойш барагцаалбал 17, 18-р зууны үед энэ туульс бичигдсэн байх. Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугийн эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлгэдэн (хар хэрэг, хар санаа гэх мэтээр) дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг “Номхон”, “Догшин” хэмээн хоёр ангилан үзэж, догшидыг бүхэлд нь “Хар тэнгэрүүд” хэмээн тахиж шүтэх болсон байна. Ийнхүү тахиж шүтдэг бүхнийг хоймрын голдоо байрлуулж, гал голомт, амь бие, эд хөрөнгөө түүнд даатган эзэмшүүлж иржээ. Эртний догшид – хар тэнгэрүүдээр хөллөж хүч авсан бөө нарын сүнсийг ч нэгэн адил “Хар онгод” хэмээн үздэг болно. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь “Хар зүгийн бөө” хэмээн нэрлэдэг байжээ.

Цагаан зүгийн бөө

засварлах

Монгол бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл буюу өөрөөр хэлбэл хатуу чанга ёсыг эрхэмлэдэг хар зүгийн бөө нарын нөгөө талд энэ шашны энэрэнгүй ёсны илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. Тэр үеэс Монгол бөө нарыг цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн хоёр ангид үзэж ирсэн байна. Ийнхүү Монгол бөөгийн шашин анх үүсэж бүрэлдсэнээс хойш наанадаж хэлэхэд 5000-аад жилийн турш Энэтхэг орноос үүсэлтэй бурхан багшийн сургаал зэрэг дорно дахины орнуудын олон янзын үзэл ухамсрын хэлбэртэй харилцан нэвтрэлцэж хөгжсөөр МЭӨ 209 онд анхны тулгар төрийн тулгын чулууг тавилцсанаар Монгол бөөгийн шашны түүхийн нэгдүгээр үе төгссөн байна.